sonin.mn
 
 
-Ерөнхий сайд асан С.Баяр хаана байгаа вэ. Таньтай холбогдож байгаа юу?
 
-С.Баяр даргатай байнга холбоотой байгаа. Саяхан Герман руу ажлаар явсан байгаа.
 
-Та УИХ-ын гишүүн Г.Уянгын С.Баярын талаарх мэдээллийг үзсэн, сонин хэвлэлээс уншсан байх. Тэрээр энэ талаар өөрөө мэдэж байгаа болов уу?
 
 -Би Сүхбаатар аймагт ажлаар явж байгаад өнгөрсөн шөнө ирлээ. Ийм мэдээлэл гарсан байна гээд С.Баяр даргад тэр өдөр мэдээлэл өгсөн. Өөрөө бас танилцаж байгаа байх. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдээлэл өгнө гэж байсан. Өгсөн байх гэж бодож байна.
 
-Таны хариуцаж байгаа Зөвлөхүүдийн танхимын гишүүний талаарх мэдээллийг уншаад юу гэж бодсон бэ?
 
-Улс төр ямар нэгэн сенсац гүйгээр сонирхолгүй биз дээ. Тэр тусмаа С.Баяр шиг том улстөрч, дээр нь сонгууль ойртож байгаа, бас “Оюутолгой”-гоор популизм хийж байгаа үед ийм сенсац хийх нь хэн нэгэнд ашигтай байлгүй яахав. С.Баяр гэдэг хүний ард МАН гэдэг том улс төрийн хүчин байна. Үнэн хэрэгтээ ийм олон байшин, тэрбум ам.доллараар хэмжигдэх байшин барилга манай С.Баярт байтугай Барак Обамад ч байхгүй байлгүй дээ. Үнэнээ хэлэхэд уншаад, хэвлэлийн бага хурлын мэдээллийг сонсоод инээд хүрч байлаа.
 
-Зарим хүн үүнийг С.Баяр “Оюутолгой”-н гэрээ хийхдээ авсан мөнгөөр гадаадад олон байшин худалдаж авсан хэмээн хардаж байх шиг байна. Та тэр үед С.Баярын танхимын дэд сайд байсан. Энэ талаарх таны бодол...
 
-Би хувь хүний хувьд “Оюутолгой”-н гэрээг муу болсон гэж хэлэхгүй. Гэхдээ аливаа юманд засч залруулах зүйл байлгүй яахав. Энэ гэрээг ганц С.Баяр хийгээгүй. Олон хүний, манай урьдаа барьдаг мэргэжилтнүүдийг оролцуулсан томоохон баг боловсруулж хийсэн шүү дээ. Би өөрийнхөө хариуцаж байсан ХАА-н салбарын талаар ярихаас биш мэдэхгүй уул уурхайн салбар руу ороод худал мэдэмхийрээд байх нь зохисгүй.
 
-Орон нутгийн иргэд энэ талаар асууж байв уу?
 
-Би аймаг болон сумдаар ажиллаж олон ч иргэнтэй уулзлаа. Малчид сайн мэдээлэлтэй байдаг юм байна. Бас твиттер, фэйсбүүкээр ордог хүн олон болжээ. Энд итгэж, ач холбогдол өгч байгаа хүн алга. Бүгдээрээ сонгуулийн кампанит ажил эхэлжээ гээд тоглоом шоглоом болгон ганц С.Баярт хэдэн байшин хэрэгтэй юм бэ гээд инээлдэж байна лээ. Ямар ч байсан таатай нөлөө үзүүлээгүй бололтой. Ард түмнийг тэнэг гэж бодоод байгаа юм уу, ийм мэдээлэлд хэн итгэдэг юм бэ гэж хэлж байв.
 
-С.Баяр эх орондоо хэзээ ирэх вэ. Таньд мэдээлэл байна уу?
 
-Дарга тун удахгүй ирнэ. Ирсний дараа хэвлэл мэдээллээр дамжуулан дэлгэрэнгүй тайлбар өгөх байх аа.   
 
Л.Оюу