sonin.mn
ЧИТА. /ITAR-TASS/. Чита-Хиагт-Улаанбаатарын /Монгол/ чиглэлд явах анхны рейст дөрвөн автобус нэгэн зэрэг хөдөллөө. Автобусууд ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын нийслэл Чита хотын төв талбайгаас хөдөлжээ. Аялал 13 цаг орчим үргэлжлэх аж.
 
“Өвөр Байгалын хязгаарын захирагч болон засгийн газраас санал болгосны дагуу бид бага оврын дөрвөн автобус худалдаж авсан. Эдгээр автобус Чита болон Монголын нийслэлийн хооронд явна” гэж ахмад дайчдын нийгэмлэг болох “Өвөр Байгалын хязгаарын Чернобылийн сан”-гийн тэргүүн Олег Лясников хэлжээ. Тус нийгэмлэг нь тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа аж. Гэхдээ тэрбээр Монгол руу явсан зорчигчдын тоог хэлсэнгүй.
 
Бага оврын автобусуудыг зорчигч тээвэрлэхийн тулд тусгайлан тоногложээ. Автобус тус бүр 18 хүний суудалтай аж. Чита хотоос Хиагтаар дамжин Улаанбаатар хүрэхэд 1100 км зам туулдаг байна. Ирж буцах тасалбарын үнэ 5500 рубль аж.
 
“Одоогоор автобусууд захиалгаар үйлчлэх бөгөөд тэдгээрийг зорчигчдоор дүүргэх асуудлыг Чита хотын аялал жуулчлалын компаниудын нэг хариуцна. Бид Улаанбаатар хот руу долоо хоногт хоёр удаа зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байна” гэж Лясников ярьжээ.
 
Шинэ чиглэл нээснээр бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, Өвөр Байгалын хязгаарын оршин суугчдын аялах газрын тоо олширно хэмээн тус хязгаарын эрх баригчид найдаж байна.
 
Өвөр Байгалын хязгаарын Дээд Ульхун шалган нэвтрүүлэх цэгээр дамжин Борз хотоос Монголын Дорнод аймгийн Чойбалсан хот хүрэх автобусны чиглэл нээх боломжийг бүс нутгийн эрх баригчид хэлэлцэж байгааг тус хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцааны сайд Баир Галсанов мэдээлжээ.
 
Тус хязгаарын Агинск суурингийн үйлдвэр эрхлэгчид Монгол руу автобусаар аялах сонирхолтой байна. Тэд Чингис хааны төрсөн нутаг гэж Монголын түүхчдийн үздэг Хэнтий аймгийн Дадал суманд очихыг хүсдэг аж. Байгалын чанадын хязгаарын оршин суугчид ч мөн адил тийшээ аялах хүсэлт гаргаж магадгүй юм.
 
Орос, Монголын Засгийн газар хооронд иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай гэрээ 2014 оны 11 дүгээр сард хүчин төгөлдөр болсноор автобусаар зорчигч тээвэрлэх боломжтой болжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: