sonin.mn
 
 
Монголын эдийн засгийн чуулган-2015 “Итгэлцэл” нэрийн дор Төрийн ордны Их танхимд эхэлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  чуулганыг нээж үг хэллээ. Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулагчид  энэ жилийн чуулганы гол уриаг зүгээр нэг тохиолдлоор сонгоогүй. Итгэлцэл бий болгох нь өнөөдөр юу юунаас илүү чухал болоод байна.  Зөвхөн нэг талаас бий болгосон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүйг бидний өнгөрсөн түүх, үйл явдлын өрнөл харуулж байна. Нэг талын итгэл хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож, харилцан ашигтай хамтын үйл ажиллагаа болдог гэж Ерөнхий сайд хэллээ.
 
Байгалийн асар их баялагтай, хүмүүс нь найрсаг Монгол орон хөрөнгө оруулагчдын сэтгэлийг татна гэдэгт бид эргэлздэггүй. Оюу толгойн далд уурхайн төслийг урагшлуулахад бидэнд  итгэлцэл  хэрэг болж байна. Бид сөргөлдөгчид биш бид хамтрагчид. Энэ төслөөс Монгол Улс ч, Рио Тинто ч харилцан ашигтай гарах ёстой. Бид асуудалд хандах хандлагаа ингэж өөрчилж чадаж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн  гарна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн форум болж байгаа яг энэ өдрүүдэд Тавантолгой консорциумтай хийж байгаа хэлэлцээр мөн төгсгөлийнхөө шатанд орж байна.
 
 
 
Оюутолгой төслийн араас хөдлөх Тавантолгой төсөл, шинэ төмөр замын бүтээн байгуулалт, 5-р цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Бөөрөлжүүт, Шивээ овоо, Тавантолгойн цахилгаан станцуудын хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэрүүд, хурдны замууд, шинэ хороолол, орон сууцны барилга гээд бусад бүтээн байгуулалтууд араасаа олон олон шинэ хөрөнгө оруулагчдыг татах болно. Монгол Улсын зүгээс гарах сайн мэдээнүүд Монголд итгэх итгэлийг эргэлт буцалтгүй дахин бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. 
 
Өнөөдрийн нэгдсэн хуралдаан  “Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал”  сэдвээр үргэлжилж байна. Нэгдсэн хуралдааны дараа “Институцийн засаглал ба хамтын ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил”, “Мэдээллийн ёс зүй” сэдвүүдээр салбар хуралдаануудад хуваагдан хуралдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.