sonin.mn
Улсын хэмжээнд он гарсаар нийслэлийн Баянзүрх дүүрэг, Хэнтий, Дорнод аймгийн 3 суманд нийт 5 удаагийн ой,хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 19 га ой, 7000 га хээр, нийт 7019 га талбай түймэрт өртөөд байна.
 
 Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 105 албан хаагч, 10 автомашин, Хилийн цэргийн анги, заставаас 1 албан хаагч, орон нутгаас 90 иргэн, 17 автомашин, нийт 195 хүн, 27 автомашин техник, хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
 
ОХУ-аас Монгол Улсын хил давж 1 удаа хээрийн түймэр орж ирсэн.  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Богдхан уулын “Төр хурахын-Ам” гэдэг газар аялал жуулчлалын 40 дүгээр цэгээс урд зүгт ойн түймэр гарч байна гэсэн мэдээллээр /2015.02.26/ Онцгой байдлын газрын аврах анги, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 69 албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна.  Манай орны нутгийн 40 орчим хувь цасан бүрхүүлтэй, ихэнх нутгаар  хуурайшилттай байна.
 
Иймд, иргэд ил задгай гал түлэхгүй байх, асаасан тамхи, шүдэнзийг сайтар унтрааж гал түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
 
 Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад улсын хэмжээнд цас бага орсон нь хаврын улиралд хуурайшилт эрт эхлэнэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа юм.
 
Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны нийт бүс нутгаар 2015 оны 1, 2 дугаар улиралд олон жилийн дунджаас хур тунадас бага, хуурайшилт идэвхитэй явагдах цаг агаарын урьдчилсан мэдээ гаргасан байна. Мөн 3, 4 дүгээр сард ихэнх нутгаар үе, үе хүчтэй салхи шуургатай байх төлөв гарчээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг