sonin.mn

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцууллаа.  Уг төсөлд Хууль зүйн байнгын хорооноос “Улсын бүртгэлийн байгууллага нь нэг ашигтай бизнесийн болон нэг намын нэрийг олон дахин хувилж, ард нь цэг, таслал тавьж хуулийн этгээдийн оноосон нэрээр тоглохгүй байх, бүртгэлийн байгууллага нь шударга ажиллах, мэргэшүүлэх талаар хуулийн төсөлд тусгах” зэрэг санал гаргасан байна.

Дашрамд сонирхуулахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2003 онд баталснаас хойш нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ба уг хуульд цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх, лавлагаа олгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа аж. 2012 онд хувийн хэвшлийн дунд хийсэн санал асуулгын дүнгээс үзэхэд хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлага байгааг онцолсон бөгөөд одоогийн хууль, эрх зүйн орчинд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж 8 шат дамжлагаар 5 хоногт бүртгүүлж буйг хялбаршуулж, хуулийн этгээдийг бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг цөөрүүлэх, хурдан шуурхай, шат дамжлагыг багасгах, чирэгдэлгүй болгох шаардлага хууль боловсруулах үндэслэл болжээ.

Ийнхүү Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 64 хувийн саналаар батлав. Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж буйтай холбоотойгоор 30 орчим хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт орж байгаа бөгөөд хууль тус бүр дээр санал хураалт явуулж, батлав.

Ч.Ариунболд

Эх сурвалж: