sonin.mn
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.03.04/ Төрийн ордонд зохион байгууллаа. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр баталж, үндэсний нийгэмлэгийн эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн юм. Гэвч хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрч, нийгмийн хөгжилд нийцүүлэн хуулийг шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон байна.
 
Улсын Их Хурлын гишүүн, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, одоогоос 150 гаруй жилийн өмнө тулалдааны талбарт шархдагсдад ялгаварлалгүйгээр тусламж үзүүлэх чин хүслээр үүсэн бий болсон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөн нь олон улсын болон үндэсний хэмжээнд хүн амыг зовлон зүдгүүрээс урьдчилан сэргийлэх, улмаар хуваалцан хөнгөвчлөхийг эрмэлздэг. Өнөөдөр дэлхий дахинд 189 оронд Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг болох Монголын Улаан загалмай нийгэмлэг нь 1959 онд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд элсэж, 84 дэх гишүүн байгууллага болсон юм. Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн статусыг шинэчилж, төрдөө хүмүүнлэгийн салбарт нэмэлт хүч болж, туслах үүрэг хүлээж ажилладаг, үндэсний хэмжээний хүмүүнлэгийн байгууллага мөн болохыг хуульчлан баталгаажуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.
 
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Төр, Улаан Загалмайн үндэсний нийгэмлэгийн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох; Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны гишүүн байгууллага болох Монголын Улаан загалмай нийгэмлэгийн статусыг шинэчлэн тодорхойлох; Олон улсын хүмүүнлэгийн гэрээ, конвенцид нэгдэн орсон Монгол улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бие даасан байдлыг хангах; Төрдөө нэмэлт хүч болж ажиллахын тулд Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох; Улаан загалмайн нэр, таних тэмдгийг хэрэглэх, хамгаалах зэрэг асуудлыг зохицуулахаар тусгажээ.
 
Өнөөдөр Монголын Улаан загалмай нийгэмлэг нь 87681 гишүүд, үүнээс 50261 татвар төлөгч гишүүд, 6420 мэргэшсэн сайн дурынхан, 570 анхан шатны хороо, 32 дунд шатны хороотой, 60000 гаруй өсвөрийн Улаан загалмайчид, 15,000 гаруй залуучуудын Улаан загалмайчид, 3403 Онцгой гишүүд, Хүмүүнлэгийн 672 гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Хүмүүнлэгийн үндэсний сүлжээ болон өргөжиж байна.
 
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Г.Уянга, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.