sonin.mn

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр цагаан сарын битүүний өдөр эх орондоо ирсэн билээ.  Аав ээжтэйгээ золгож, хадам ээжийнхээ насны ойг тэмдэглэх зорилготой ирсэн гэх түүнийг  АТГ саатуулахыг завдсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон юм. Энэ тухай тэрээр:
Монголын ард түмэн ер нь гадарлаж байгаа байх. Төрийн тэргүүний албаа өгөөд зургаан жил өнгөрч байна. 2009 онд ажлаа өгснөөс хойш улс төрийн үйл ажиллагаа явуулж, ямар нэгэн хээл хахуультай холбоотой асуудал юу ч байхгүй. Монголд улс төрийн өрсөлдөгчөө хууль хяналтын байгууллагаар дарамтлуулж, идэвхтэй үйл ажиллагааг нь хаах гэж оролддог болжээ. Ийм л буруу соёл, буруу ёс тогтчихлоо. Надаар зогсохгүй УИХ-ын гишүүн, төрийн байгууллагын дарга нар гээд л. Цаашдаа энэ ёс уламжлал болох нь. Би яагаа ч үгүй гээд дуугүй явж болно. Гэхдээ энэ миний асуудал биш. Улс төрийн сонгуулийг шударгаар явуулж нэг, нэгнийгээ айлгаж сүрдүүлдэггүй байх ёстой. Айлгадаг субъект нь ард түмэн байх ёстой болохоос биш АТГ, цагдаа байж болохгүй. Би хуулийн дагуу л ажиллана. Өмгөөлөгчтэйгээ байж байгаад ямар хэргээр сэжиглэж байгааг нь сонсч хариу өгөх ёстой. Надад хийсэн ямар ч хэрэг байхгүй. Солонгост байхад “Монголд ирж болохгүй. Ирвэл баривчилна шүү гэдэг мессеж ирсэн ч би зөрүүдлээд л ирсэн.” хэмээсэн.


Харин яг хэн тийм мессеж ирүүлсэн юм бэ гэх сэтгүүлчийн асуултанд тэрээр “Хэнээс байхав дээ. Ирдэг хүмүүсээс нь.” Гэсэн юм.
Эх сурвалжуудын хэлж буйгаар Н.Энхбаярыг дахин албадан саатуулах гэж буй бөгөөд хэрэв түүнээс урьтаж Солонгосыг зоривол эрэн сурвалжилж, дахин Монголд ирүүлэхгүй байх алхам хийж ч магадгүй аж. "Ирвэл баривчлана" гэсэн мессежийг  Н.Энхбаяр луу илгээсэн “ХҮН” л энэ бүхний ард байгаа бололтой.

Э.Мягмардорж