sonin.mn
 
Нарантуул захтай хаяа дэрлэн орших “Шөнийн зах’’-ыг мэдэхгүй хүн бараг л байхгүй. Тодруулбал, өнгөрсөн онд нэгэн залуу тус захын барилга дээр ажиллаж байгаад унаж хүнд бэртэл авсны улмаас хоёр нүдгүй болж улмаар шүүх хурал нь болоогүй байхад хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан гашуун үнэн бий.
 
Хохирогч залуугийн эхнэр болох Б.Болормаа бүсгүй захын удирдлагуудад өргөдөл гомдол гаргаснаар энэхүү хэрэг олон нийтэд ил болж байсан билээ. Гэсэн хэдий ч хохирогчид шүүхийн өмнө хүчин мөхөстөж, цэл залуухан эр амьдралаараа хохирч, өнөөдр ертөнцийг харах хоёр мэлмийгүй, арай ядан хоног төөрүүлж сууна. 
 
40-50 хүн барьцааны мөнгөө авч чадахгүй байгаа
 
Тэгвэл одоо тус захын удирдлагууд лангуу түрээслэж байсан хүмүүсийн барьцаа мөнгийг өгөхгүй тас гүрийж. 40 гаруй хүнийг хохироогоод байна. Ингэж хэлэх гэрч нь бидэнд тодорхой мэдээллийг дамжуулсан юм. Тус захын удирдлагуудын хүнд суртал, дээрэнгүй бүдүүлэг зан ааш нь тэвчихийн аргагүй хэцүү байдаг талаар тус захад лангуу түрээслэж байсан Н гэгч бүсгүй учирлаад, өнөөдрийг хүртэл лангууны барьцаа мөнгөө авч чадахгүй байгаа талаар доорх зүйлийг ярьсан юм. 
 
Тэрбээр “2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тус захад 6.5 м2 лангуу түрээслэн ажиллах болсон юм. Уг лангууг түрээслэхийн тулд захын эзэн болох М.Дашдондогт түрээсийн барьцаа хэмээн хоёр сая төгрөгийг бэлнээр өгсөн юм. Гэтэл бидний түрээслэсэн хэсэгт ямар ч хүн орж ирэхгүй орлого байхгүй учир аргагүй эрхэнд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр М.Дашдондог захиралд өргөдөл гарган лангуугаа суллаж, барьцааны мөнгөө авъя гэж хэлсэн. 
 
Гэтэл захын удирдлагууд бидэнд одоо ямар ч мөнгө алга. Та нар ирэх долоодугаар сард мөнгөө ав гэж хэлсэн. Уг нь бидэнтэй анх гэрээ хийхдээ иймэрхүү маягаар гэрээ хийгээгүй юм. Одоо нийтдээ тус захын удирдлагуудаас барьцаа мөнгөө авах гэсэн 40-50 хүн байна.
 
Уг нь М.Дашдондог захирал бидэнд хоёр сая төгрөг гаргаад өгчих боломжийн хүн гэдгийг хүн болгон мэднэ. Угаасаа түрээслэгчид гарлаа гэхэд араас нь барьцааны мөнгөө өгөөд орж байгаа өчнөөн олон түрээслэгчид байгаа. Гэтэл бид нарт мөнгө байхгүй долоодугаар сард ир гээд байна. Бид өнөөдөр амьдралаа залгуулах гэж энэ зах дээр лангуу түрээслэхээр ирсэн хүмүүс. 
 
Яг үнэндээ энэ хоёр сая төгрөгийг барьцаа мөнгө болгож өгөхийн тулд бусдаас хүүтэй зээлж авсан мөнгө шүү дээ. Тиймээс л бид барьцааны мөнгөө хурдан авмаар байна гэж яаж ч хэлээд биднийг хүн гэж тоохгүй байна. Аргаа бараад хэвлэлд хандаж зохих газруудад нь гомдол гаргахаар зэхэж байна. Уг нь мөнгөтэй хүмүүст хоёр сая төгрөг гэдэг бол юу ч биш. Тэдний нэг оройных нь хоолны мөнгө байлгүй дээ. 
 
Хүн орохгүй байгаа газарт бид улам бүр түрээсийн өрөнд орж, өрөө дийлэхгүй болно шүү дээ. Түрээслэгчидтэй туйлын уян хатан харьцдаг гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр рекламддаг хүмүүс бодит байдал дээр шал өөр байдаг юм байна. Уг нь “Шөнийн зах”-ын эзэд нийгэмд нэлээд өндөр байр суурь эзэлсэн төрийн алба хашдаг хүмүүс шүү дээ. 
 
Тухайлбал, захын эзэн М.Дашдондогийн төрсөн ах нь М.Хүрэлсүх гэж хүн бий. Энэ хүн өмнө нь тус захыг ажилуулж байсан. Одоо БОНХЯ-ны дэд сайд хийгээд, тарган цатгалан, өндөр албан тушаал хашиж яваа. Тэгвэл өнөөдрийн эзэн М.Дашдондогийг мөнгө ихтэй, шинэ баячуудын нэгэн гэдгийг энэ захын хуучин түрээслэгчид бүгдээрээ дуу нэгтэй батладаг. 
 
Гэтэл ийм баян, тарган хүмүүс ийм олон хүнийг түрээсийн барьцааны мөнгөөр хохироож болохгүй шүү дээ. Тиймээс М.Хүрэлсүх сайд аа “Бид урдахаа хойдхоороо нөхөж арай ядан бор хоногийг өнгөрөөж яваа хүмүүс. Бид та нар шиг тарган затгалан амьдардаг улс биш. Та бүхний халаасанд байгаа хоёр сая төгрөгиин хүүг төлөх нь бидэнд үнэхээр хүнд байна. Таныг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна” гэж хэлмээр байна” гэв. 
 
Ингээд мэдээллийг баттай болгохын тулд тус захын менежер Д.Хосбаярын 9595.... дугаарын утас руу холбогдож бодит байдлын талаар хариулт авах гэсэн боловч тэрбээр утсаа авахгүй байсан юм. Түүнчлэн эх сурвалж Н-ийн хэлж буйгаар анх хоёр сая төгрөгийн түрээсийн барьцаа мөнгө өгчихөөд одоо янз бүрийн зүйл суутгасаар байгаад нэг сая найман зуун тавин мянган төгрөг авахаар болсон хэмээн ярьж байсан. 
 
Яг үнэндээ төрд ямар ч татвар төлдөггүй хүмүүсийг түрээслүүлэгчүүд гэж УИХ-ын гишүүн Г.Уянга хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгчид сардаа хэдэн арван сая төгрөгийн ашгийг зовлонгүйгээр олдог гэсэн үг. Тэд ийм ч учраас түрээслэгчдийн эрх ашгийг дуртай үедээ зөрчиж байдаг нэг бодит жишээ нь дээрх иргэний асуудал юм. 
 
Харин’ “Шөнийн зах”-ын эзэн М.Дашдондог өнгөрсөн онд өгсөн ярилцлагадаа их л боломжийн зүйл ярьж байж. Тэрбээр “Эрсдэлгүй зүйл гэж үгүй. Би түрээслэгчиддээ санхүүгийн бэрхшээл, эдийн засгийн хямрал, борлуулалт эрс муудсан зэргийг харгалзан боломж олгодог" гэж ярьжээ. Гэтэл түүний хэлсэн энэ үг амьдрал дээр огт өөр байгаа нь түүнийг аль хэр ажил хэрэгч хүн бэ гэдгийг тодорхойлж буй юм. 
 
Ямартай ч тун удахгүй 40-50 хүн “Шөнийн зах”-ын хохирогчид хэмээн Чингисийн талбай дээр жагсаж, өлсөж байвал нэг их гайхах хэрэггүй бололтой. Юутай ч төрийн өндөр албан тушаал хашиж ард иргэдийнхээ аж амьдралыг хамгийн сайн мэдэж байх учиртай М.Хүрэлсүх дэд сайд аа, ядарсан иргэдэд хоёр сая төгрөг гэдэг тун их мөнгө.
 
Тиймээс таныг энэхүү асуудлыг анхаарлдаа авч, хүмүүсийн хохиролыг яаралтай барагдуулна гэдэгт олон хүн итгэж байгааг үүгээр уламжилъя. Мөн эвэхүү асуудлыг ШӨХТГ-ынхан анхааралдаа авахад илүүдэхгүй бололтой.
 
Р.Саруул
Эх сурвалж: