sonin.mn
Японы Гадаад хэргийн яамнаас Дэлхийн комикс урлагийн нэр хүнд бүхий Олон улсын “Манга” уралдаанаас Гранпри шагнал хүртсэн зураач Н.Эрдэнэбаярыг өнөөдөр Японы Элчин сайдын өргөөнд урьж хэвлэлийн хурал хийлээ.
 
Хэвлэлийн хуралд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн зурган номын зохиолч, зураач Н.Эрдэнэбаяр, шог зураач С.Цогтбаяр нар оролцов.
 
“Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр энэ жилийн уралдаанд дэлхийн 46 орны 317 уран бүтээлчтэй өрсөлдөж “Бумбардай аргалд явсан нь” зурган номоороо тэргүүн байр эзэлсэн юм. Удаах байруудад Хятад, Тайвань, Малайзын уран бүтээлчид шалгарчээ.
 
Тэрбээр энэ сарын 12-нд Токио хотод байрлах Японы Гадаад хэргийн яамны “Иикүра” ёслолын ордонд шагналаа гардсан юм. Тус шагнал нь дэлхий дахинд түгсэн манга, комиксийн соёл, урлагаар дамжуулан олон улс хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Японы Гадаад хэргийн яамнаас олон улсад манга, комикс хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр үзүүлсэн хүнд өгдөг шагнал юм.
 
Түүний “Бумбардай Аргалд явсан нь“ зохиолд монголчууд хэрхэн байгаль дэлхийтэйгээ ээлтэйгээр зохицон амьдардаг болон монголчуудын ахуйн өв болох араг саварыг гол сэдвээ болгож, эх үрийн хайр, хүйн холбоо, монгол домын тухай уран сайхны аргаар өгүүлжээ.
 
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бү0рэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ, “Хүмүүс мангаг зугаагаа гаргах зүйл гэж ойлгодог боловч цаанаа маш том аж үйлдвэр, үйлдвэрлэл байдаг юм. Монгол улс ч гэсэн энэ чиглэлээр хөгжих боломжтой. Японд манга болон анимэ бүтээдэг компаниуд салбартаа манлайлдаг.
 
Тэдгээр компаниудын жилийн борлуулалтыг 2012 оны байдлаар авч үзвэл 172 тэрбум 500 сая иен, ам.доллараар шилжүүлбэл 1.72 тэрбум ам.доллар байдаг. Монголын үндэсний нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 12 тэрбум ам.доллар байдаг бол үүнээс давсан анимэгийн зах зээл байгаа гэдгийг та бүхэн анзаарч хараарай.
 
Монгол дахь манга болон анимэ урлагийг сонирхон судалдаг хүмүүс улам олширч, түүнийгээ цаашдаа үйлдвэрлэл болгон хөгжүүлнэ гэдэгт найдаж байна” гэв.
 
Уран бүтээлч Н.Эрдэнэбаяраас дараах зүйлийг тодруулав.
 
-“Бумбардай аргалд явсан нь” бүтээл Монгол ахуйг тусгасан учраас олны анхаарлыг татав уу. Эсвэл өөр шалгуур байв уу?
 
-Японы манга, анимэйшн чиглэлийн тэргүүлэх зэргийн мастер, дэлхийд домог болсон алдартан 30-аад хүн бүтээлүүдтэй танилцан, шалгаруулалт хийсэн. Шүүгчдийн зөвлөлийн дарга нь монголчууд өвөрмөц шинэ зүйлийг мэдрүүлж чадлаа, бидэнд  цочрол өгсөн, хүний мөн чанар, сэтгэл рүү өнгийсөн том агуулгатай бүтээл болжээ хэмээн үнэлсэн.
 
Агуулга, зохиол, зураг дүрслэл нь сайн учраас хүнийг шууд тухайн орчинд нь аваачиж чадсан. Японы манга урлагаас өөр дүр, төрх, өнгө аясыг харуулж чадсан хэмээж байсан.
 
 -Манай улсад комик урлаг хэр хөгжиж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
 
 -Монголын комикс манга чиглэлийн салбарыг ярьвал эхний комик гэж хэлж болохоор ном бол хувьсгалын дараа ухуулга сурталчилгааны хэлбэрээр хэвлэж байсан. Дараа нь Тоншуул, Матар сэтгүүлд комик нүүр нэлээн гарсан л даа.
 
1960-аад оны дундуур ганц нэг комик ном гарсан. Мөн 1990-ээд оны эхэн үеэр “Борхүү, Одхүү, Төмөрхүү гурвын адал явдал” гэсэн бүрэн хэмжээний ном, 2000 оны эхээр “Чингис хаан” цуврал гарч байсан. Энэ нь монголчуудад комикс мангаг мэдрүүлж өгсөн. Хэвлэлийн Ирмүүн компани Динза, Цүндээлэй, Цондоолой цувралыг гаргаж монголчуудад тодорхой хэмжээгээр таниулж байлаа.
 
Миний хувьд 2003 оноос комикс манганий чиглэлээр 10 гаруй жил зурж байна. Энэ хугацаанд 100 гаруй ном бүтээсэн. “Гурванзуун тайчуудыг дарсан домог” номыг анх хийж байсан.
 
Дараа нь бага хаадад зориулсан “Батхаан” комикс цуврал, “Бонго”, “Дусалхүү”, “Майдар”, “Бумбардай” төслийг хэрэгжүүлж байна. “Бумбардай” төслийн хувьд 25 жилийн төсөл болгон нийт 108 цуврал ном гаргахаар төлөвлөж байна. Ойрын жилүүдэд 12 цувралыг гаргахаар төлөвлөөд байна.
 
-Хөгжлийн хувьд аль улсын уран бүтээлчид тэргүүн эгнээнд бичигддэг юм бэ. Монголд комик хэлбэрээр уран бүтээл туурвидаг хэр олон зураач бий вэ?
 
-Дэлхийд япончууд манга гэдэг хэлбэрээр тэргүүлж байгаа. АНУ комикс чиглэлээр тэргүүлдэг. Гэхдээ энэ бол утга, агуулга нэг л ижил зүйл. Тэдгээрийн дараа Испани, Филиппин, Солонгос, Хятад, Европын орнууд, Мексик эхний топоор жагсдаг. Ураан бүтээлчдийн хувьд яг дагнаад, тогтвортой хийж байгаа нь цөөн. Уран бүтээлчид ихэнхдээ дагнахаасаа илүүтэй сонирхож хийж байна.
 
Японы манга руу ойртуулж “Эс Ти Арт” студийн залуус манга сэтгүүл гаргаж эхний гурван цуврал уншигчдад хүрсэн. Монголд Америк болон японы манга соёлын нөлөө түлхүү орж ирж байгаа учраас цаашдаа монголын хэв шинжийг харуулсан бүтээл гарна гэдэгт найдаж байна.
 
 -Монголд манга урлагийг хөгжүүлэхийн тулд цаашид ямар ажил хийх вэ?
 
-Байгууллагууд их нааштайгаар хүлээж авдаг болж байна. Бид ч хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Тухайлбал “Бумбардай”-г дэлхийн зах зээлд гарган Монголын брэнд болгохоор зэхэж байна.
 
Зөвхөн номоор хязгаарлахгүй МҮОНТ-тэй хамтран хүүхдийн нэвтрүүлэг, Хүүхэлдэйн театртай хүүхдийн жүжиг, “Найрамдал” төвд өв соёлыг сурталчилсан хотхон байгуулах, Хүүхдийн төлөө газрын ойд зориулсан арга хэмжээ зохион байгуулах зэргээр маш олон ажил төлөвлөөд байна.
 
 Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг