sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Гаалийн тарифын зөвлөлийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 306 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
 
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр дотоод, гадаад худалдааг Аж үйлдвэрийн сайд эрхлэхээр болсон. Иймд “Гаалийн тарифын зөвлөлийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 306 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар тогтлоо.
 
Гаалийн тарифын зөвлөл нь Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхол, дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор гаалийн татвар, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь хэмжээг оновчтой тогтоох чиглэлээр дүгнэлт, санал гаргах, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болон худалдааны нэн тааламжтай тариф хэрэглэх хэлэлцээр байгуулсан улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүнд тарифын нэн тааламжтай нөхцөл олгох, хөгжингүй орнуудаас үзүүлдэг тарифын хөнгөлөлтийг ашиглах талаар тарифын хэлэлцээ хийх санал боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
 
Зөвлөл 15 гишүүнтэй, төсөв, худалдаа, гадаад харилцаа, гааль, татвар, эрчим хүч, уул уурхай, зам, тээвэр, үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд Зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн даргын бүрэн эрх, чиг үүргийг тодорхойлж хэрэгжүүлэх, Зөвлөлийн хурлын дэгийг тогтоохтой холбогдох харилцааг зохицуулах асуудлыг дүрмийн төсөлд тусгажээ. Энэхүү тогтоол батлагдсанаар Гаалийн тарифын зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөл, боломж бүрдэнэ.