sonin.mn
МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын Залуучуудын холбоо /АШЁМЗХ/-ноос ТЕГ-ын дарга Б.Ариунсанд хандаж, Саусгоби сэндс ХХК болон Жастин Капла нартай холбоотой асуудлаар тодруулга хүссэн албан тоот хүргүүлэхээр болжээ. Уг асуулгадаа, "Жастин Капла нарт уучлал үзүүлсэн ч татвараас зайлсхийсэн хүнээр мөнгийг нь заавал төлүүлэх ёстой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зөвлөх нь байр сууриа илэрхийлжээ. Саусгоби сэндс ХХК-ийн татварын өр болох 35 тэрбум төгрөгийг төлүүлэх ёстой юу? Мөн Жастин Каплагийн өмгөөлөгч Н.Цогт хэвлэл мэдээллийн хэрэгслээр “...татварын гурван байцааг­чийг шинжээчээр томи­лон дүгнэлт гаргуулахад 200 сая ам.долларын нөхөн татвар төлөх ёстой болгосон.
 
Бүр сүүлдээ буураад 80 тэрбум төгрөг болоод эцэст нь 35 тэрбум төгрөг болж хувирсан...” хэмээн маш ноцтой гэмт хэрэгт танай Татварын байгууллагыг буруутгасан байна. Танай байгууллага дээрх татварын зөрчлийг баримтаар нотолсон уу? Татварын байцаагч, түүний шийдвэрийг хянан баталгаажуулдаг бусад дээд шатны байгууллагууд нь бүгд үгсэн тохирч, мөрдөн байцаах байгууллага, прокурор шүүхэд хүртэл хууль зөрчин худал мэдүүлэг өгсөн гэдэгт бид итгэхийг хүсэхгүй байна. Иймд дээрх асуултуудад нэн даруй тодруулга өгч, монголын ард түмний төрдөө болон татварын байгууллагын шударга, мэргэжлийн ёс зүйтэй ажиллаж Монгол Улсын хуулийг хэрэгжүүлдэг гэдгээ нотолно уу" хэмээн тодруулсан байна.
 
Б.Туул
Эх сурвалж: