sonin.mn

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Грекийн Ерөнхий сайд Алексис Ципраст парламентын сонгуульд ялсанд нь баяр хүргэж, хоёр орон амжилттай хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Обама өнөөдөр Грекийн Ерөнхий сайд Ципрастай ярьж, түүнд сонгуульд ялсанд нь баяр хүргэхийн ялдамд Грекийн эртний анд нөхөр, холбоотон болохын хувьд тус улсын шинэ Засгийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж мэдэгдэлд дурджээ. “АНУ-Грекийн хамтын ажиллагааны зорилго бол Грек улсыг урт хугацааны хөгжил цэцэглэлтийн замд нь оруулах явдал юм. Үүний зэрэгцээ, Европын аюулгүй байдал, терроризмтой тэмцэх талаарх хоёр орны хамтын ажиллагааг хоёр төрийн тэргүүн хэлэлцсэн” гэж мэдэгдэлд онцолсон байна.

Өнгөрсөн ням гарагт Грекийн парламентын сонгуульд хэт зүүний төвийн “Сириза” нам 300 суудлаас 149-ийг авч ялсан билээ. Тус нам барууны төвийн “Тусгаар грекчүүд” намтай эвслийн засгийн газар байгуулах гэрээг үзэглэсэн бөгөөд “Сириза”-гийн тэргүүн Ципрас Ерөнхий сайдаар томилогдсон байна. Еврогийн бүсээс гаралгүйгээр Грекийн эдийн засгийн хямралыг зохицуулах нь Ципрас сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол амлалт байжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: