sonin.mn
МОСКВА. /neva.today /. Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцов амиа алдахаасаа өмнөхөн өөрийн хамгийн ойрын туслах Ольга Шоринад зурвас илгээжээ. Туслах эмэгтэй түүнийг нь “Reuters” агентлагт дэлгэн үзүүлсэн байна. Уг зурваст Немцов Иваново мужид байрлах десантын ангийн цэргүүдтэй холбоо тогтоосон тухайгаа бичсэн байжээ. “Ивановогоос хэд хэдэн цэрэг надтай холбогдлоо. 17 десантчин амиа алдсан байна. Тэд мөнгөө аваагүй боловч энэ талаар ярихаас айцгааж байна” гэж гараар бичсэн тэмдэглэлд дурджээ. Немцов яриаг нь нууцаар тагнаж байж магадгүй гэж болгоомжлон Украины үйл явдалтай холбоотой мөрдөн шалгалтын талаарх мэдээллээ цаасан дээр буулгахаар шийдсэн бололтой гэж Шорина ярьсан байна.
 
Украины зүүн нутагт өрнөж буй үйл явдлын талаар “Путин.Дайн” гэсэн нэртэй илтгэлийг Немцов 1 сая хувь хэвлэхээр төлөвлөж байсан гэдгийг Шорина онцлон хэллээ. Түүний хэлснээр, Немцовын илтгэлийн материалуудын ихэнхийг ил тод эх сурвалжуудаас цуглуулсан бөгөөд тэрбээр ямар нэгэн дуулиан дагуулах содон мэдээлэл нийтлэх бодолгүй байжээ.  Немцов Украинд байлдаж байсан Оросын цэргүүдтэй харилцаж байсан тухайгаа бусдад ярьж байсан аж. Немцов тэднийг олон нийтийн өмнө мэдээлэл хий хэмээн ятгаж байсан бололтой.
 
Иваново мужид байрлах агаарын десантын 98 дугаар дивизийн албан хаагчдын талаар Немцов зурвас тэмдэглэлдээ дурдсан гэдгийг туслах нь нотолжээ. Гэхдээ эл зурвас нь “дуулиан тарихуйц” мэдээлэл биш гэж “РПР-Парнас” намын Холбооны  улс төрийн зөвлөлийн товчооны гишүүн Илья Яшин мэдэгдсэн тухай РИА Новости агентлаг уламжиллаа.
 
Д.Жаргал
Эх сурвалж: