sonin.mn

МОСКВА. /ВВС/. БНХАУ-ын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд /АДБХОБ/ нэгдэхээр шийдсэнээ ОХУ мэдэгдлээ.

Өнгөрсөн амралтын өдөр Хятадын Хайнань аралд Азийн Боаогийн форумын бага хурлын үеэр ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шувалов ийм мэдэгдэл хийсэн байна.

АДБХОБ-нд нэгдэх шийдвэрийг Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан гэж тэрбээр хэлжээ.

Украины хямралтай холбоотойгоор Орос болон барууны улсууд хоорондын зөрчилдөөн улам гүнзгийрч байгаа энэ үед ОХУ улс төр, эдийн засаг болон аюулгүй байдлын салбарт БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлсээр байна.

ОХУ мөн олон улсын байгууллагууд, тэдгээрийн дотор Бразил, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийг нэгтгэдэг хөгжиж буй улсуудын эвсэл болох БРИКС болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд БНХАУ-тай хамтран ажилладаг билээ.

Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг