sonin.mn
 
 
 Индонезийн ахлах ангийн сурагчдын 7.2 хувь нь “Лалын улс” бүлэглэлийн Сири, Иракт явуулж буй ажиллагааг дэмжиж байна гэж сурагчдын дунд санал асуулга явуулсан “Сетара хүрээлэн” гэдэг судалгааны байгууллага мэдээлжээ.
“Хэдийгээр хэт давруу үзэлтнүүдийг дэмжигчдийн тоо харьцангуй бага байгаа боловч бид анхаарлаа сулруулж болохгүй. Хэт давруу үзэлтнүүдийн зүгээс сургууль болон гэр бүлээс гадуурх орчинд залуусын оюун санаанд үзүүлж буй нөлөө нэмэгдсээр байна” гэж “Сетара хүрээлэн”-гийн дэд захирал Бонар Наипоспос анхааруулжээ.
 
Нийгэм судлаачдын мэдээллээс үзвэл, Индонезийн сургуулийн сурагчдын 50 орчим хувь нь сургууль дээрээ лалын шашны тухай ойлголт авдаг бол 35 гаруй хувь нь сургуулиас гадуурх орчинд авдаг байна.
 
Санал асуулгад оролцсон ахлах ангийн сурагчдын ердөө 36 хувь нь “Лалын улс”-ыг террорист байгууллага гэж үзэж байгаа бол 30 хувь нь тус бүлэглэлийн явуулж буй үйл ажиллагаа нь лалын шашны нэр хүндийг гутааж байна хэмээн буруушаажээ. Харин 16 хувь нь “Лалын улс” бол ердөө л лалын халифт улс байгуулахын төлөө тэмцэж буй байгууллага гэж үзэж байна.
 
Индонез бол дэлхий дээрх хамгийн том лалын шашинт улс юм. Сүүлийн үед Индонезийн 600 гаруй иргэн “Лалын улс”-д хэдийн нэгдсэн гэж тус  улсын Засгийн газар мэдээлжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг