sonin.mn

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Орон сууцанд орох гэж байгаа иргэдийн урьдчилгаа төлбөр дээр төрөөс хөнгөлөлт үзүүлнэ гэсэн мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бол?

-Засгийн газраас урьдчилгаа төлбөрийн 20 хувь дээр баталгаа гаргаж болох юм гэсэн санал гарч байгаа юм. Баталгаа гаргасан иргэдээсээ төлбөрийг нь гаргуулж авах ажил төрийн нуруун дээр ирж байна гэсэн үг. Ипотек бол хамгийн сайн төлөлттэй яваа зээл. Ер нь хүн орон байрныхаа зээлийг хамгийн хариуцлагатай төлдөг. Үүн дээр нь төрөөс дэмжлэг үзүүлэхэд буруудах зүйл байхгүй. Орон сууц худалдан авахад арилжааны банкнаас шаарддаг урьдчилгаа 30 хувийг байхгүй болго гэж шаардах эрх байхгүй. Арилжааны банкууд бизнесээ хийж байгаа. Тэгэхээр барилгын бизнесээ бодоод янз бүрийн хөнгөлөлт үзүүл гээд банкны салбараа бодохгүй байж болохгүй. Урьдчилгаа 30 хувь байхгүй болгох тухай яриагүй.

- “Арилжааны банкуудын найман хувийн хүүтэй зээл олгох явц удаашралтай байна” гэж иргэд шүүмжилж байна. Санхүүжилт муу байгаа юм уу. Яагаад зээл олголт удааширч байна вэ?

-Урьдчилгаа төлбөрийн 30 хувь дээр иргэд хэд хэдэн асуудал хөндөж байгаа. Жишээ нь, найман хувийн хүүтэй зээлд 80 метр квадратаас дээш талбайтай байрыг хамруулахгүй гээд заачихсан. Гэтэл 80 метр квадратаас дээш зай талбайтай байр авах сонирхолтой хүмүүс бий. Эдгээр иргэн найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байна. Нөгөө талдаа залуус шинэ байранд орох гэхээр шууд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг нь халааснаасаа гаргаад өгөх боломж хомс байна. Үүнийг судалж үзээд төрөөс энэ чиглэлд туслалцаа үзүүлбэл дээр гэсэн бодолтой байгаа. Бидний зүгээс үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгт зах зээл ямар дохио үзүүлэх нь тодорхойгүй байна. Төр дэмжлэгээ үзүүлэх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр найман хувийн хүүтэй зээл олгохгүй байна гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Надад Монголбанкнаас ипотекийн эээлтэй холбоотой цаг үеийн мэдээлэл байнга ирж байна. Өмнөх үөтэй нь харьцуулбал найман хувийн хүүтэй зээл багассан болохоос зогсоогүй.

-Арилжааны банкууд ипотекийн зээлийн шалгуураа улам өнөрсгөөд байгаа учраас иргэд зээл авч чадахгүй байгаа юм биш үү?

-Арилжааны банкууд зөв зүйл хийж байна. Эдийн засаг хямрах гээд байгаа ийм цагт арилжааны банкууд эрсдэлээ тооцох нь зүйн хэрэг. Үүнийг нь найман хувийн хүүтэй зээлийн шалгуурыг өндөрсгөж байна гэж буруутгах нь оновчгүй л дээ. Банк ганцхан барилгын салбарт ажиллаж байгаа юм биш. Хэрвээ эсрэгээрээ банкны салбар эрсдэлд орвол учрах хохирол нь маш их байх болно. Арилжааны банк шалгуураа нэмж байна гэж та ярьлаа. Гэхдээ орон сууцтай болох хүн 30 хувийн урьдчилгаа төлнө гэсэн нь хэвээрээ. Урьдчилгаа төлбөр дээр нэмж, хассан зүйл байхгүй. Ер нь арилжааны банк эдийн засаг эгзэгтэй байгаа, хөрөнгийн зах зээлийг судлаад эрсдэлээ тооцсон тохиолдолд салбарын яамнаас бусад төрийн бус байгууллагаас захиргааны шинжтэй заавар зөвлөгөөг хэн ч өгөх эрхгүй.

-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг 2016 онд ашиглалтад оруулахаа албаныхан мэдэгдэж байгаа. Танай яамнаас энэ чиглэлд хэр анхаарч байна вэ. Дэд бүтцийн ажлууд ямар төвшинд явна вэ?

-Шинэ нисэх онгоцны буудалтай болох ажилд яамнаас холбогдох чиглэлийнхээ дагуу оролцоод явж байгаа. Тэнд хот төлөвлөлтийн асуудал маш чухал. Засгийн газраас одоо Богдхан уулыг тойрсон төмөр зам, дэд бүтцийг бий болгох шийдвэр гарч ажилдаа шуурхайлсан орсон. Монголчууд “Зам дагаж хөгжил" гэж ярьдаг. Тэгэхээр шинэ нисэх онгоцны буудал, шинэ төмөр замын шугам байгуулах нь хот суурин газруудын тэлэлт явагдахад эерэг нөлөөтэй. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал дээр эхнээс нь маш сайн зохион байгуулалт хийх ёстой. Ерөөсөө замбараагүй газарт төлөвлөлт хийж, хүссэн болгонд нь газар өгч, эдийн засгийн зохицлыг нь алдагдуулахгүйн тулд тэр хавийн телөвлөлтийг сайн хийх шаардлагатай. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод хотын төлөвлөлт, сүүлд гаргасан энэ чиглэлийн бичиг баримтаа нарийн чанд баримтлаагүйгээс асуудал үүссэн. Тэгэхээр энэ алдааг давтахгүй явах хэрэгтэй. Хөшигийн хөндийн онгоцны буудлын эргэн тойрны төлевлөлтийг хийж байгаа. Одоо албаныхан дагуул хотод нэлээд анхаарал хандуулж байна.

 -Энэ жил орон сууцны нийлүүлэлт ямар байна вэ?

 -Энэ онд 30 мянган байр борлуулагдахгүй  үлдэх магадлалтай. Байрны үнэ зах зээлээсээ хамаараад өөрчлөгдөх байх. Ер нь нийлүүлэлт ихэсч эрэлт багасч байгаа үед орон сууцны ханш буурна. Хүмүүс хямд л бол сайн гэж нэг талаасаа бодож болно. Гэхдээ эдийн засаг хямарвал, байрны үнэ дунджаасаа хэт доошоо унавал жинхнээсээ эдийн засгийн хямрал эхэлнэ. Ингэвэл хэчнээн хүн ажлын байр, орлогогүй болох вэ гэдгийг тааварлахад хэцүү. Түүний цаана байгаа эрсдэлийг энд дурьдмааргүй байна. Эрсдэл байгааг хүлээн зөвшөөрөөд зоригтой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тодорхой санал дэвшүүлээд явж байна. Олон нийтийн зүгээс дэмжлэг үзүүлэх байх. Шинэ барилга олноор сүндэрлэж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд барилгын салбарт хөрөнгө оруулалт дажгүй байсантай холбоотой. Нэгэнт барилгын ажил нь эхэлчихсэн учраас зогсоох боломжгүй. Хэн ч байсан 50-60 хувьтай яваа ажлыг зогсоохгүй гэж гүрийнэ биз дээ. Эрсдэлтэй байсан ч худалдан авагчид цөөн байсан ч ашиглалтад оруулахаа л бодно. Эдийн засаг хямрах гээд байгаа болохоос амьдрал зогсчихоогүй байна.

-Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл АСЕМ-ын дээд төвшний уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэгт багтаж байгаа. Гадаадын хүндтэй зочид төлөөлөгчийг хаана байршуулахаас эхлээд анхаарал татсан асуудал олон байна. Энэ тал дээр танд мэдээлэл байнауу?

-Энэ жилдээ барьж дуусах барилга дээр яамны зүгээс ямар дэмжлэг үзүүлж болох вэ гэдгийг судалж байна. Барилгын зөвшөөрөл эсвэл захиргааны шинжтэй ямар нэгэн зүйл байвал яамнаас тусалж, дэмжээд явахаа илэрхийлсэн. Дэлхийн удирдагчдийг буулгах зочид буудлын хүрэлцээ хангамж, нөхцөл боломж нь хэр байгааг ажлын хэсгийнхэн очиж харсан. Би өөрөө ч хэд хэдэн газар очиж, танилцсан. Барилга, хот байгуулалтын чиглэлээр ямар зүйл дээр ажиллаж болох вэ тэр хүрээндээ бид ажиллаж байна.

•Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан судалгаагаар барилгын салбарт ажиллаж байгаа иргэдийн эрх ашиг хамгийн их зөрчигдөж байна гэсэн тооцоо гарчээ. Хаврын улирал эхэлж байна. Барилгын осол, аваараас урьдчилан сэргийлэх талаар танай яамнаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-Хамгийн түрүүнд одоо байгаа дүрэм журмаа ягштал сайн баримталдаг байх ёстой. Яг үнэндээ одоогийн мөрдеж байгаа аюулгүй ажиллагааны дүрэм, журам сайн хэрэгжихгүй байна. Ер нь бодит байдал ийм байна гэдэг нь дүрэм журамдаа өөрчлөлт оруулах ёстой гэсэн үг. Тиймээс бид улс орон даяар дагаж мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шинэ дүрэм журам батлан гаргах гэж байна. Барилгын салбарынхан Төрийн ордонд цуглаж, энэ дүрэм журмын талаар санал бодлоо солилцлоо. Шинэ журам хэрэгжиж маш тодорхой болно. Хэн ч хариуцлагаас мултарч үлдэж чадахгүй. Барилгын осол аваар гарлаа гэхэд энэ юунаас болов, хэн нь хийх ёстойгоо хийгээгүйгээс ийм осол гарав гэдгийг тодруулна гэсэн үг. Тэгэхээр тухайн хүн өөрийнхөө хийх ёстойг хийсэн байвал асуудалгүй болж таарна. Хэн нэгэндээ итгээд даалгаад байхгүй. Дээр нь төлбөр, цалин тооцоон дээр нь ч ярьдаг болно. Олон улсын 167 дугаар конвенцид бид яаралтай нэгдэн орох ёстой. Энэ жил манай яам осолгүй жил болох уриа дэвшүүлэхийг санал болгож байна.

 

Ц.ОЮУНТУНГАЛАГ

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин