sonin.mn
 
Төв аймгийн Эрдэнэ сумын цаг уурын харуулд суурилуулсан цаг агаарын үзэгдэл, элементийг хэмжигч автомат станцыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр тус суманд боллоо.
БНСУ-аас Цаг уур орчны шинжилгээний газарт зөвлөхөөр ажиллаж буй ноён Ли Ён Унг Монголд томилогдон ирээд Төв аймгийн ихэнх сумын цаг уурын өртөө харуулуудтай танилцах явцдаа 5 хүнтэй өртөөнөөс илүүтэйгээр нэг хүнтэй харуулыг автоматжуулах нь зөв юм байна гэж тооцсоны үндсэн дээр тус сумын цаг уурын харуулыг сонгон авч ажлаа эхлүүлсэн байна. Уг харуулыг автоматжуулах ажилд нийт 20 сая төгрөг зарцуулсан бөгөөд зөвлөх Ли Ён Унг өөрийн хөрөнгөөр бүх ажлыг хийж гүйцэтгэжээ. Нээлтийн ажиллагаанд ЦУОШГ-ын дарга Д. Цогт-Очир, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Төв аймгийн УЦУОША-ны дарга П.Цэлмэг, ЦУОШГ-ын ЗХАХ-ийн дарга Д. Галцог, Цаг уурын хэлтсийн дарга Д.Батдорж болон албаны бусад хүмүүс оролцов. БНСУ-ын Жинянь үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн энэхүү автомат станц нь салхины чиглэл, хурд, агаарын даралт, температур, чийг, хөрсний температур зэрэг 6 төрлийн хэмжилтийг хийх бөгөөд нэмэлтээр хур тунадас хэмжигчийг тавих юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг