sonin.mn
БЭЭЖИН. /RIA Novosti/. Интернэт хэрэглэгчдийн бүртгэлийг зохицуулах болон сүлжээний мэдээлэлд тавих хяналтыг эрс чангатгасан шинэ журам Хятадад гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. “Кибер орон зайн аюулгүй байдлыг” хангах кампанит ажлын хүрээнд Хятадад “аккаунт нээх 10 журам” тогтоожээ. Энэ журмыг тус улсын Кибер орон зайд хяналт тавих газар хоёрдугаар сарын 4-нд нийтэлсэн байна. Интернэтийн хэрэглээг зохицуулах үүрэг хүлээсэн тус байгууллагын мэдээлснээр, интернэт ашиглахдаа бусад улсын төрийн тэргүүн нар болон олон улсын байгууллагуудын нэр, мөн алдартай хүмүүс болон өндөр албан тушаалтнуудын нэрийг ашиглан нууц нэр үүсгэхийг гуравдугаар сарын 1-нээс эхлэн хоригложээ.
 
“Хятадад интернэт хэрэглэгчдийн тоо асар олон байдаг. Зарим нь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн нэрийг ашиглан хуурамч мэдээлэл цацдаг, мөн Обама, Путин зэрэг гадаад улсын төрийн тэргүүн нарын нэрийг ашиглан цуурхал тараадаг” гэж Хятадын интернэтийн хэрэглээг зохицуулагч агентлаг мэдэгджээ. Кибер орон зай дахь “энэ эмх замбараагүй байдал” нь “олон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байна” гэж тус байгууллага үзжээ.
 
Үүнтэй холбогдуулан шинэ журамд заасны дагуу Хятадын хэрэглэгчид интернэтэд бүртгүүлэхдээ жинхэнэ нэрээ бичих ёстой юм. Шинэ журамд зааснаар, хөрөг зураг /аватар/ ашиглах, мөн улс орны аюулгүй байдалд хохирол учруулахуйц,  улсын нууцыг задруулсан, улс төрийн тогтолцоо болон улс орны нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлөх, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн мэдээлэл ашиглахыг хориглосон байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: