sonin.mn

 Жил бүрийн тавдугаар сарын эхний сайн өдөр улс орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэдэг. Эл өдрийг угтан Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг 14 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Уралдааныг төрийн болон хувийн хэвшлийн ажилтан,  албан хаагч, ЕБС-ийн мэргэжлийн багш, их дээд сургууль, коллежийн оюутан, бүх нийтийн хүрээнд гэсэн ангиллаар явуулах юм.

Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар МУИС, Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл, Монгол хэл бичгийн багш нарын үндэсний холбоо, МУИС Пресс хэвлэлийн газар хамтран ажиллаж байна.

Зохион байгуулагчдын зүгээс Монголын ард түмний оюуны соёлын нандин өв болсон монгол бичгээ хадгалан хамгаалж, эзэмшин хэрэглэх, хойч үедээ өвлүүлэх ариун үйлс нь Та бүхний хичээл зүтгэл идэвх санаачилгаас хамаарах тул уралдаанд идэвхийлэн оролцож, мэдлэг чадвараа сорьж, удмын бичгийн соёлт монгол хүн гэдгээрээ бахархана гэдэгт итгэж буйгаа хэллээ.

Шалгарсан шилдэг гурван бүтээлд МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар сургууль, Монгол судлалын хүрээлэнгийн өргөмжлөл, мөнгөн шагнал, монгол бичгийн урыг илтгэсэн уран бичээчийн бүтээл гардуулах юм.

Уралдаанд оролцогчдыг энэ сарын 20-23-ныг дуустал МУИС-ийн хичээлийн II байранд бүртгэнэ.

Ж.Болор

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг