sonin.mn

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын нэр бүхий гишүүд  2 сарын 7-нд  ЗГХЭГ –ийн дарга, сайд С.Баярцогтыг огцруулах санал гаргасан билээ.

Тэд огцруулах үндэслэлээ:
Монгол улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тодотгол хийх үеэр ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюу Толгой” компанид хуулийн зөвлөгөө  өгөх нэрийдлээр АНУ-ын “Painter Law Firm” нэртэй, нэг гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг 2015 оны төсөвт суулгуулсан бөгөөд урьдчилгаа төлбөр болох 455 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь  татвар төлөгчийн хөрөнгө, төсвийн хөрөнгийг шамшигдуулан зориулалтын бус зүйлд  хууль бусаар зарцуулах үндэслэл болсон байна. “ гэж тодорхойлсон юм.


“Painter Law Firm”-ий албан ёсны вэб сайтад : “Манай практик: иргэний хэрэг болон бизнес-төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт гэсэн хоёр салбарт хуваагддаг.
Бид иргэний маргаанд: шархадсан хүмүүс, тэдний гэр бүлд эмнэлгийн хайхрамжгүй байдал, бэртэлт, эрх зөрчигдсөний үр дүнд болсон үхэл, бүтээгдэхүүний чанараас болсон хариуцлага зэрэг тохиолдолд туслалцаа үзүүлдэг. Манай фирм өмгөөлөгч нараараа дамжуулан нэхэмжлэгч, харилцагч нарын бизнес-маргааныг төлөөлж, шүүхийн асуудлыг шийдвэрлэх арилжааны өргөн практиктай.
Бизнес-төлөвлөлт болон үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлтөд: бид гэрээ хэлэлцээр байгуулах, түүнийг дахин хянан үзэхэд нь манай захиалагч нарт тусалдаг, мөн бизнес болон арилжааны асуудлаар бүх дэлхийд, түүний дотор нийлүүлэгч нарт хууль зүйн зөвлөгөө өгдөг.
Манай захиалагч нар үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт, гэрээслэл үлдээх , итгэмжлэл, ивээлд авах зэрэг асуудлаар зөвлөгөө авахаар болбол манай хуульчид тэнд байна.
"
гэж өөрсдийгөө танилцуулсан байдаг.


Мөн судлаач Д.Ганхуяг энэ тухай: “
Оюу Толгой хөдлөөгүй байхад яахаараа “зөвлөгөө” авдаг байна гэсэн асуулт гарна. Дөнгөж саяхан л зарах уу, бүсээ чангалах уу гэдгийг ард түмнээсээ “асууж” шийдэж байгаа биз дээ. Энд Засгийн Газрын бульхай баригдаж байна. Тэд шийдвэрээ аль хэдийн гаргачихаад, зөвлөгөө өгөх компаниа сонгочихоод мөнгөө шилжүүлчихсэн байна. Энэ чинь новшийн зан биш гэж үү ?!
2. Асар их 17 тэрбум төгрөгийн зөвлөгөө авахаар бол гадаадын зөвлөгөө өгдөг компаниудын дунд нээлттэй тендер зарлах ёстой. Ийм юм болсонгүй. Ямар ямар хууль зөрчсөнийг би биш, УИХ, ард түмэн тооцно биз…
3. Оюу Толгойг олон улсын хэмжээний мега төсөл гэж ярьчихаад “зөвлөгөө” авах болохоороо хоёрхон хүнтэй эрүүл мэндийн үйлчилгээ болон “гэрээслэл” хийж өгдөг жижиг компанийг сонгож байгаа нь гэмт хэрэг биш юм уу ?!
4. Мөнгө шилжүүлэх шийдвэрийг хэн тулгасан, хэн гаргасан байхав ?! “Хамтаараа” гаргана гэж л лав байхгүй. Эсвэл Засгийн Газар, эсвэл үүнийг Засгийн Газарт тулгасан хүн байх ёстой л доо. Одоо “хэнийгээ барьж өгөх асуудал” манай дээдсийн хувьд амин чухал юм. Ард түмнийг “сонго” гэдэг улсууд одоо өөрсдөө “сонгох” л болж дээ…”
гэж бичиж байв.


http://ganaa.mn/2015/02/10/qpeoirutybhdry/


Харин өчигдөр  “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ С.Баярцогт энэ тухай:
Энэ бол надаас асуух асуулт биш байна. Гэрээг хэн хийсэн гэхээр “Эрдэнэс Оюу Толгой” компани тэр хуулийн фирмтэй хийсэн юм байна лээ шд. Тэгээд “Эрдэнэс Оюу Толгой” компани руу мөнгө шилжигдээд тэнчээнээсээ өгч байгаа... Painter нь Батаарын асуудалд ажилласан нь үнэн гэж Ц.Оюунгэрэл сайд хэлсэн.  Энэ асуудал надтай огт холбоогүй. Тэр компанийг чинь сонгох сонголтыг “Эрдэнэс Оюу Толгой” хийсэн. Хариуцсан захиралтай, менежментийн багтай . Надтай бол огт хүртээлтэй юм биш.” гэж хариулах нь тэр.


Өөрөөр хэлбэл “Painter Law Firm”-тэй гэрээ хийсэн нь хууль зөрчсөн байж болохыг тэрээр үгүйсгээгүй бөгөөд зөвхөн өөрөө л шийд гаргаагүй болохоо нотлохыг оролдлоо. Дашрамд дурьдахад уг асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд дахин хөндөн тавих гэж буй аж.


М.Гал