sonin.mn

УИХ-ын намрын чуулган  цагаан сарын битүүний өдөр сүүлийн хуралдаанаа хийж, нэр бүхий хуулийг  баталсан билээ.
Тэр дундаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.
Уг хуулинд чухам ямар өөрчлөлтүүд орсон тухай хүргэе.



  1 дүгээр зүйл. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 3, 4 дүгээр зүйл нэмсүгэй:

3 дугаар зүйл. Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална. Уг журам, гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах зардлыг 100 хувь урьдчилан байршуулах нөхцөл, хяналт тавих төрийн байгууллагын албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тус тус тусгасан байна.

4 дүгээр зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй.”

    1 дугаар зүйл. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2 дугаар зүйл.

2.1.2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахаас өмнө ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуулийн 8.6, 29 дүгээр зүйл, 30.2, 42.1.5-д заасныг хэрэгжүүлнэ. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-т заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтооно. Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

    Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тухайн аймгийн Засаг дарга гэрээ байгуулж, хяналтыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

    Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд нөхөн сэргээлт хийхэд гаргах зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрийн ашиглалт явуулсан хугацаанд олсон орлоготой нь уялдуулан нөхөж гаргуулна.

3   дугаар зүйл. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “тусгай зөвшөөрлийг энэ хууль батлагдсанаас хойш 5 сарын хугацаанд цуцална” гэснийг “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж өөрчилсүгэй.

Уг хуулийг батлахыг дараах УИХ-ын гишүүд дэмжсэн ба Г.Баярсайхан,  Д.Ганбат, Ц.Оюунбаатар,  Д.Сарангэрэл нар эсэргүүцсэн.



Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар уг хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байгааг эсэргүүцэн, УИХ-ын танхимыг орхин гарсан юм.


Э.Мягмар