sonin.mn
 
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн  БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд энэ сарын 1-ний өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тэй албан ёсны хэлэлцээ хийн,  айлчлалын  агуулга, албан ёсны  хэлэлцээрийн явцын талаар үг хэлж,  сэтгүүлчдийн  асуултад хариулав.
 
Хоёр улсын  Гадаад хэргийн сайд  нар өнгөрсөн оны 8 дугаар сард  БНХАУ ын  дарга Си Зиньпиний  Монгол Улсад  хийсэн түүхэн айлчлалаар хоёр орны төрийн тэргүүн нар  талуудын харилцааг  иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэсэн. Энэ удаагийн уулзалт, хэлэлцээрээр  талуудын  хооронд бодит хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар санал бодлоо солилцож байна. Хэлэлцээрийн асуудал өргөн хүрээг  хамран, найрсаг уур амьсгалд үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байна хэмээн санал нэгтэй илэрхийээ.
 
 
 
 
Монгол Улсын Гадаад хэргийн сайд  Л.Пүрэвсүрэн,  Монгол, Хятад  хоёр улсын харилцаанд улс төрийн хувьд шийдэгдээгүй, шийдэх боломжгүй асуудал оршдоггүй нь  харилцааг эдийн засаг худалдааны  чиглэлд  өргөжүүлэх таатай суурь болдог юм. Энэ хэлэлцээрээр бид эдийн засгийн харилцааг  өргөжүүлэхэд анхаарч  байна. 
БНХАУ-ын  санаачилсан “Нэг бүс, нэг зам”,  “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг Монгол улс идэвхтэй дэмжиж, идэвхтэй оролцогч байхыг зорьж байна. БНХАУ, ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх чухал санаачлагад Монгол улс идэвхтэй оролцон, Монгол Улсын дэвшүүлж буй “Талын зам” санаачлагатай уялдуулах талаар сонирхлоо илэрхийлэн, хамтран ажиллах хэлбэрийн  талаар ярилцаж байна. Өнгөрсөн жилийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын үр дүнд  дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд хийсэн, үүнийг бодит хамтын ажиллагаа болгох, механизмыг бий болгох, холбогдох төслүүдийг  эхлүүлэх талаар тохирлоо. Мөн боловсрол, хүмүүнлэгийн салбарын солилцоог үргэлжүүлэн хөгжүүлэхээр тохирч байна. Энэ удаагийн айлчлал 2015 онд хэрэгжих өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын эхлэл юм. Энэ нь  улс төр, эдийн засгийн харилцааны суурь болдог, цаашид хоёр талын  харилцаа улам өргөн хүрээнд үр дүнтэй үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн  байна гэлээ. 
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ,  Си Зиньпин даргын айлчлалын  үр дүнг хэрэгжүүлэх нь 2 талын айлчлалын хамгийн чухал зорилт болгох талаар санал нэгдээд байна. Хоёр улсын өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, бие биеийн язгуур эрх ашгийг хөндсөн асуудалд харилцан ойлголцлын түвшинд ажиллана. Хятадын талын “Торгоны замын эдийн засгийн бүс”  Монголын талын “Талын зам” санаачлагуудыг уялдуулан  хөгжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн хамтын ажиллагаа талуудын худалдаа эдийн засгийн харилцааг тэргүүлэх чиглэл болгох, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүтээн байгуулалтыг эхлүүлэн, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг наашлуулах,  парламент, засгийн газар, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарын  солилцоог улам  идэвхжүүлэхээр тохиролцоод байна. Хятад, Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж 2020 он гэхэд худалдааны бараа эргэлтийг 10 тэрбум долларт хүргэхийн төлөө хамтран ажиллах болно. Талууд олон улсын  болон бүс нутгийн асуудалд хамтран ажиллахаар тохирсон.  Холын саднаас ойрын хөрш гэдэг,  талуудын хамтын хүчин чармайлтаар Хятад, Монголын  харилцааг шинэ түвшинд гаргана хэмээн  найдаж байна гэв.
  
Монгол, Хятад хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Хятад, Монгол, Орос гурван  улсын хамтын ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх, Дэлхийн 2-р дайны ялалтын 70-н жилийн ойг тэмдэглэхэд  хэрхэн хамтран ажиллах талаар сэтгүүлчдийн асуултанд хариулав.
 
Хятадын  ССТВ-ийн сэтгүүлч:  Хятад, Монгол, Орос улсын  төрийн тэргүүн нар өнгөрсөн оны 9 дүгээр сард анх удаа уулзсан. Энэ оны 3 дугаар сард  гурван улсын гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалт Бээжин хотноо  боллоо.  Гурван улсын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байна уу,  гурван талын хамтын ажиллагааны талаар хэрхэн төсөөлж байна вэ?
 
 БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И: Хятад, Монгол,Орос улсын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлсэн гэж хэлж болно. Гурван талт хамтын ажиллагаанд ач холбогдол өгч байгаа. Энэ жилийн хувьд  Хятад, Монгол, Орос улсын хамтын ажиллагаанд өргөн боломж бий. Гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд Хятадын талаас Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор  бий болгох санаачлага гаргасан.  Энэ бол гурван  талын хамтын ажиллагааны  хамгийн чухал нь. Хятадын талын "Торгоны зам", Монголын талын "Талын зам",  Оросын талын "Европ, Азийг холбосон зам" байгуулах санаачлагуудыг уялдуулахад оршдог.  Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэн, эдийн засгийн  коридор байгуулахад Хятадын талын "нэг зам, нэг бүс" санаачлагыг хэрэгжүүлэх нь хамтын ажиллагаанд тус дөхөмтэй. Хятад Улсын хувьд  баруун өмнөд чиглэлээр Хятад, Энэтхэг Мьянмар,Бангладеш улстай эдийн засгийн коридор  байгуулж байна. Мөн Хятад, Пакистаны, баруун хойд чиглэлээр  Хятад, Монгол, Оростой эдийн засгийн  коридор байгуулах болно. Энэ санаачлагыг хэрэгжүүлснээр  Ази, Европын хооронд шинэ коридор бий болж, Ази, Европыг дамнасан хамтын ажиллагааны шинэ  талбар бий болох боломжтой. Гурван улсын  коридор эдийн засгийн хамтын ажиллагааны бүтээн байгуулалт нь бүхий л чиглэлд ашигтай. Монгол, Орос улс Хятадын талын энэ санаачлагад нааштай хандаж байдаг.  Бид энэ ажлыг хэрэгжүүлэхээр Орос, Монголын талтай  хамтран төсөл, замын зураг гаргахад бэлэн байна. Энэхүү санаачлагыг бодитой хэрэгжүүлэхийг бид хүсч байна. Гурван улсын коридор бүтээн байгуулснаар холбогдох орнуудын хөгжилд тус дөхөм болох юм.  
 
Монгол Улсын өдөр тутмын” Үндэсний шуудан” сонин:
 
-Хятад улс энэ онд дэлхийн 2-р дайны ялалт, Японы эсрэг дайны ялалтын ойг  өргөн хүрээнд тэмдэглэхээр болсон. Энэ ойг тэмдэглэхийн ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ? Монгол  улс дайны ялалтанд хувь нэмрээ оруулсан. Энэ ойг  тэмдэглэх хүрээнд 2 тал   хамтарсан ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол? 
 
 Монгол Улсын  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: БНХАУ энэ жил анх удаа дэлхийн 2-р дайны ялалтын 70-н жилийн ойг тэмдэглэх гэж байна.  Монголчууд  чөлөөлөх дайн хэмээн нэрлэдэг. Хятад улсыг чөлөөлөхөд Монгол улсын  арми, цэргүүд амь насаа зориулан Монгол улс хувь нэмрээ оруулсан байдаг. Бид энэ ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох урилгыг хүлээн авсан. Энэ түүхийг өсвөр үе, ирээдүй хойчдоо үнэн зөвөөр ойлгуулах, сурталчлахад хамтран ажиллах талаар төлөвлөж байгаа ажил бий. Хэвлэл мэдээллийнхэнийг оролцуулах, баримтат кино хийх, ахмадууд, цэргийн салбарынхныг хамарсан арга хэмжээг зохион байгуулахаар ярьж байна.  Жанчхүүгийн даваа зэрэг  2-р дайнд Хятадыг чөлөөлөх дайнд оролцсон  Монгол улсын арми, цэргүүдтэй  холбоотой түүхэн газруудыг хамтран судалж, сурталчлах ажлыг  мөн тохироод байгаа.  Түүхийг үнэн зөвөөр таниулах, цаашид энхтайвныг сахин хамгаалах,  Зүүн Ази  дахь энхтайвныг тогтворжуулах үйлсэд  чухал  хэмээн  үзэж байгаа юм. 
 
      БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И: Дэлхийн 2-р дайны нэг талбар бол Ази тив байсан. Сүүлийн жилүүдэд  дэлхийн 2-р дайны ялалтад оруулсан Ази тивийн хувь нэмрийг хангалттай чухалчлан үзээгүй байгаа. Тиймээс  энэ жил  ялалтын 70- н жилийн ойг  тэмдэглэж байна. Хятад улс  дэлхийн 2- р дайны  үеийн Ази  тив дэх  гол талбар байсны хувьд  Азийн улс орнуудтай  тэр дундаа Монгол улстай хамтран энхтайвны төлөө амь насаа алдсан баатруудыг дурсгалыг хүндэтгэн тэмдэглэхэд бэлэн байна. Энэхүү арга хэмжээг хамтран тэмдэглэхийн гол зорилт нь Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад Ази тивийн оруулсан хувь нэмрийг  тэмдэглэх, Ази тивийн энхтайвны төлөө хамтран  зогсож байна гэдэг санаа илэрхийлж байгаа юм.
 
Бээжин хот Д.Энхчимэг
Эх сурвалж: "Монцамэ агентлаг