sonin.mn
Хэрэглэгч эрхээ хамгаалж, тэмцэж чаддаггүйгээс болж хохирч байгааг үндэслэн 2015 оныг “Монгол хүн, хэрэглэгч эрхээ хамгаалан тэмцэхэд суралцах жил” болгон зарлалаа. Монгол орон даяар ажилладаг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн хамгийн том бүтэц болох МХЭАХ Нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ээлжит 6 дугаар чуулганаар дээрх санаачилгыг гаргасан юм. 
 
Чуулганд хэрэглэгчдийн төлөө 21 аймаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байгаа салбар нийгэмлэгүүдийн төлөөлөгчид оролцлоо.  Тус чуулганаар нийгэмлэгүүдийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, цаашдын зорилт, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн юм. Зургадугаар чуулганаар "МХЭАХНийгэмлэгүүдийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, цаашдын зорилт"  үндсэн илтгэлийг Үндэсний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар тавьж хэлэлцүүлсэн бол Үндэсний холбооны гишүүн нийгэмлэгүүдийн ажлын явцын талаар ҮХ-ны гүйцэтгэх захирал Ё. Энхцэцэг мэдээлэл хийсэн юм.
 
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрхзүйн тогтолцоог улам боловсронгуй болгох, хэрэглэгч өөрийнхөө төлөө эрхээ хамгаалахад сургах, соён гэгээрүүлэх, сурталчлах нь зүйтэй гэдэгт төлөөлөгчид санал нэгдлээ. Улмаар хүнсний болон эм бэлдмэлийн чанар, стандарт эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн хяналтыг чиглүүлж ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч мэдэгдэл гаргахаар болов.   Түүнчлэн нийгэмд чанар стандартын шинэ орчин бий болгох замаар олон улсын түвшинд хориглосон бараа, хүний амь нас эрүүл мэндэд аюул учруулах хортой болон хориотой эх үүсвэрээс гаралтай хүнсний зүйл, химийн бодис, эм бэлдмэлийг худалдан борлуулах, хуучирсан технологи, техник төхөөрөмж, түүхий эдийг гаднаас оруулж ирэх явдлыг таслан зогсоож, түүнд хяналт тавих шинэ менежментээр ажиллана хэмээн МХЭАХНийгэмлэгүүдийн үндэсний холбоо тунхаглалаа.
 
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: