sonin.mn
 
 
 Дайны хөлд нэрвэгдсэн Йемен улсаас НҮБ бүх ажилтнаа татсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак мэдэгдлээ.
Гол сөрөг хүчин болох “Хусит” гэх босогчдын бүлэглэл болон улс орноосоо дүрвэн гарсан Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадийн талынхны хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас Йеменд байдал одоо нэн тогтворгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Ерөнхийлөгч Хадийн хүсэлтээр Саудын Арави тэргүүтэй эвсэл “Хусит”-ын байрлалуудад агаараас цохилт өгсөөр байна.
 
“Йеменд байсан олон улсын багийн 13 ажилтнаа бид татлаа. Одоо тэнд нэг ч ажилтан байхгүй” гэж Хак мэдэгджээ.
 
НҮБ өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас Йемений нийслэл Сана хотоос ажилтнуудаа татаж эхэлсэн юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг