sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Хятадын эрх баригчид ОХУ-тай идэвхтэй хамтран ажиллаж, бизнесийн тал дээр бусад орнуудтай харилцаа тогтоох замаар АНУ-ын нөлөөллийн эсрэг дэлхийд өөрийн нөлөөг идэвхтэй өргөжүүлж байна гэж Германы “Deutsche Wirtschafts Nachrichten” сонинд бичиж байна. Геополитикийн стратегийн хувьд Хятад улс эдийн засгийн хамтын ажиллагааны зарчмыг баримталж байна. “Хятадууд Европт удаан хугацааны турш идэвхтэй хөрөнгө оруулалт хийснээр хүйтэн дайны үеэс хойших хугацаанд тус улсын нөлөө эрс бэхэжсэн  байна. Үүний зэрэгцээ доллартой өрсөлдөхүйц хувилбарыг бий болгох зорилгоор юанийг дэлхийн валют болгохын тулд ажиллаж байна” гэж Германы сонинд гарсан нийтлэлд бичжээ.
 
Хятад улс гадаад бодлогын асуудлаарх байр сууриа ихэнхдээ тодорхой зарлан дурддаггүй боловч хийж буй үйлдлээрээ түүнийгээ тодорхой илэрхийлдэг. “Хятад Баруунтай тогтоосон харилцаагаа муутгахгүйн тулд Украины зүүн нутгийн мөргөлдөөний талаар одоог хүртэл төвийг сахисан байр суурьтай хэвээр байгаа. Үүний зэрэгцээ, Бээжингийн эрх баригчид ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлж, шаардлагатай үед Орост зээлийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ саяхан мэдэгдсэн” гэж нийтлэлд бичсэн байна.
 
Бельги дэх Хятадын Элчин сайд Чу Синь Украины хямралын талаарх Оросын байр суурийг анх удаа илтээр дэмжиж, Өрнөдийн орнуудын эрх баригчид мөргөлдөөнийг шийдэх арга барилаа эргэн харах хэрэгтэй гэж энэ долоо хоногт мэдэгдсэнийг тус сонинд сануулжээ. “Дэлхийд байр суурь нь суларч байгааг АНУ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Үнэн хэрэгтээ тэдний нөөц бололцоо хязгаарлагдмал. Америкчууд дэлхийд нөлөөгөө хадгалахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай” гэж Хятадын дипломатч мэдэгдсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: