sonin.mn

АБУЖА. /ВВС/. Нигерийн зүүн өмнөд нутагт сүүлийн хэд хоногт нэгэн “нууцлаг” өвчнөөр 18 хүн нас барсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Энэ өвчний тархалт тус улсын Ондо мужийн Оде-Иреле хотоос эхэлсэн бөгөөд хурдацтай тархаж байна.

Нүд бүрэлзэх, толгой өвдөх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс 24 цагийн дотор нас барж байгаа аж.

Яг ямар өвчин болохыг нь тогтоохын тулд Нигерийн эрүүл мэндийн албаны хүмүүс  болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд Оде-Иреле хотод ажиллаж байна.

Лабораторийн шинжилгээгээр уг өвчнийг “Эбола” болон өөр ямар нэгэн вирусийн гаралтай өвчин биш болохыг тогтоосон гэж хотын захиргааны албаны хүн хэлээд, үүнийг “нууцлаг” өвчин гэж тодорхойллоо.

ДЭМБ-ын төлөөлөгч Грегорий Хартлын хэлснээр, дөрөвдүгээр сарын 13-15-нд энэ нууцлаг өвчний шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн байна. Үл мэдэгдэх энэ өвчин төв мэдрэлийн системийг гэмтээж байгаа аж.

Г.Доржханд
 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг