sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Украинд гал зогсоох хэлэлцээрийг ямар нэгэн байдлаар ноцтой зөрчвөл хориг арга хэмжээгээ чангатгах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Европын удирдагчид ОХУ-д анхаарууллаа. Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангела Меркель, Италийн Ерөнхий сайд Маттео Рензи, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск нартай Ерөнхийлөгч Обама мягмар гарагт видео-хурал хийсэн гэж Цагаан ордны албаны хүмүүс мэдэгдэв.
 
Хоёрдугаар сарын 15-нд гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Украинд байдал ямар байгаа талаар тэд ярилцжээ. Украины зүүн нутагт тус улсын засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хооронд тулалдаан үргэлжилсээр байгаа аж. Минскийн гал зогсоох хэлэлцээрийг зөрчин тээврийн гол зангилаа газар болох Дебальцево хот руу халдсан гэж Оросын талыг баримтлагч босогчдыг Барууны удирдагчид буруушаасан гэж Цагаан ордны албаны хүмүүс хэлсэн юм. Оросын талыг баримтлагчид хяналтдаа авсан бүсээ тэлэх ямар нэгэн оролдлого хийсэн тохиолдолд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахаар тэд тохиролцжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: