sonin.mn
 
Удахгүй болох Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн босгон дээр Увс аймгийн Өмнөговь сумын уугуул, “Гал голомт" үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө гуайтай уулзлаа Тэрээр Улаангом хотод 10 жилийн сургууль, Улаанбаатар хотод АУДС төгсөөд Сэлэнгэ аймгийн Орхон сумын их эмчээс тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хүртэл ажилласан байдаг. 
 
Дараа нь Эвлэлийн төв хорооны хэлтсийн дарга, МУЗН-ийн гүйцэтгэх хорооны дарга, АУДуС орлогч захирал, ЭМЯ-ны орлогч сайд, Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга, УИХ-ын гишүүн, “Сэргэн мандал” компанийн дэд захирал, НҮБ-ын Хүн амын сан, Гал голомт хөдөлгөөний тэргүүн гэх мэтчилэнгээр ажилласаар өнөөдрийг хүрлээ хэмээн өөрийгөө даруухан танилцуулах бөлгөө. 
 
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, 2007, 2011 оны Эмэгтэйчүүдийн нэр төр, эрүүл мэндийн төлөөх олон улсын шагналтан Д.Мөнхөө гуайн ярианд та анхаарлаа хандуулна уу. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд эмэгтэйчүүдийн том чуулганд оролцохоор Ж.Батсуурь гишүүнтэй цуг явах гэж байгаа хэмээр зав муутай байсан ч надад цаг гаргахаасаа тэрээр татгалзаагүй билээ. 
 
-“Гал голомт” үндэсний хөдөлгөөн хэзээ анх байгуулагдав. Зорилго чиглэлийн хувьд ямар байгууллага вэ?
 
-1997 онд байгуулагдсан. Бидний гол зорилго бол Монголын гэр бүлийн талаархи асуудлыг төрийн бодлогод байр суурийг нь эзлүүлэх юмсан. Гэр бүлийн асуудал гэдэг бол нийгмийн харилцааны суурь асуудал юм. Гэр бүлийн асуудлаар төрийн нэгдсэн тогтвортой бүтэцтэй болох юмсан. Ядаж л Үндэсний олон нийтийн радио телевизэд гэр бүлд зориулсан бүхэл бүтэн мэргэшсэн студитэй болох юмсан гэх мэт олон асуудлаар бодлогын түвшинд ажиллаж ирсэн. Нэг том үндэсний хэмжээний судалгаа, гурван том онол практикийн хурал зохион байгуулсан. 
 
Ганц манайх ч биш төрийн байгууллгууд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, тухайн үеийн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам гээд олон байгууллагатай хамтарч, голдуу НҮБ-ын хүн амын сангийн туслалцаатайгаар энэ ажлуудыг зохион байгуулсан. Үүний үр дүнд гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах ёстой юм байна гэсэн нийгмийн сэтгэл зүй ерөнхийдөө бүрдлээ гэж бодож байна. Яагаад гэвэл гэр бүлийн талаар ажилладаг төрийн бус байгууллагын эгнээ өргөжсөн. 
 
Үндэсний сүлжээ байгуулагдсан. “Монгол голомт" гэр бүлийн хөгжлийн төлөөх үндэсний зөвлөл гэдэг байгууллага өнгөрсөн онд байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 оноос хойш гэр бүлийн хаягтай төрийн ажилтны орон тоо, ажил үүргийн хуваарь, нэр хаяг бий болж байна. Нөгөө талаар гэр бүлийн боловсрол дээшлүүлэхэд анхаарал тавьж олон сургалт зохион байгуулсан. 
 
2000-2007 он хүртэл хилийн цэрэгтэй хамтарч ажилласан. Хилчин залуучуудад гэр бүлийн боловсрол олгох зорилгоор хилийн бүх отрядад очиж сургагч багшийг нь бэлтгэж, сургалтын орчин бүрдүүлж өгсөн. Харамсалтай нь энэ зүйлс тодорхой хэмжээгээр алга болж байх шиг байна. Хуучнаар БХИС, ХЦДС-д сургалтын танхим тохижуулж өгч, хичээлийн програмд нь 2.5 керидит цагийн хичээл орж байх, ХЗДХ-ийн сайдын тушаалаар хүчний бүх байгууллагын хүмүүжлийн ажил дотор “Эр хүн” сэдэвт 15 цагийн сургалтыг жил бүр явуулж байхаар болж видео хичээлийг нь хүртэл хийж өгсөн. 
 
Үр ашигтай бодлогыг цааш нь залгамжлан авч явах төрийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр хийгдэхгүй байгаагаас болоод энэ ажил зогссон. Тухайн үед ямар лидер гарч ирэв, юунд санаж зорив, улс төрийн сонгуульд нам нь юу амлав гэдгээс их юм тодорхойлогдоод Монгол Улсын үндсэн их эрх ашгийн төлөө стратегийн хөгжлийн ямар бодлого явах ёстой юм гэдэг дээр улс төрийн хүчнүүд, бодлого тодорхойлогчид, орон нутаг ч анхааралаа төвлөрүүлж чадахгүй байгаагаас зарим юм мартагдах, тухайн үед ашигтай байсан ч дэмжигдэхгүй байх, дараа нь үргэлжлүүлээд явах санхүү болон хүний нөөцийн чадавхи алдагдах явдал байна. 
 
Гэр бүлийн асуудал гэдэг бол төрийн суурь асуудал. Гэр бүлийн гадна нэг ч монгол хүн байдаггүй. Гэр бүлд болж байгаа бүхэн нийгэмд тусгалаа өгч байдаг. Нийгэмд болж байгаа бүхэн гэр бүлд тусгалаа өгч байдаг. Нэг жишээ дурдахад шинээр бүртгүүлсэн гэр бүлд 500 мянган төгрөг өгч байсан. Жилд 14-17 мянган гэр бүл бүртгүүлдэг байсан чинь Засгийн газрын энэ шийдвэр гарсны дараа 60 мянга гаруй гэр бүл нэг жилд бүртгүүлж байсан. Өнөөдөр гэр бүлийн 30-50 хувь нь ядуу байна. Монголын таван гэр бүл тутмын нэг нь өрөөсгөл байна. 
 
Долоон гэр бүл тутмын нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байна. Үүнээс гарсан үр дагавар нийгэмд ямар байдлаар нөлөөлж байна гэдгийг хэн сонирхож, ямар улстөрч бодлогоо болгож байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийнэ гээд дөрвөн жил болж байна. Ажлын хэсэгт нь ажиллаж байсан хүний хувьд сайн мэдэж байна. Одоо хүртэл гараагүй байна. Зүгээр л нэг Татварын тухай хууль юм уу, Уул уурхайн тухай хууль байсан бол хэдхэн хоногийн дотор гялалзаад л батлагдана. Гэтэл гэр бүл гэдэг улсын суурь асуудал. Энэ асуудал анхаарлын гадна байна. Үүнийг л анхаарлын төвд оруулах гэж манай байгууллага дуу хоолойгоо өргөж ирсэн юм.
 
-Гэр бүлийн төлөвшил сул байх шиг санагддаг. Монголын гэр бүл их хэврэг болж ээ. Тийм үү?
 
-Бид үр хүүхдээ гэр бүлийн амьдралд бэлтгэх ёстой. Эцэг гэдэг ийм, эх гэдэг ийм, эмээ гэдэг ийм, өвөө гэдэг ийм гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах ёстой. Хүүхэд ухаан орсон цагаасаа эхлээд өөрийг нь хүрээлж байгаа орчин бол цаашдаа хэн болох вэ гэдэг үлгэр дуурайллын орчин. Монголчууд энэ талаар асар том уламжлалтай байсан. Охин минь хүний бэр, хань болно, хүү минь өрхийн тэргүүн болно, юу хийж чаддаг байх ёстой юм, ямар хүлээцтэй, ямар үнэт зүйлтэй хүн байх юм гэдгийг гэр бүлийн уламжлалт хүмүүжлээр бий болгож ирсэн. 
 
Өвгөдийн яс өндөлзүүлэхгүй амьдрах ёстой гээд сургадаг. Гэтэл өнөөдөр Монголд гэр бүлийн задрал бодит зүйл болчихсон. Бид хэдэн арван мянган залуучуудаа мөнгө олж ир гээд харьд явуулдаг. 60 орчим хувь нь гэр бүлтэй байдаг. 32 хувь нь салж байна. Эх орны бүтээн байгуулалтад хичнээн олон залуучууд уурхай, замд ажиллаад явж байна. Энэ залуучуудын гэр бүлийг хадгалж үлдэх төрийн бодлого байна уу? 
 
Уурхай замын компаниуд ажилчныг эхнэр хүүхэдтэй нь аваачих санхүүгийн бололцоо, сэтгэл зүрх байхгүй. Эрдэнэтийн илгээлтийн эздийг явуулж байсан эвлэлийн ажилтан хүний хувьд мэднэ. Үйлдвэрт нөхөр нь ажиллах ажлын байр, эхнэр нь ажиллах хивсний үйлдвэр, хүнсний комбинатыг хүүхдийн сургууль, цэцэрлэгтэй нь, хүн өвдвөл эмнэлэгтэй нь барьж байгуулж байсан. Гэтэл өнөөдөр бидний бүтээн байгуулалт асуудалтай байгаа. 
 
Гэр бүлийн хамтын амьдралыг дэмжих бодлого уул уурхай, бүтээн байгуулалт гээд бүх бодлогод тусч байх ёстой. Оюутолгой өнөөдөр ажилчдыг 14-21 хоног ажиллуулаад 14 хоног гэрт нь амрааж байна. Энэ бол дэлхийд байдаг бодлого. Олон эмэгтэй хүн ажиллуулж байгаа компани өдөр өнжүүлэх ажиллуулаад хэдэн хүүхдийг нь нэг хүнээр харуулчихвал ээж нь санаа зовохгүйгээр ажлаа хийнэ. Өмнөговийн Цогтцэцийд очход ажилчид хамаг хүүхдээ хүнд захиж үлдээгээд өглөө 06:00 цагт автобусанд сууж яваад орой 22:00 цагт ирж байна. 
 
Тэр хооронд ямар эрсдэл байна гэдгийг харах хэрэгтэй. Хүүхдийн төлөвшил, хүмүүжилд ч яаж нөлөөлөх вэ гэдгийг бодох ёстой. Хууль дүрмэнд тэр олон эмэгтэй хүн ажилуулдаг комланид санаа зовохгүй эх хүнийг ажиллуулах талаар шахалтыг хийж өгөхгүй байгаа юм. Энэ бүхэн харахад хувь хүний жижиг асуудал мэт боловч Монгол Улсын нийгмийн харилцаа, гэр бүлийн бат бэх байдал, монгол хүний төлөвшлийн асуудал болж байна. 
 
Манай сургуулиудад гэр бүлийн боловсрол олгож байгаа хичээл байдаггүй. Гэтэл гаднын бүх сургуулиудад энэ боловсролыг олгодог Норвегит авгай нь амаржсан эр хүнийг яг ажлын цаг дуусахад нь гэрт нь хариулах ёстой. Илүү цаг ажиллуулбал илүү цагийн мөнгийг нь нугалж өгөх юм уу, илүү цаг ажилласан хугацааг нугалж амралт болгож биеэр эдлүүлэх ёстой гэсэн хууль байдаг. 
 
Яагаад гэхээр тэр нялх биетэй эмэгтэйн сэтгэл зүй, дэмжлэг, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хүүхдийн эрүүл өсөх орчныг бүрдүүлэхийн тулд ингэж хариуцлага хүлээдэг. Манай ажил олгогч нарт үүнийг хэлбэл инээд нь хүрэх биз.
 
-Та Үндсэн хууль батлалцсан есөн эмэгтэйн нэг. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн хүмүүс их байна. Энэ талаар таны бодол юу вэ?
 
-Үндсэн хууль бүхэлдээ шаардлага хангахаа больсон гэж хэлж чадахгүй. Би бол Үндсэн хууль судлаач биш. Гэхдээ энэ хуулийг 1992 онд баталснаас хойш 20 гаруй жил боллоо. Аль нь зөв, аль нь буруу гэдгийг бид энэ хугацаанд хангалттай харлаа. Одоо болохгүй байгаа бүхнээ нэг бол Үндсэн хууль уруугаа чихдэг, эсвэл улс төрийн намууд нэгнийгээ “гайтуулдаг" хоёр аргатай болсон байна. Бид нэг л эх оронтой хүмүүс. Нэг л эрх ашиг байгаа. Монгол хүний дархлааг бий болгож, монгол гэсэн бахархал бүхнээ дараа үедээ шилжүүлж өгөх түүхэн үүрэг хүлээж байгаа. 
 
Үндсэн хуулинд харах ч юм бий. Биелүүлэх асуудал дээр нь илүү анхаарал тавих ёстой. Үндсэн хууль ба-талж байхад нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн засаглалтай болно гээд нөгөө хэсэг нь парламентын засаглалтай болно гээд. Зөвшилцөл хийсээр байгаад Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогддог. Парламент нь ч ард түмнээс сонгогддог болсон. Хоёулаа ард түмнээс эхтэй. Аль ч орны Үндсэн хуульд байдаггүй засаглалын хэлбэр. 
 
Би хувь хүнийхээ хувьд парламентын засаглалтай байх нь зөв гэж боддог хүн. Цөөн хүн амтай геополиткийн эгзэгтэй байр сууринд байдаг орны хувьд олон хүний тархиар бодож байж шийдвэр гаргах нь эх орны эрх ашигт хэрэгтэй гэж боддог. Гэхдээ парламент хоёр танхимтай байх ёстой. 76 хүн яаж ч тоглодог байж ерөөсөө таарахгүй. Парламентын дээд танхим гэж байх ёстой. Тэр бол байнгын биш ажиллгаатай. Энд Монгол Улсын бүх сумын төлөөлөгч суугаад улс орны тусгаар тогтнол, үндэсний асуудлуудтай холбоотой томоохон асуудлаа шийддэг. 
 
Бусад хууль боловсруулах бүх юмаа байнгын парламент нь хийж байдаг. Бүх орон ийм жишигтэй. АНУ сенат, конгресс гээд хоёр парламенттай. Япон тэргүүлэгчдийн танхим, зөвлөхүүдийн танхим гээд, Англид лордын танхимаас гадна бас нэг танхим бий. Манайд УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд хийж явсан нэгнээ дараа нь хаячихдаг. 
 
Тэр хүн улсын асар их нууц мэдэж байгаа. Шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байсан болохоор хөгжлийн бодлогын талаар мэш их мэдээлэлтэй байдаг. Япон, Англид ийм хүмүүсээ лордын танхим юм уу төлөөлөгчдийн танхимдаа суулгадаг. Туршлага, чадавхи, мэдээлэл, мэдлэгийг нь дараачийн шийдвэр гаргахдаа ашиглаад явдаг. Үндсэн хуулийг эргэж харах нь зөв. Гэхдээ засаглалын хэлбэрийг зөв хийж, үнэхээр ард түмний ардчилсан засаг байгуулж байгаа юм бол тэр механизмаа ард түмэндээ ойртуулж өгөх хэрэгтэй.
 
 -Улс төрд жендерийн асуудал их яригдах болжээ. Эмэгтэй манлайлагч цөөхөн байх шиг. Гэтэл төр засгийн мэргэн шийдвэр гаргахад эмэгтэй хүний хатан ухаан хэрэгтэй. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?
 
-Энэ асуудлаар сүүлийн 15 жил ярьсан. НҮБ-ын хүн амын сангийн жендер, хүний эрхийн асуудал хариуцсан үндэсний зөвлөхөөр долоон жил ажилласан. Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль батлуулах гэж дөрвөн жил явсан. Батлуулсан. Олон хүний хөдлөмөр шингэсэн. Эмэгтэй хүн гэдэг бол орчин, нөхцөл байдлаа харгалзаж шийдвэр гаргадаг прагматик хүмүүс байдаг. Эр хүн бол том зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд өрсөлдөж мар-галдахыг илүүд үздэг. 
 
Нөхцөл байдлаа ч харгалзаж, бодлогоо ч харгалзаж шийдвэр гаргах ёстой. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн оролцоог үгүйсгэхээр нөхцөл байдлаа харгалзах тал нь дутаад зарим шийдвэр амьдралд хэрэгжихгүй тал бий. Хоёрдугаарт, улс төрийн намууд эмэгтэй улстөрчдийг бэлтгэхгүй байна.
 
-Мартын наймныг Монголчууд хэзээнээс тэмдэглэж эхэлсэн юм бол оо?
 
-1910 онд соц интерний хурлаар Германы социал үзэлтэн хүний санаачилгаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж эхэлсэн. Манайхан 20-иод оны сүүлээр баяр гэдэг утгаар тэмдэглэж ирсэн. Манайхан эрт эмэггэйчүүддээ эрх олгосон орон. 1923 онд манайх эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгосон. Гэтэл 1780-аад онд хамгийн мундаг ардчилсан Үндсэн хууль баталсан АНУ манайхаас нэг жилийн өмнө л эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг хүлээн зөвшөөрсөн. 
 
Эрх олгосон бичиг цаас хангалттай. Амьдрал дээр хэрэгжүүлэх нь л хангалтгүй байна. 1990 оноос хойш эмэгтэйчүүдийн банк байгуулаач ээ гэсэн санал гаргаад дийлэхгүй байгаа. Төр нь тодорхой хэмжээгээр санхүүжүүлээд ийм банк байгуулсан жишиг гадаадад олон байна. Жижиг бизнес эрхлэх гэтэл эхлэх мөнгө цаасаар дутаж байгаа эмэгтэйчүүд олон байна. Бага хүүтэй бага мөнгөөр энэ хүмүүсийг хангаад хэрэв төлж чадахгүй бол төр эрсдлийг нь хариуцаад явдаг тогтолцоо л доо. 
 
Халамж хэлбэрээр зүгээр мөнгө тарааснаас шал ондоо байгаа биз дээ. Индонезид ийм банктай нь би танилцаж байсан. Бас нэг асуудал бол хүүхдээ хаяад явсан эцэг, эх хүүхдийн тэтгэмж төлдөг. Гэтэл одоо тийм эцэг эхчүүд тэтгэмж төлөхгүй байна. Эцэг эх болсон л бол хүүхдийнхээ өмнө хуулиар үүрэг хариуцлага хүлээх ёстой. Бусад оронд төрийн сан байгуулаад, төр нь санхүүжүүлээд сар тутам тогтмол тэтгэмж олгоод, төлөх ёстой этгээдээс төр мөнгийг гаргуулж авдаг. 
 
Энэ бол ирээдүйн иргэнийхээ өмнө төрийн хүлээж байгаа хариуцлага. Солонгост гэр бүл салах юм бол эцэгт нь хүүхдийг өгдөг хуультай. Хятадад гэр бүл салбал хүүхдээ авсан нь байраа авдаг. Хүүхдийн эрхийг ингэж хамгаалж байна. Нөгөө талаар гэр бүл салалтанд ч чагт тавьж байна гэсэн үг.
 
-Нэгэнт л хэрэлдэж зодолдоод, санаа сэтгэл нийлэхээ больсон, цаанаа өөр хүнтэй болсон бол салах нь дээргүй юү?
 
-Дээр л дээ. Гэхдээ хүүхэд өнчирнө гэдэг хэцүү. Манайд гэр бүлийн хоёр хэрэлдээд шүүх дээр ирэхээр нь сарын дараа эвлэрээд хүрээд ир гэдэг. Өнөө хоёр нь сарын дараа зодолддог болоод ирдэг. Бусад оронд гэр бүлийн шүүх гэж байдаг. Шүүн таслахаасаа өмнө гэр бүлд яагаад зөрчил үүсэв, таарч тохирохоо болив гэдгийг анализ хийгээд, зөвлөөд үнэхээр давагдашгүй хүчин зүйл байж уу, боловсрол, зиндаа, баян ядуугийн ялгаа янз бүрийн юм байж уу гэдгийг шийдээд, нэлээд хэсэг нь эвлэрээд явдаг. Их хуралд байхад гэр бүлийн шүүхийн тухай хууль батлуулах санал тавиад дийлээгүй.
 
-Та 1992 оны гишүүн бил үү?
 
-1992-1996 онд анхны байнгын ажиллгаатай парламентад суусан. Бямбажав, Т.Ганди бид гурав эмэгтэй гишүүн байсан. Анхны парламентын гишүүд өнөөгийнх шиг. хөрөнгөжсөн хүмүүс байсангүй. Автобусаар хуралдаа ирээд л автобусаар буцдаг байлаа. Тусгай автобусаар биднийг авдаг байсан. Лүндээ гишүүн гуравдугаар хорооллоос суугаад Бавуугийн Лхагвасүрэн, талийгч Далайхүү бид гурав Төмөр замын орчмоос суугаад тойроод л явдаг байсан. 
 
Замдаа онигоо яриад, инээлдээд л явна. Анхны парламент 137 багц хууль баталсан байдаг. Шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн Монголын бүх хуулийг өөрчлөх түүхэн үүрэг бидэнд оногдсон. Долоо хоногийн таван өдөр өглөө наймаас орой 10:00 цаг хүртэл хуралдаж, хуулийг өгүүлбэр бүрээр нь баталж байлаа.
 
-Аль тойргоос сонгогдсон бэ?
 
-Сэлэнгэ аймгаас сонгогдсон. Би Сэлэнгэд сумын эмчээс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хүртэл ажилласан. 1996 онд С.Баярцогттой өрсөлдөөд ялагдсан. Ялагдана гэж зүүдлээ ч үгүй байсан. Гэхдээ бид сонгуулийн технологийн хувьд хоцрогдсон байсан.
 
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
 
-Гурван хүүхэд гаргасан. Таван хүүдийн хойд эх. Найман хүүхэд өсгөсөн. Гэхдээ би хувийн амьдралаа сонин хэвлэлд ярих дургүй.
 
-Эмэгтэй хүн манлайлагч байна гэдэг ар гэрээс их шалтгаалдаг юм шиг байдаг. Тийм үү?
 
-Эмэтэй хүний улс төрд орж чадахгүй байгаа нь ахуй амьдрал, ар гэрийн шалтгаан байдаг. Эх хүн болох биологийн асар их үүрэгтэй. Гэр бүлийн менежер юм уу гэрийн эзэгтэй байх нийгмийн өмнө хүлээсэн том үүрэгтэй. Энэ үүргийн гадна цаг гаргаж улс төр хийнэ гэдэг юм уу, нийгмийн амьдралд оролцно гэдэг бол эмэгтэй хүнээс асар их тэвчээр, ухаан, хань нөхөр, эргэн тойрны хүмүүсийн ойлголцол, дэмжлэгийн үр дүнд бий болно. Тийм учраас эмэгтэй хүнийг улс төр болон шийдвэр гаргах шатанд аваачина гэдэг жендерийн шинжлэх ухааны нэг үндсэн ухагдахуун болсон. Өнөөдөр төчнөөн байшин барилга барилаа, төчнөөн хүн ажиллалаа гээд статистик ярьдаг. Гэтэл гэртээ хичнээн эмэгтэй хүүхдээ гаргаад, хараад, гэр орноо цэвэрлээд, нөхрийнхөө хувцсыг угааж арчаад, хадмуудаа халамжлаад сууж байгаа талаар статистик хэлж, тэр хөдөлмөрийг хэн үнэлж байна гэдгийг бодох хэрэгтэй.
 
-Мартын найман удахгүй болох гэж байна. Эмэгтэйчүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?
 
-Юуны өмнө олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулаад Монголын бүх эмэгтэйчүүд, эхчүүддээ, охид бүсгүйчүүддээ, ханиудад нь, хөвгүүдэд нь энэ өдрийн чин сэтгэлийн мэнд дэвшүүлье. Өнөө үеийнхэнд хэлэх миний таван гол санаа байдаг. Нэгдүгээрт, та монгол дархлаатай, монгол хүн байгаач ээ. Хоёрдугаарт, өвгөдийн яс өндөлзүүлэхгүй амьдардаг нүүдэлчний гүн ухааныг хүн бүр дотроо бодооч ээ. Гуравдугаарт, үндэсний эв нэгдэл чухал шүү. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Энэ бол нүүдэлчиний соёлын маш үнэт зүйл. Өнөөдөр жижиг олзын төлөө юм уу, нэр төрийн төлөө нэг нэгнээ элдвээр дуудан худагаас малаа ч усалж чадахаа больсон. Аль намын хүний мал вэ гэдэг дээр тэр хөөрхий үхэр ямар буруутай юм вэ. 
 
Монголын мал бол Монголын оршин тоггнох нэг үндэс. Үндсэний эв нэгдэлийг бэхжүүлэхэд жирийн иргэнээс эхлээд төрийн өндөрлөг хүртэл зүтгэх ёстой. Эмэгтэйчүүддээ хандаж үүнийг хэлмээр байна. Дөрөвдүгээрт, Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алжаатугай гэсэн эзэн Чингисийн эрхэм сургаалийг төрийн бүх түшээд тангараг болгож яваач ээ гэж хүсмээр байна. Хамгийн сүүлд монгол гэр бүл бол Монголын оршин тотнох, соёлыг уламжлах үндсэн гол суурь. Тийм учраас монгол гэр бүлийг хөгжүүлэх, бэхжүүлэх, чадавхижуулах, хамтын амьдралыг бэхжүүлхэд төрийн бодлого ч, иргэний оролцоо ч чухал. Чингисийн агуу Монгол үүрд оршин тогтноход монгол хүн бүр хувь нэмрээ оруулаач ээ гэж хүсмээр байна. 
 
Ц.Мөнх
Эх сурвалж: "Нийслэл таймс"