sonin.mn
 
-Таван толгойн хэлэлцээний завсарлага хэзээ дуусах вэ. Хэзээнээс үргэлжлэхээр байна?
 
Ажлын хэсэгтэй хийж буй хэлэлцээ завсарласан байгаа. Санаанд багтахгүй гэрээ хэлэлцээ урд өмнө нь байгуулж байснаас бэрхшээл үүссэн. Шийдэл нь зөвхөн бизнесийн шийдэл байх боломжгүй тул Ажлын хэсгийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал болж  хоёр орны засаг төрийн оролцоо, хүчин чармайлт хэрэгтэй болсон. Тиймээс бид Хятадын талд хандсан. Хариу удахгүй өгнө гэж элчин сайд нь хэлж байгаа. Энэ долоо хоногт тухайлан ярилцах байх гэсэн хүлээлттэй байна. 
 
-“Чалко”-гийн асуудлыг шийдэж чадахаар байна уу?
 
Хоёр арга зам байгаа байх. Нэгд,  Чалкод төлөх 150 сая ам. долларын өрөө төлөх, гэрээгээр хүлээсэн нүүрс нийлүүлэх үүргээ өрөө төлснөөс хойш ахин 5 жилээр биелүүлэх. Бүх одоо байгаагаараа үлдэх, Хоёрт, Эсвэл Зүүн Цанхийг Консорциумд түрээсээр ашиглуулах, түүнийхээ хариуд өр төлбөрөө Консорциумд хариуцуулах. Нэгдүгээр хувилбар нүүрсний үнэ унасан зах зээлийн тааламжгүй нөхцөлд үнэндээ хэцүү харагдаж байгаа. 150 сая ам. долларын үнэ бүхий нүүрсийг олборлож, нийлүүлэхийн тулд 150 сая ам. долларын зарлага гаргах хэрэгтэй. Зах зээл ингэтлээ уначихаад байна. Одоо ч унасаар байгаа. Засгийн газрын хичээгээд байгаа зүйл нь хоёрдахь хувилбар. Өөрөөр хэлбэл Тавантолгой төслийг урагшлуулах. Зах зээл дандаа ийм муу байгаад байхгүй байлгүй дээ гэсэн өөдрөг төсөөлөл дээр бид ажиллаж байгаа юм.
 
-Таван толгойд Хятадын Төрийн зөвлөлийн шийдвэрийг  хүлээж байна гэж та ярьжээ. Үүнийг чинь зарим хүн Тавантолгойг УИХ-аар шийдүүлэхгүй хэрнээ Хятадын Төрийн зөвлөлөөр шийдүүлэх гэж байна гэж шүүмжилж байна. Та нарийн учрыг нь тайлбарлаад өгөөч?
 
Тэгье тэгье. Тайлбар маш энгийн. Манайд Засгийн газар гэж нэрийддэг байгууллагыг Хятадад Төрийн зөвлөл хэмээдэг юм. Хятадын Засгийн газрыг албан ёсных нь нэрээр Төрийн зөвлөл гээд хэлчихээр учир мэдэхгүй хүмүүс УИХ-тай адилтгах байгууллага гэж эргүүтээд байна лээ. Тавантолгойн асуудал их дээшээ яваад яваад Засгийн газрын түвшинд шийддэг асуудал юм. УИХ-тай адилтгах Хятадын байгууллага нь  Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Хурал эсвэл, тус хурлын чөлөө цагт үйл ажиллагаа эрхэлж байдаг Байнгын хороо юм. Монголд Засгийн газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг бол  Хятадад Төрийн Зөвлөл нь БХАТХ болон Байнгын Хорооны өмнө ажлаа тайлагнадаг. Тавантолгой төсөл хоёр орны харилцааны чухал төсөл гэж бодож байна. Монголын Засгийн газар, Хятадын Төрийн Зөвлөл  нь Тавантолгойн асуудлаар хоёр орны харилцаанд харилцан ашигтай байх шийдэл олно гэж бодож байна. Хаа газар төр төмбөгөр, ёс ёмбогор юм чинь тодорхой цаг хугацаа шаардагдах нь гарцаагүй. 
 
Я.Мөнгөнцэцэг 
 
Эх сурвалж: "Өдрийн сонин"