sonin.mn
ТОКИО. /ITAR-TASS/. “Эбола” вирусийн халдвар тархсаны улмаас өнгөрсөн онд гадаадын жуулчдад тогтоосон хөл хориог Умард Солонгосын эрх баригчид цуцлахаар төлөвлөж байгаа аж. Энэ тухай Японы Киодо агентлаг мэдээлжээ. “Эбола” тархсан орнуудаас ирж буй жуулчдыг 21 хоног тусгаарлах шийдвэрийг Умард Солонгосын эрх баригчид өнгөрсөн оны 10 дугаар сард гаргасан байна. Тухай үед тус улсад “Эбола”-гийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссыг байгуулжээ. Тус хорооны бүрэлдэхүүнд Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй болон Хөдөлмөр, төмөр замын яамны төлөөлөгчдийг оруулсан байна. Түүнчлэн бүх муж, хот, хошуудад “өвчний оношийг богино хугацаанд зөв оношилж, зохих арга хэмжээ авах” зорилгоор эмнэлгийн яаралтай төвүүд ажиллаж эхэлжээ.
 
Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш Умард Солонгос болон Азийн орнуудад “Эбола”-гийн халдварын нэг ч тохиолдол илрээгүй билээ. Уг вирусийн халдвар хамгийн ихээр тархсан Баруун Африкийн гурван оронд халдварын тархалт сүүлийн үед саарч эхэлсэн боловч тархалтыг бүрэн зогсоохоор ажилласаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, халдвар тархсанаас хойш Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад 23 700 хүн халдвар авснаас 9589 нь нас баржээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: