sonin.mn


НҮБ. /ITAR-TASS/. Энэ онд Сирийн ард иргэдэд 2.9 тэрбум долларын тусламж үзүүлэх шаардлагатай гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан туслах Кюнг-ва Канг тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ хуралдаанд үг хэлэхдээ мэдээлжээ. Өнгөрсөн онд олон улсын хандивлагч орнуудаас мөнгө орж ирээгүй учраас Сирийн хэдэн зуун мянган иргэн өвлийн бэлтгэлээ хангалттай базааж чадаагүй гэж тэрбээр хэлсэн байна.

“Сирид явуулж буй ажлыг үргэлжлүүлэхийн тулд хүмүүнлэгийн байгууллагуудад хөрөнгө мөнгө шаардлагатай байна. Тус улсын оршин суугчдад тусламж үзүүлэхэд энэ жил 2.9 тэрбум доллар шаардлагатай. Өнгөрсөн онд бид хүссэн мөнгөнийхөө ердөө 48 хувийг авсан. Одоогоор өвөлд бэлтгэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө дутагдаж байна. Энэ нь зайлшгүй тусламж шаардлагатай байгаа 3.3 сая хүнээс хэдэн зуун мянга нь тусламж авч чадаагүй байна гэсэн үг юм” гэж Кюнг-ва Канг ярьжээ.

Энгийн иргэдэд тусламжийг саадгүй хүргэх болон тэдний аюулгүй байдлыг хангах талаар тавьсан НҮБ-ын шаардлагыг Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэн биелүүлэхгүй байна гэж тэрбээр АЗ-ийн гишүүдэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ.

Д.Жаргал