sonin.mn
Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллага (ОУИХБ)-ын  Женев дэх Ерөнхий Ассамблейн IX тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр болгон тэмдэглэж байхаар заасан байдаг.
 
Энэ жил ОУИХБ-аас “Иргэний хамгаалалт, гамшгийн аюулыг бууруулах, тогтвортой хөгжил” уриалгыг дэвшүүлэн Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг гишүүн орнуудын хэмжээнд тэмдэглэх гэж байна.Монгол Улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага нь байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн үед хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах, туслах үйл ажиллагааг баталгаажуулах бүтцийг улс орнуудад хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой засгийн газар хоорондын байгууллага юм.
 
Тус байгууллагын эх суурь 1931 онд тавигдаж, 1972 оны 3 дугаар сарын 1-нд ОУИХБ Засгийн газар хоорондын байгууллага болон байгуулагдсан байна.
 
Одоогоор тус байгууллага  53 жинхэнэ гишүүн, 18 ажиглагч орныг эгнээндээ нэтгэжээ. Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд  жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болжээ. Дэлхийн Иргэний хамгаалалтын өдрийг манай улс өргөнөөр тэмдэглэнэ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг