sonin.mn

Сүүлийн үед эмийн талаар төдийгүй бидний өдөр тутам идэж уудаг хоол унд, тэр атугай төр засгийн талаар ч ангайж гайхмаар, айж түгшмээр янз бүрийн мэдээ сонсогдох нь цөөнгүй болж. Ёстой л нөгөө “Хөл муут гүйж байхыг сохор хүн харж  хэлгүй хүн хуучилж байхыг дүлий хүн сонсчихсон байна” гэдэг еврейчүүдийн хэлц үг шиг. Эх сурвалжаас нь лавлаж шалгаагүй, эхнэр хүүхнүүдийн өөр зуураа ярьдаг сул яриа шиг шалгаж лавлаагүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархах болжээ. Хэвлэл мэдээлэлд гарсан болгоныг туйлын үнэн гэж ойлгож ирсэн ард иргэд маань сохроор  итгэж, сэтгэл санаа нь түгших болсныг буруутгах аргагүй. Иймээс зарим нэг тоо баримтыг албан ёсны эх сурвалжаас нь эргэн сурвалжилж, ядахдаа л өөрийн хагас хугас мэддэг эмийн салбарын талаарх эргэлзээ төрүүлсэн, иргэдийн сэтгэл эмзэглүүлж байгаа мэдээллүүдийн ээдрээг тайлах гэж оролдсу.


    Монголчууд дэлхийн дунджаас 4-8 дахин үнэтэй эм хэрэглэдэг үү?


    Өнгөрсөн оны сүүлээс авхуулаад нэг хачирхалтай мэдээ түгж ард олныг түгшээв. Тэр мэдээ монголын хамгийн том телевизүүдийн оройн мэдээний хачир болж, томоохон сонингуудын эхний нүүрийг чимж байсныг хүмүүс санаж байгаа байх. “Монголчууд дэлхийн дунджаас 4-8 дахин өндөр үнэтэй эм хэрэглэдэг. Бахархмаар, бардмаар ч юм шиг, эсвэл ууралмаар, уйлмаар ч юм шиг. Монголын эмийн салбарынхан шулаачид, шуналын туламнууд, шуламнууд гэж хараалтай ч юм шиг. Хараасан даа хараасан. Сэтгэл нь гонсойсон, гомдсон ард түмэн хөөрхий муу эмийн санчдыг зандарч, занаж байхыг харахад загнасан, загнуулсан аль алийг нь өрөвдмөөр.
    Дэлхийд өнөөдөр 7,2 тэрбум хүн амьдарч байна. Нэг триллион гаруй долларын эм дэлхий даяараа өнгөрсөн онд хэрэглэжээ. Дэлхийн нэг иргэнд дунджаар 140 долларын буюу 265 мянган төгрөгийн эм ногдож байна. Монгол улсын эрүүл мэндийн сайдын багц дахь 2014 оны эмийн төсөв 68,7 тэрбум төгрөг буюу 3 сая иргэнд хуваавал нэг иргэнд 22,9 мянган төгрөг. Энэ нь эмнэлгийн шугамаар нэг иргэнд зарцуулагдаж буй эмийн мөнгө. Энэ мөнгөн дотор эм төдийгүй ороох боох мартериал, нэг удаагийн тариур, мэс заслын утас гээд эмнээс өөр зүйл зөндөө бий. Овсгоотой эмнэлгийн зарим дарга эмийн төсвийн мөнгөнөөс хэт авианы “Эхо” аппарат гээд л юм юм эмнэлэгтээ авсныг буруутгах аргагүй. Эмийн сангаас иргэд өөрийнхөө мөнгөөр бас 60 гаруй тэрбум төгрөгийн эм авчээ. Ингээд бодохоор монголын нэг иргэн өнгөрсөн онд дунджаар 45 мянган төгрөгийн буюу 24 долларын эм хэрэглэжээ. Дэлхийн дундаж дээр дурдсанчлан 265 мянган төгрөг буюу 140 америк доллар, хооронд нь харьцуулбал монголын нэг иргэн дэлхийн нэг иргэнээс дунджаар 5,88 дахин бага эм өнгөрсөн онд хэрэглэжээ.


    “Монголчууд дэлхийд хамгийн үнэтэй эм хэрэглэдэг 10 орны тоонд багтдаг уу?”


Ийм бахархмаар ч юм шиг, багтармаар ч юм шиг мэдээллийн хойноос мөрдлөө. Англи хэл гадарладаг ямар ч иргэн, ямар ч сэтгүүлч миний адил интернет хэмээх ертөнцөөр хэсүүчлэн үнэний эрэлд мордож болно. Сэтгэл байхад л хагалттай. Гэтэл тэр ид шидтэй мэдээ олддоггүй ээ. Монгол улс эмийн хэрэглээг үнээр нь тооцсон жагсаалтын эхний аравт байтугай зууд ч байдаггүй. Түүнээс хойшхи жагсаалт интернет, дэлхий эрүүл мэндийн байгууллагын тайлан сэлтэд алга. Харин монгол хүний эмийн хэрэглээг үнээр нь харьцуулбал дэлхийд тэргүүлж буй америкчуудаас 41 дахин бага, Япон болон Европын орны иргэдээс 27,1 дахин , Эстони, Мексикээс 10,4 дахин  бага эм хэрэглэсэн байх юм. Нөгөө үнэтэй  эм энэ тэр гэсэн мэдээний хойноос хөөцөлдвөл нэг иймэрхүү.


    Монголчууд эмийг үнэхээр ийм бага хэрэглэдэг ард түмэн бол сайхан л байна гэж тайвшрахсан гэвэл санасны чинь гарз гээд зарим нь хэлэх юм. Дээрх тоо бол зөвхөн үнийн хувьд юм. Эмийн хэрэглээг натурал үзүүлэлтээр тооцсон мэдээлэл интернетэд байна аа. Харьцуулаад үзье гэхээр монголд ийм албан ёсны тоо даанч алга.  Монголчууд жилд 50 сая гаруй нэг удаагийн тариур хэрэглэдэг, зөвхөн парацетамол гэдэг эмийн 60 сая шахмалыг залгидаг гээд цөөн хэдэн үзүүлэлтээс л монголчууд дэлхийн дунджаас дутахгүй эм хэрэглэдэг нь харагдана. Тэгэхээр хэрэглэж буй эмийн хэмжээ нь ойролцоо мөртлөө, үнийн дүн нь дэлхийн дунджаас 5,88 дахин бага гэдгээс бид хэтэрхий хямдхан эм хэрэглэдэг ард түмэн юм байна гэж ойлгож болно. Арга ч үгүй юм. Эмнэлгийн эмийн тендер эмийн чанараар бус үнийн дүнгээр, өөрөөр хэлбэл хэн хямд эм нийлүүлсэн нь ялдаг дүрэмтэй.


    Монголын эмийн сангуудад өнөөдөр Америкийн Пфайзер , Швейцарийн Новартис, Францын  Санофи, Английн ГлаксоСмитклайн гээд дэлхийн шилдэг 20 пүүсийн 12-ынх нь эм ярайж байна. Сонголт бол монголын эмнэлгүүд, иргэдэд ч бий. Гэтэл эмнэлгүүд нь төсвөөсөө, иргэд нь орлогоосоо болоод хямд эмийг сонгож байна. Хямд эм гэдэг бол нэг бол эмчилгээний практикт нэвтрээд удаж байгаа, эмчилгээний үр дүн багатай, эсвэл өвчний шалтгааныг бус шинж тэмдгийг эмчилдэг гээд олон янзаар тайлбарлаж болно. Өөр өөр тайлбар ч бий ганцхан жишээ хэлье. Азитромицин, Кларитромицин гээд эмчилгээний практикт нэвтрээд 10-20 жил болж буй антибиотик эм ампициллин гээд 30-40 жил болсон эмнээс 20 дахин бага хэрэглэгдэж байна. Гэтэл өнөөх ампициллинд өнөөдөр монголд байгаа ихэнх нян тэсвэртэй болчихсон байдаг нь гачлантай.


Эцэст нь өгүүлэхэд: Дээр дурдсан үндэслэлгүй мэдээлэлд төр засгийнхан итгээд, валютын ханшийн хөөрөгдөл, инфляци зэргийг тооцолгүй 2015 оны эмнэлгийн эмийн төсвийг тэртэй тэргүй хүрэлцэхгүй байсан. 2014 оны төсвөөс 8,7 тэрбумаар бууруулж баталжээ. Эмнэлгүүд түрүүчээсээ төсөв нь дуусч, өвчтөнүүдээрээ болон ар гэрийнхнээр нь эм авчруулж, нэр нүүр аргаа барж, эрүүл мэндийн яамныхан төсвийн тодотгол хүлээж жаахан ч гэлээ юм нэмэх байх гээд л гордож сууна.
    Эм зүйн байгууллагуудын нэгдсэн ”Эм” холбооныхон эрүүл мэндийн хоёр ч сайдад хандаж үндэслэлгүй мэдээний эх сурвалж хэмээх “ хачирхалтай нууцлаг судалгааг” олж өгөөч гэсэн боловч түшмэдүүд нь аль эрт зугатаад алга болсон гадаадын нэгэн байгууллагыг заагаад бултах бололтой 4 сар өнгөрлөө. Эцэст  нь эмнэлгүүд төсвөөрөө, өвчтөнүүд эрүүл мэндээрээ хохироод үлдэх бололтой догоо. 


Орчуулгын алдаа буюу аймшиг төрүүлсэн нэр томъёо


    “Монголын нэг томоохон компани мансууруулах эм зарсан нь нотлогдлоо”, “Эрүүл Мэндийн Яам мансууруулах эм үйлдвэрлэх зөвшөөрөл олгожээ” гэсэн мэдээ бас л монголын хамгийн том нэг сонины нүүрийг чимж уншигчдын нүдийг бүлтийлгэж, телевизүүдийн мэдээний сор болж олны чихийг мялаалаа. Аймшигтай байгаа биз. Итгэж байсан компани нь ийм ч юм хийх гэж. Ядахнаа биднийг хамгаалах ёстой Яам нь зөвшөөрөл өгч байдаг!
    Дэлхий даяар наркотик эм үйлдвэрлэдэг, хатуу хяналт, зөвшөөрөл гээд байдаг. Наркотик гэдэг нь эртний грекийн нойрсуулах гэдэг  үгээс гаралтай юм л даа. Мэс засал хийхэд унтуулга, наркоз хэлбэрээр ашигладаг, хорт хавдрын эцсийн шатны аймшигт өвдөлтийг намдаадаг бүлэг эмийг наркотик эмийн бүлэг гэдэг. Бараг 200 гаруй нэр төрлийн эм байдаг юм. Эдгээрээс ердөө 4-5 нь мансууруулах гаж нөлөөтэй. Гэтэл өнөөх “наркотик” гэдгээ орчуулахдаа тэр цөөхөн эмийн үндсэн бус, дагалдах үйлдлээр нь мансууруулах гээд нэрлэчихсэн хэрэг. Үүнээс болж эрүүл мэндийг хамгаалах зорилготой төрийн яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллага мансууруулах эм үйлдвэрлэхийг, импортлохыг зөвшөөрдөг, нөгөө хэсэг нь албан ёсоор үйлдвэрлэдэг, импортолдог, зардаг болж харагдах шинжтэй.
    Сэтгэц  нөлөөт эм гээд бас хэвлэлээр нэг шуугив. Бас л сэтгэл түгшээсэн мэдээ. Ямар ч бөх мэдрэлтэй хүн үүнийг сонсоод цочирдоно. Психотрол эм гэж бас бий. Үгчилж орчуулбал сэтгэл санааг тэжээх гэсэн утгатай. Өвчтэй хүний сэтгэл санааг дэмжих, засах, эмчлэх зорилготой бүлэг эмийн нэр л дээ. Гэтэл сэтгэц нөлөөт  эм гээд орчуулчихсан. Ихэнх хүмүүс сэтгэц нөлөөт гэдгийг эрүүл сэтгэцэд нөлөөлөн өөр болгоно гэж хүлээж авдаг. Тиймээс эмийн хууль хэлцэх үед “наркотик” гэдэг үгийг наркозын, унтуулгын, нойрсуулгын гээд оновчтой орчуулж чадахгүйгээс бол наркотик гэдгээр нь үлдээе, “психотроп”  гэдгийг сэтгэц нөлөөт гэхгүй сэтгэл заслын гэж орчуулъя гээд мөхөс бид санал гаргаад төрийн хүнд суртал, мэргэн түшмэдийг дийлээгүй бөлгөө,  


Эмийн замбараагүй хэрэглээ буюу эмийн сангийхан


    “Монголын эмийн санчид олон мянган жилийн түүхтэй, дэлхийн олон эрдэмтдийн уншиж чадахгүй байсан хадны бичгийг тайлж уншлаа.” Саяхан твиттерт ийм нэг бяцхан наргиан, хошин мэдээ нэлээд аялсан. Эмчийн жорыг тайлж уншиж байгаа юм чинь хадны бичиг ч энүүхэнд гээд манай салбарынхан инээлдэж байсан даа.
    Тийм ээ монголд ч биш дэлхийн олон оронд жор унших гэж хүнд нүсэр ажил байдаг. Яагаад ихэнх эмч гаргацгүй муухай бичдэгийг чөтгөр л тайлбарлах байх.
    Монголын эмч нар түүнээс гадна ачаалал ихтэй, өвчний түүхээ бичих, хүнээ үзэх, лабораторид, эмийн санд хандсан элдэв цаасанд дарагдаастай, яараад л нэг юм эрээчнэ. Зарим нь тийм ийм эм, тэнд эндээс аваарай ч гэнэ. Буруутгах  аргагүй. Зарим нь эмч нарын муухай бичгийг “Өвчтөнд мэдэгдэхгүй гэж нууцлаж байгаа юм аа” гэнэ. Тийм ч байж магад.
    Өнгөрсөн намар мэргэжлийн хяналтын байгууллагынхан эмийн сангуудыг шалгаад маш ноцтой хэрэг илрүүлжээ. Эмийн санчид зөрчилтэй жороор эм олгож байгаа аж.Ихэнх жор нь зөрчилтэй, энэ нь эмийн санч нарын буруу гэнэ. Ямар ямар ноцтой зөрчил вэ? Эмчийн гарын үсэг гаргацгүй, хэн бичсэн нь мэдэгдэхгүй байна гэнэ. Жорын цаасан дээр бичээгүй, нэг жорын цаасан дээр олон эм бичсэн, жорын цаас нь эмчийн тамгагүй, зарим нь эмнэлгийн тамгагүй, зарим нь латинаар биш монголоор, англиар, орсоор бичсэн байна гээд л бөөн зөрчил, бөөн хэрэгтнүүд. Ард иргэд ч цочлоо. Эрүүл мэндийн яам ч тоосонгүй, эмнэлгийн дарга нар ч тоосонгүй, эмч нар ч тоосонгүй. Энэ талаар эмч нарт хандаад эрүүл мэндийн яамнаас нэг ч шийдвэр, зөвлөмж, сануулга байсангүй.
    Өвчтөний дараалалд, зузаан зузаан цаасанд дарагдсан хөөрхий эмч нараа яалтай билээ. Нэг эмчид ноогдох өвтөнийг яаж цөөлөх, өвчтөний олон хуудас өвчний түүх, амбулаторийн карт, лабораторын шинжилгээний бичиг, эм авах жорын бичгүүдийг электронжуулах гээд олон ажил биднийг хүлээж байна аа. Эм бэлдмэлийг жоргүй олгодог эмийн санч нарынхаа хариуцлагагүй үйлдлийг хаацайлах гэсэнгүй, эмийн замбараагүй хэрэглээнд бид хамгийн буруутай. Түмэн буруугаа тэднийхээ өмнө хүлээе. Буруугаа засах гээд хичээж л байна.
Эмийн санд тэвдэж сандарсан хүн орж ирээд эм авъя гэхэд өмнөөс нь эмийн жор аваад ир гэж хэлээд юу болдог гэж санана. Арван хүний долоо нь эмийн санчийг загнаж зүхдэг, хоёр нь жоргүй өгөөч гэж гуйж гувшдаг, нэг нь л тэгэхээсдээ гээд дурамчхан буцдаг гэсэн судалгааны дүн байх юм. Жоргүй олгоод сургасан эмийн санч бидний буруу л даа.
Түүнээс гадна эмийн санд байгаа бүх эмийн гуравны нэг нь л жороор олгогддог. Бусад нь жоргүй олгогддог ОТС (over the counter) буюу лангуун дээр ил, өвчтөн өөрөө сонгох эм байдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.


 PS:Уг нь би энэ өгүүллийг бичих” эрхгүй”, ашиг сонирхлын “зөрчилтэй” нөхөр л дөө. Гэвч буруу алдаатай мэдээллээс болоод төр хүртэл буруу шийдвэр гаргаж, эмнэлгүүд өвчтөнүүд эмээр гачигдаж, ард олон сандарч, тайлбарлах мэргэжлийн хүмүүс, хариуцсан түшмэд, тодруулах ёстой сэтгүүлчид амандаа ус балгасан юм шиг дуугүй байхад эм зүйчийн ёс зүй намайг дотроос минь хатгаад дуугарч орхилоо. Үүний төлөө зөв буруу олон шүүмжлэл, дайралт ирнэ. Гэхдээ тэр болгон намайг “мансууруулаад”, эсвэл”сэтгэцэд минь нөлөөлөөд байхгүй”, тийм довтолгоонд баргийн нян шиг тэсвэртэй болсон амьтан шүү би. Тэгээд ч манай нэгэн эрхмийн хэлсэнчлэн үнэнийг бичсэн болохоор, шүүхэд очихоос ч, “чихээ огтлуулахаас” ч  айхгүй байна.


ЛУВСАНГИЙН ХҮРЭЛБААТАР