sonin.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.04.17/ хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэв.

Байнгын хороо энэ долоо хоногийн Мягмар гарагийн хуралдаанаараа үндсэн чиглэлийн батлан хамгаалах салбартай холбоотой асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн. Харин гадаад харилцааны чиглэлийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч салбарын сайд нь ирээгүйгээс уг асуудлыг хойшлуулаад байсан юм.

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогоос 14, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 80 арга хэмжээ тусгагдсан. Үндсэн чиглэлд тусгагдсан нийт 6 бодлого, 25 зорилт, 104 арга хэмжээний биелэлт 2014 оны жилийн эцсийн байдлаар 63.7 хувьтай гарч, өмнөх оныхтой харьцуулбал 3.4 пунктээр буурсан байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 104 арга хэмжээний 49 нь хөрөнгийн эх үүсвэртэй хэрэгжихээр батлагдсан. Харин 20 арга хэмжээ нь дутуу буюу хангалтгүй хэрэгжилттэй гэсэн дүнтэй байгааг дурдав.

Үндэсний аудитын газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 63.2 хувийн биелэлттэй гэж дүгнэсний зэрэгцээ үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар гаргасан зөвлөмждөө үндсэн чиглэлийг төлөвлөх, хэрэгжилтэд нь хяналт тавих, тайлагнахад зарчмын өөрчлөлт гараагүй гэж дүгнээд цаашид үндсэн чиглэлд тусгах зорилт, арга хэмжээний төлөвлөлт, түүнд тавих хяналт, хэрэгжилтийг тайлагнах, үнэлж дүгнэх талаар стандарт боловсруулж ажиллах, шалгуур үзүүлэлтийг оновчтой болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн гишүүд үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүд нь төсөвтэй уялддаггүй, хэрэгжилтэд нь тавих хяналт, тооцох хариуцлага тодорхойгүй явж ирсэнд шүүмжлэлтэй хандаж, цаашид үндсэн чиглэлийг төлөвлөх, хэлэлцэж батлах, тайлагнах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг онцолж байв. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн С.Оюун үндсэн чиглэлийг хэлэлцдэг, баталдаг эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл санаачилбал дэмжих эсэхийг толдруулахад Засгийн газрын гишүүн С.Баярцогт Төрийн байгуулалтын байнгын хороогоор үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэх явцад ийм агуулгатай санал бас гарсан, энэ саналыг дэмжиж байгаа гэдгээ хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар хэлэлцдэг цаг хугацааг эргэн харж ирэх оны төсөвтэйгөө хамт хэлэлцдэг байх нь зөв, гишүүн Л.Цог үндсэн чиглэл нь Үндсэн хуулиар заагдсан асуудал учраас түүний төлөвлөлт, хэрэгжилт, ү дүнд ач холбогдол өгч нухацтай хэлэлдцэг байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Байнгын хорооны хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Н.Номтойбаяр, М.Батчимэг нарын гишүүд гадаад өр зээлийн асуудалд байнгын хороо анхаарлаа хандуулж холбогдох байнгын хороодтой хамтарсан ажлын хэсэг гарган ажиллуулж санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх санал гаргав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл тус байнгын хорооноос Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх санал, дүгнэлтэд гадаад өр зээлийн асуудал улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрч болзошгүй байгаад анхаарч тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж тусгахыг санал болгосон юм. Энэ саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд 2017, 2022 онуудад бондын төлбөрийг төлөхтэй холбогдсон нэмэлт ачаалал улсын төсөв дээр ирнэ. Иймээс энэ төлбөрийг төлж барагдуулах менежмент, төлбөрийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудалтай холбогдуулан Засгийн газар, Монголбанк болон холбогдох бусад байгууллагуудыг оролцуулан Байнгын хороогоор асуудлыг хаалттай горимоор нухацтай авч хэлэлцэж тодорхой санал, дүгнэлт гаргах нь зүйтэй юм гэсэн санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.

Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтдээ гишүүдийн гаргасан саналыг тусгаж Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.