sonin.mn
Монголд улс төрийн хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой, Эх орончдын өдөр болсон МАХН-ын баярын хурлын үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Эх орончдын өдрөөр өөрсдийн ажлаа дүгнэж байгаа, мөн шинээр МАХН-д гишүүнээр элсч байгаа, намынхаа гишүүнчлэлийг сэргээж байгаа хүмүүсийнхээ дунд, та бүхнийхээ сэтгэлийн халуун дулааныг мэдэрч хамт байгаадаа баяртай байна. Та бүхэндээ Эх орончдын өдрийн хамгийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!
 
Би Эх орончдын өдрийн бэлгэ дэмбэрлийг бодож Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн гуайдаа очиж золгосон. Д.Бямбасүрэн гуай намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд хүндэтгэл үзүүлж босч золголоо. Хэдийгээр хөл нь өвдчихсөн байгаа ч боссон. Мөн таниар тосгуулж золгохгүй гээд нэг гараараа тосгуулж, нэг гараараа намайг тосгуулж золгосон. Ингэж бид ажлаараа ч насаараа ч тэр, мөн улс орныхоо төлөө зүтгэсэн зүтгэлээрээ, сэтгэлээрээ уулзалдаж золгох ёстой гэдгийг хэлж байсан юм. 
 
Д.Бямбасүрэн гуай, “Улс төрийн намууд нэр хүндгүй болчихсон талаар хэлж байна. Шалтгаан нь намууд өөрсдийн үзэл баримтлалаа мартчихсан, үнэт зүйлээ орхичихсон, юуны төлөө явж бай гаагаа мартчихсантай холбоотой. Нэгэнт үзэл баримтлал, үнэт зүйлээ мартчихсан нам фракцаар хуваагдах, нэг олигархийг дээрээ гаргаад суулгачихдаг мода намуудад дэлгэрчихсэн. Энэ нь зөвхөн албан тушаал наймаалцах, төсөл тендер авах, эсвэл хэдэн хүмүүсийн эрх ашгийг хаацайлж хамгаалдаг, тэднийхээ дохио зангаагаар хөдөлдөг. 
 
Ард түмнээсээ тасарчихсан, амласнаасаа ухарчихжээ. Үзэл баримтлалаасаа ухрахын цаана энэ мэт маш олон урхаг үр дагавар гарч байдаг учраас тухайн нам өөрөө төлөвших, үзэл баримтлалаа байнга санаж явах, ард түмэндээ үнэлэгдэж, дэмжүүлэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл 2016 оны сонгууль бол тухайн нам ямар үзэл баримтлалтай вэ гэдгээ байнга санах, санаад зогсохгүй түүнийгээ ард түмэндээ ойлгуулж чадвал ард түмнээсээ дэмжлэг авах юм шүү” гэдгийг надад сануулж байсан. 
Түүний энэ үгний дараагаар би улс төрийн намуудын гишүүдээс “Танай нам ямар үзэл баримтлалтай вэ” гэж асуувал хэд нь хэлж чадах бол гэж дотроо бодож суулаа. Манай намын хувьд МАХН нь социал демократ үзэл баримтлалтай буюу зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн нам. Энэ үзэл хэзээ үүссэн, юуны тухай юм бэ гэдэг дээр та бүхэндээ хэдэн зүйлийг тодруулж хэлэхийг хүсч байна.
 
1789 онд Францад Францын хуввсгал ялсан байдаг. Тэр хувьсгалаас үүдээд орчин үеийн улс төрийн онол, үзэл баримтлал үүсч дэлгэрсэн. Тухайн үед Франц хаант засаглалтай байв. Тэд хааныгаа цаазлаад, дараа нь ямар үзэл баримтлалаар явах вэ, төрөө хэрхэн эмх цэгцэнд нь оруулах вэ гэдэг тухай ярьж эхэлсэн. Хааны хоосон сэнтийтэй үлдсэн францчуудад улс орон, төрт ёсоо хэрхэн авч явах том асуулт гарч ирсэн байдаг. Нэг хэсэг нь би өөрийнхөө үзэл баримтлалаар эрх чөлөө, шударга
 ёс, эв нэгдлийг эрхэмлэж байна. 
 
Ахмадууд, залуучууд, иргэдийнхээ асуудлыг шийдэхийн тулд төр өөрөө илүү үүрэгтэй оролцох ёстой. Хүн өөрөө шүтэх, эс шүтэх эрхтэй байх ёстой. Төрийн оролцоо, хувь хүний эрх чөлөө хоёрыг хослуулж барих ёстой. Бид ийм үзэл баримтлалтай хүмүүс байна гээд хааны сэнтийний зүүн талд нэг хэсэг нь суусан. Тэгвэл хааны хоосон сэнтийн баруун талд нь суусан хэсэг хүмүүс төр ямар нэгэн ажилд хутгалдаж орох хэрэггүй. Хувь хүн өөрөө наснаасаа үл хамаарч эрх чөлөөтэй байвал боллоо. Хамгийн гол нь өмчийг баталгаажуулсан, бизнесийг дэмжсэн байхад болно. 
 
Шашин нь төртэйгээ маш нягт уялдаатай байх ёстой гэж үзсэн байдаг. Энэ утгаараа баруун зүүний үзэл баримтлал гэж ялгардаг. Ер нь хүн төрөлхтөний түүхэн хөгжил, үзэл баримтлалын хөгжлийг авч үзэхэд улс төрийн онолоороо хоёр том үзэл баримтлалд хуваагддаг.
 
Зүүн төвийн үзэл баримтлалд хүн өөрөө үүрэг хүлээж ядарсан нэгнээ дэмждэг байх ёстой гэж үздэг. Дээр нь бүх өмчийг хувийн өмчид шилжүүлэх шаардлагагүй гэж үздэг. Тухайлбал, төмөр зам, цахилгаан станц зэрэг өмчийг төр өөртөө авч үлдэж, улс орны аюулгүй байдал, хүн амын амгалан тайван байдалд нийцүүлэн авч явах ёстой гэж үздэг.
 
Баруун төвийн үзэл баримтлалд бүх зүйлийг хувьчил, хувийн өмч дээр бүх зүйл тогтноно. Төр муу менежер, төр өмчтэй байх ёсгүй. Төр жижиг байх тусмаа сайн. Төр юунд ч хутгалдах ёсгүй. Ахмадууд нь өөрийнхөө асуудлыг өөрөө шийд, хүүхэд нь өөрийнхөө асуудлыг өөрөө шийд. Гагцхүү эрх чөлөөг нь хангаж, өмчийг нь баталгаажуулж өгөх ёстой гэж үздэг.
 
Тэгэхээр бид бол 1789 оны Францын хувьсгалын үед хааны хоосон сэнтийн хоёр талд хуваагдаж суусан хүмүүсийн зүүн талд нь суусан хүмүүсийн талыг буюу зүүний үзэл баримтлалыг өвөлж авч яваа хүмүүс. Энэ үзэл баримтлал бүх дэлхийд хүчтэй дэлгэрч, дэлгэрсэн газар бүртээ томоохон өөрчлөлтийг авчирсан байдаг. Тэрний дотор 1911 онд Хятадад Шинхайн буюу хөрөнгөтний хувьсгалыг ялуулсан байдаг. 
 
Энэ хувьсгал нь мөн л эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс гэдгийг гол лоозонгоо болгосон. Энэ нь цаагуураа Францын хувьсгалтай бас холбоотой. Францын хувьсгалын нөлөөгөөр Чин улсыг халсан энэхүү шинэ хувьсгал гарсан байдаг. Хятад Чин улсаасаа салж, хөрөнгөтний нийгэм байгуулж эхэлеэн. Энэ нь том дэвшил байсан. Энэ хувьсгал Монгол Улсад сайн муу хоёр нөлөөг үзүүлсэн. Сайн тал нь Чин улс суларсан учраас бид 1911 онд Шинхайн хувьсгалын нөлөөгөөр өөрийнхөө тусгаар тогтнолыг сэргээн зарлах бололцоотой болсон. 
 
Ингээд Богд хаан тэргүүтэй манай сэхээтэн, хаад ноёд, ардууд маань 1911 онд тусгаар тогтнож, сэргэн мандлаа гэдэг түүхэн алхмыг хийсэн. Муу тал нь тухайн Шинхайн хувьсгалыг удирдаж байсан Сунь Ят Сенийн үзэл сурталчид таван үндэстэн эв найрамдалтай амьдарна гэдэг зүйлийг ухуулах болов. Үүнд Хятад, Төвд, Монгол, Манж, Уйгар багтаж байсан. Энэ үзлийг зарласнаар тусгаар тогтнолоо зарлаж байсан Монгол Улсыг эргээд Сү Шү Жаны цэргийг явуулж Богдыг баривчилж, эзлэх бодлого явуулсан. Үүний хариуд манайд 1921 оны хувьсгал мандсан.
 
Тусгаар тогтнол маань алга болох нь гэдгийг мэдэрч тусгаар тоггнол, эх орноо авч үлдэнэ гэж бодож тэмцсэн эх орончдийн хийсэн хувьсгал юм. 1921 оны хувьсгал нь эргээд 1911 оны хувьсгалтай холбогдоно. Нөгөө талаар энэ хувьсгал 1917 оны Октябрын хувьсгалтай холбоотой. Октябрын хувьсгал нь 1789 оны Францын хувьсгалтай холбоотой. Яагаад гэвэл шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөөг тунхагласан хувьсгал болсон. Газрыг тариачдад өг, үйлдвэрийг ажилчдад өг, бүх эрхийг зөвлөлүүдэд өг гэдэг лоозонг дэвшүүлж Оросод хувьсгал мандсан. 
 
Ийм учраас орчин үеийн Монгол Улсын 1911, 1921 оны хувьсгалт өөрчлөлт нь Францын хувьсгал, Октябрын хувьсгал, Шинхайн хувьсгал гэсэн гурван хувьсгалын нөлөөн дундаас гарч ирсэн гэж хэлж болно. Энэ гурван хувьсгалын үр дүнд 1921 онд өөрийнхөө хувьсгалыг мандуулсан. Энэ хувьсгалыг мандуулахын тулд санаа бодлоороо нэгдсэн хүмүүс ард түмэн, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэхийн тулд гуравдугаар сарын 1-нд анх намыг байгуулж, Монгол Улсад анхны улс төрийн байгууллага үүсэн байгуулагдсан түүхтэй.
 
1990 онд Ардчилсан хувьсгал мандсан гэж үздэг. Энэ хувьсгалыг тооцож үзвэл өнөөдрийн Монгол Улс таван хувьсгалын дүнд бий болсон улс орон юм. 1921 оны хувьсгалыг дагаж өөр олон хувьсгал бий болсон. Өнөөдөр Улс төрийн нам байгуулагдсан ойн хүрээнд зөвхөн нэгээхэн хэсгийг нь ярьж байгаа боловч өөр олон хувьсгалт өөрчлөлтүүд Монгол Улсад бий болсон. 
 
Тухайлбал, соёлын хувьсгал, эрүүл мэнд, боловсролын салбарт хувьсгалт өөрчлөлт гарсан. Өнөөдөр Монгол Улсын иргэд 100 хувь бичиг үсэг тайлагдсан байгаа. 1961 онд НҮБ-д бүртгүүлж, дэлхий нийт Монгол Улсыг хүлээн зөвшөөрснөөр тусгаар тогтнолын хувьсгал гарсан.
 
Түүнээс өмнө Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа дэлхийг ямар байдлаар эмхлэн зохион байгуулах вэ гэдгийг тэр үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт, ЗХУ-ын удйрдагч И.В.Сталин, Английн Ерөнхий сайд Уинстон Черчиль гурав 1945 онд Ялта хотод хэлэлцээр хийгээд үүгээр Монголын хувь заяатай холбоотой маш чухал шийдвэрийг гаргасан байдаг. 
 
Тэр нь юу гэхээр Монголын статусыг баталгаажуулах шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл Монгол Улс 1921 онд тусгаар тогтнолоо зарласан байна. Үүнийг баталгаажуулахын тулд ард түмнээс нь асууя гэж шийдсэн. Тэр үед ЗХУ энэ асуудлыг зүтгүүлж, нөгөө хоёр улс болгоомжилж байсан. Гэвч тухайн үед АНУ Японы эсрэг ЗХУ-ыг босгохын тулд ЗХУ-ын тавьсан саналыг хүлээж авсан байдаг. Тэр дотор Английн Ерөнхий сайд Ф.Рузвельт тухайн үеийн Хятадын уирдагч Чан Кай Ши-д Монголын ард түмнийнх нь саналыг сонсох ёстой, саналын үр дүнг хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг үүргийг өөртөө хүлээж авсан. 
 
Ингэж 1945 оны 10 сарын 20-нд болсон Тусгаар тогтнолын санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг Ялтын бага хурлаар гаргаж, улмаар зохион байгуулсан. Мөн ЗХУ Японы эсрэг дайнд мордож, Монголын Ардын арми тэрхүү чөлөөлөх дайнд оролцсон. Ингэж бид өөрсдийнхөө түүхийг бусад улс орны түүхтэй холбож тусгаар тогтнолоо баталгаажуулсан. 
 
Энэ тэмцлийг МАХН толгойлж, манлайлж ирсэн. Бидний өмнөх үе, эх орон тусгаар тогтнолын төлөөх үеийн үеийн цогтой тэмцэгид МАХН-ын улаан бат илэрхийлэхийг хадгалж хамгаалж яваад амь насаа алдаж байсан. Ажлаа хийж яваад хөдөө хөлдөж байсан.
 
Өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэж байсан. Тийм учраас энэ дөрвөн үсэг тэр чигтээ Монголын түүх юм. Энэ дөрвөн үсэг нэг бүр хайран юм. Энэ дөрвөн үсгийг өнөөдөр дуртай нэг нь гарч ирээд хасдаг, өөрчилдөг байж болохгүй. Энэ дөрвөн үсэг байх ёстой. Монгол Ардын Хувьсгалт Нам.
 
Бид дэлхийн дахинд мандсан таван хувьсгалын хүүхдүүд учраас бид энэ таван хувьсгалыг байнга бодож байх ёстой. Харамсалтай нь энэ таван хувьсгал өөрөө эргээд мухардчихсан. Францын хувьсгал мухардаж Наполеоны дайн, түрэмгийлэл болж хувирсан. Шинхайн хувьсгал таван үндэстэн эвтэй найртай амьдарна гэж ухуулж байсан бол эцэстээ таван үндэстнийг дарангуйлах, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхгүй байх тэмцэл болж хувирсан. 
 
Октябрын хувьсгал газраа тариачдад, үйлдвэрийг үйлдвэрийн ажилчдад өгнө гэж байгаад хүнд суртлын аппаратыг бий болгож ард түмнээсээ тасарсан. Манай Ардын хувьсгал 1921 онд тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэж байгаад мөн л тухайн үеийн ЗХУ-ын нөлөөнд орж 1990 он гэхэд ард түмнээсээ нэлээд тасарсан. Аливаа хувьсгал ард түмнээсээ тасрах юм бол мухардалд орчихдог. Өнөөдөр бас ийм байдалд хүрчихлээ. 
 
Ардчилсан хувьсгалынхан маань ард түмнээсээ тасарч, амлалтаа мартчихсан. Өмнө нь чи хэн байсан, ямар байсан чинь хамаагүй, ард түмнээсээ тасарсан цагт чи хэн ч биш болдог. Ард түмнээсээ тасарсан цагт тэр нам ямар ч нам биш. Тийм учраас МАХН ард түмнээсээ хэзээ ч тасарч болохгүй. Албан тушаалд очихоосоо өмнө, албан тушаалтай байхдаа, албан тушаалаа өгөхдөө ч тэр тасарч болохгүй. Энэ нь тухайн намын үзэл баримтлалаар илэрдэг учраас социал демократ үзэл баримтлалаа маш сайн судалж, таньж мэдэх хэрэгтэй. 
 
Би Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн дарга З.Батбаяр болон бусад дарга нарт хэлж байгаа. Маш их сургалтыг хийх ёстой. Хэзээ ч асуусан шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө гээд хэлж чаддаг байх ёстой. Унтаж байхад нь сэрээгээд асуухад л бид ахмадаа дэмжинэ, төрийн үндсэн үүрэг бол иргэддээ үнэгүй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг болохын тулд зүггэх юм. Бид баялгаа ард түмэндээ тэгш хуваарилна, төр өөрөө үүрэг хүлээнэ гэж хэлдэг байх хэрэгтэй. Энэ бол бидний итгэл үнэмшил.
 
Хувь хүнд бүх амьдралынх нь зовлон жаргалыг нь үүрүүлээд чи өөрөө учраа ол гэж хэлж болохгүй. Тийм юм бол яах гэж энэ улс орныг байгуулсан юм, яах гэж төр засаг байгуулсан юм бэ. Төр ямар ч үүрэггүй, хэдэн танхай хүмүүс түр зуур сууж байгаа юм шиг байж болохгүй. Төр өөрөө үүргээ биелүүлэх хэрэгтэй. Төр үүргээ биелүүлэхдээ хэтэрхий хувь хүний өмч хөрөнгө рүү дайрч болохгүй. 
 
Нарийн блансыг нь барих ёстой. Тийм учраас эрх чөлөө өөрөө маш чухал. Социал демократ үзэл баримтлалын тулгын нэг чулуу нь эрх чөлөө. Үүнийг би баярын энэ өдөр би та бүхэндээ хэлэх гэсэн юм.
 
Бид сайхан зүйл ярихынхаа хажуугаар муухайгаа ч ярих хэрэгтэй. Эцэг нь охиноо зодож алсан хэрэг гарсан байна. Дөрөвхөн настай Номинхолбоо гэдэг охины амь насанд хүрсэн байсан. Тэр охины араас монголчууд маань эмгэнэн гашуудлаа. Би бас иргэнийхээ хувиар энэ асуудалд эмзэглэж, намынхаа нарийн бичгийн дарга нартай хамт очиж эмгэнэл илэрхийлж, зул өргөлөө. Маш олон хүн цугласан учраас тэр үеэр нь очиж олны анхаарлыг татаад яахав гээд оройн 22 цагийн үед очлоо. Тэр охины зургийг харлаа. Монгол дээл хувцсаа өмссөн байсан.
 
Яагаад бид ийм болчихов оо, монголчууд аа. Дөнгөж саяхан л гурван сая дах иргэнээ хүлээж авлаа гэж баярлаж байсан ард түмэн маргааш нь дөрвөн настай хүүхдээ алчихлаа. Ийм үндэстэн байж болохгүй. Эх орон маань ийм бурангүй ёсноос салах ёстой. Ард түмнээсээ салчихсан төрөө сольж өөрчлөх, улмаар ойртуулах, баялгаа дундаа хуваах, ядарсан зүдэрсэндээ туслах, харьцангуй чинээлэг дундаж давхаргыг төлөвшүүлэхийн төлөө зүтгэх ёстой.
 
Ганцаараа улс орны төлөө зүтгэх бас хэцүү. Хүмүүс надад хэлж байна, намуудхэрэг алга, та ганцаараа гарч ирээд энэ байдлыг зас гэж. Хичнээн чадалтай байсан ч би ганцаараа чадахгүй шүүдээ. Эртний Грекийн домогг Атлант гэдэг баатар гардаг. Тэр баатар тэнгэр газар хоёрыг холбож, тэнгэр баганадаж зогсдог, тэндээсээ хүчээ авдаг байсан. Бас өөр нэг баатар байсан, газраас хүчээ авдаг. 
 
Бидний баатар бол ард түмэн юм. Хүүхдийнхээ амь насанд хүрнэ гэдэг бол ард түмнээ устгах гэснээс ялгаагүй зүйл. Хүүхдээ хүчирхийлж байна гэдэг ард түмнээ тоохгүй, ирээдүйгээ устгаж байна гэсэн үг биз дээ. Монголын ирээдүйг тасалж, ургах ёстой нэг модыг тайрч, цэцэглэх ёстой нэг цэцгийг тасдаж байна шүү дээ. Бид ийм байдалтай эвлэрч болохгүй, үүнийг засах ёстой.
 
Саяхан Францад алан хядах үйл ажиллагаа болсон. Алуурчдын гарт амиа алдсан хүмүүсийг төлөөлж францчууд ирээдүйгээ хамгаална, эрх чөлөөгөө хамгаална гэж өөрсдийгөө “БИ ШАРЛЫ”гэж нэрлэн талбай дээрээ гарч ирсэн. Үүгээрээ Шарлы нас бараагүй, би бол Шарлы гэдгээ илэрхийллээ. Яг үүн шиг өнөөдөр Номинхолбоо үхээгүй. Бид бүгдээрээ Номинхолбоо. Бид дөрвөн настай охин Номинхолбоо, бид 40 настай Номинхолбоо. Бид хуульч, эдийн засагч, инженер Номинхолбоо. 
 
Бид ээж Номинхолбоо, аав Номинхолбоо. Бид бүгдээрээ Номинхолбоо юм гэдгээ ухаарч, бурангуй бүхний эсрэг нэгдэж тэмцэх ёстой юм. Ингэж байж бид эх орноо авч үлдэнэ. Номинхолбоогоо хамгаалж байж эх орноо авч үлдэнэ. Бид уламжлалаа тасдуулахгүй, түүхээ арчуулахгүй, эрх чөлөөгөө алдах ёсгүй шүү. Хувьсгал гэдэг үгээ гээхгүй, бид бүтнээр нь бүх зүйлээ авч явна. Хувьсгал гэдэг үггэй нь авч явна. Энэ дөрвөн үсэгтэй нь авч явна. Монгол гэдэг түүхтэй нь авч явна. 
 
Бүрэн бүтнээр нь авч явна. Таван хувьсгалтай нь авч явна. Хэрэгтэй бол зургадугаар хувьсгалыг хийнэ. Тийм учраас амьд байгаа болгон, хөдөлж байгаа болгон, сэтгэж бодож чадаж байгаа болгон түүхээ бодож, аав ээжийгээ бодож, өнөөдрийн Номинхолбоог бодоод Монгол Улсынхаа төлөө зүтгэх ёстой.
 
Зүтгэнэ гэдэг нь өөрийнхөө төлөө зүтгэх юм. Зүтгэнэ гэдэг нь аав ээжийнхээ төлөө зүтгэх ёстойг хэлнэ. Тэдэндээ хэлсэн амлалтдаа хүрэхийн төлөө зүтгэх ёстой.
 
Би багадаа гадаа гарч тоглох дуртай байсан. Нэг өдөр ээж, “Миний хүү хичээлээ давт. Өнөөдөр гадаа гарч тоглохгүй байж болох уу” гэхээр нь би за гэдэг амлалт өгсөн. Хэдийгээр би гарч тогломоор байсан ч, гадаа хүүхдүүд,“Энхбаяр аа гараад ирээч, хөл бөмбөг тоглоё” гэхэд нь тэр өдрөө би тэсээд гэртээ үлддэг байсан. Та бүхэн ч гэсэн хэлсэн амандаа хүрээд нэг өдөр тэсч гарах хэрэгтэй. 
 
Дараа нь хоёр, гурван өдөр болго л доо. Сайн сургуульд орж сур л даа. Сайн мэргэжилтэй болоод ажилла. Ажилдаа эзэн болж хий л дээ. Ард түмэндээ амласан бол түүнийгээ хэрэгжүүл л дээ.
 
Манай нам бол нэг том гэр бүл. Нэг нь маргааш дээшилнэ, нөгөө нь бас ажил, албан тушаалаа өгнө. Байнга цэрэг байхгүй, бас байнга дарга байхгүй. Тийм учраас байнга нэг нэгнийгээ дэмждэг, нэг нэгэндээ халуун дулааныг мэдрүүлдэг байх хэрэгтэй юм. Зовлон жаргалаа хуваалцаж, нэг нэгийгээ ойлгодог байх ёстой. Бид өнөөдөр үзэл баримтлалаараа нэгдсэн нэгэн гэр бүл болохоос биш хаа хамаагүй хүмүүс цуглачихсан зүйл биш. 
 
Яахав бидний дунд албан тушаал бодож орж ирсэн хүмүүс байгаа. Гэхдээ бид бүхний үзэл баримтлалыг сонсоод албан тушаалаа мартаад энэ намаар дамжуулан нийгмийн сайн сайхны төлөөх үзэл баримтлалаа дээдлээд явж байгаа. Тийм учраас та бүхэн маань энэ үзэл баримтлалыг таниулж, үүнийг дэмжиж зүрх сэтгэлээрээ эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэх тийм хүмүүсээр хүрээгээ тэлэх хэрэгтэй. 
 
Монголын ард түмэн МАХН-ыг олигтой байгаасай гэж хүсч байгаа учраас бид өөрсдийнхөө үзэл баримтлалыг монголчууддаа таниулж, ойлгуулах хэрэгтэй юм. Эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёс мандтугай.
 
Намбарын Энхбаяр