sonin.mn

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн  нэмэлт өөрчлөлтөөс үүдэн эмнэлгүүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүсээд байгаатай холбоотойгоор УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд  Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран энэ сарын 30-нд ажиллана.

 Нийслэлийн хүн амын өсөлттэй холбоотойгоор эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн нэмэлт,  өөрчлөлтийн дагуу эмнэлгүүд биеэ хянах чадваргүй болтлоо согтсон иргэдэд яаралтай тусламж үзүүлэн ажиллаж байгаа юм. Уг хуулийн 5.1 заалтаар цагдаагийн байгууллагаас эмнэлэгт согтуу иргэдийг авчирч байгаа нь эмнэлгийн ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад эрх нь байнга зөрчигдөж байгаа юм.

 

Тухайлбал, яаралтай тусламж үзүүлэх гэсэн эмч, эмнэлгийн ажилтнуудыг согтуу иргэн зодож, гэмтээх, эмнэлгийн багаж, төхөөрөмж, эд хөрөнгийг эвдэх, орчныг бохирдуулах, бусад хэвтэн эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэргээр зүй бус харилцдаг. Харин эмнэлгийн эмч, ажилтнуудад өөрсдийгөө хамгаалах хүч, хэрэгсэл байдаггүй улмаас хохирч үлдэх явдал тогтмол гарсаар байгаа нь эмнэлгийн байгууллагын ажилтнууд, иргэдээс олон тооны гомдол, хүсэлт гаргаж байна.

 

Тиймээс Эмэгтэй гишүүдийн бүлэг Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1 заалтад өөрчлөлт оруулах, уг асуудлыг хуулийн хүрээнд зохицуулан, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхааран Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллан, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах гэж байна.

 

Эх сурвалж: