sonin.mn

МАН-ын шинэчлэлийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн алуурчдыг зарлах, хариуцлага нэхэх талаар мэдээлэл хийж энэ цаг үед хамгийн муу нэртэй, луу данстай болчихоод байгаа хэдэн хүнийг дээрээс нь дахин жаал балбаад авав.

үе үе олон нийтийн санаа бодол ямар асуудалд арай илүү ач холбогдол өгч байгааг барагцаалж судалсныхаа дараа хөөрхөн улстөржиж, нийгмийн сэтгэл­­зүйд нөлөөлөхийг орол­­дсоноо төдөлгүй усанд шидсэн чулуу шиг алга болчихдог МАН-ын шинэчлэлийн хороо гэгчийнхэн энэ удаагийн дүгнэлтээрээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар шиг “нүгэлтэй” этгээдүүд байхгүй гэдгийг барим тавим тодруулав бололтой.


Тийм ч учраас “хойд талын хар овоохой” шиг дөрвөн нөхрийг "Эдийн засгийн алуурчин"-аар эргэлт буцалтгүй зарлаатахав.

Саяхан л МАН-ын шинэчлэлийн хорооны дарга байсан Т.Аюурсайхан хэсэг хөөрхөн бужигнуулсныхаа шагналд МАН-ын даргын сунгаанд нэр нь дэвшин өрсөлдөж үзсэн. Харин өнөөдөр О.Магнайгийн оронд ШӨХТГ-ын даргын суудалд заларч суугаа. Тэнд очоод мань дарга баахан халаа, сэлгээ хийгээд амжсан. МАН-ын шинэчлэлийн хорооныхон юуг хэрхэн шинэчилсэн нь тодорхойгүй ч намынхаа хөгшчүүлийг хэсэг шаналгаж, зүгээр ч үгүй хөөрхөн шахаанд оруулсныхаа хүчинд өнөөдөр бараг бүгдээрээ хурган дарга болцгоочихоод цохиж яваа. Ийм л нэг шинэчлэгчид “Эдийн засгийн алуурчин”-гуудыг ил тод зарлаж, мөн ч их эр зориг гарган түүхэнд тэмдэглэгдэх гавьяа байгуулцгааж байгаа бололтой юм.

Тэдний олон сарын гярхай ажиглалт, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтээр бол Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Ч.Улаан, Н.Золжаргал нар нь Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн “алуурчид” юм байна. Тиймээс ч эдгээр “алуурчид”-ыг албан тушаалаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагад шалгуулах ёстой хэмээн ууртай мэдэгдэцгээв. Хэрэв хариуцлага тооцохгүй бол байнга сануулж, бах таваа хангаж байхаа ч мэдэгдэхээ мартаагүй.

Харин тэд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн өнөөдрийн хямрал нь засаглалын хямрал, сонгуулийн тогтолцооны гажуудлаас үүдэлтэйг мэдэхгүй юм уу, булзааруулахыг санаархаж байгаа эсэх нь тодорхойгүй. Нөгөөтэйгүүр засаглалын хямралын хажуугаар тухайн үеийн МАХН өнөөдрийн МАН-ын үе үеийн лидерүүд болох Ерөнхий сайд нар өнөөдрийн эдийн засгийн хямралын гол “нүгэлтэн”-үүд гэдгийг тас нууж, ёстой л хэлээ цус шүүртэл хазаад өнгөрөхөд нь өмнөөс нь нүүр байтугай улайж, хачин жигтэйхэн юм болсныг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Н.Түвшинбаяр аваргыг олимпийн алтан медаль авсан өдөр төрийн ордонд архидаж, архидаж гарч ирэнгүүтээ хөл дээрээ тогтохгүй дэлчигнэж байсан ч талбайд цугларсан олныг хөөргөн “Ура” хашхируулж байсан тэдгээр “Эдийн засгийн алуурчид”-ыг МАН-ын шинэчлэлийн хорооны хөөргөн залуучууд огт мэдэхгүй, дуулаагүй, танихгүй гэвэл түүн шиг инээдтэй зүйл байхгүй. Гэтэл яахаараа жинхэнэ “алуурчин” ах нарынхаа нэгийх нь ч нэрийг дурьдаагүй нь жигтэй. Аль эсвэл ах нараа “алуурчин” болгочихвол хожмын өдөр ам руугаа чихүүлэх бялууны хэрчмийг өөрийнхөө гараар хогийн тантан руу чулуудсантай ялгаагүй гэдгийг бөндгөрийнхөө буланд байнга бодож, шаналж явдгаас болоод ганц үг ганхийгээгүй нь үнэнд илүү ойртох байх.

Ер нь тэгээд аль ч намд хурган дарга болчих дундрашгүй их хүсэл, шуналтай ч өнөөдөртөө бүдүүн даргынхаа цүнхийг барин хажууд нь сүүдэр шиг шогшиж явдаг “долдой”-нууд захаас аван бий. Тэдний сонгодог төлөөлөл болсон МАН-ын шинэчлэлийн хорооны” нялх Сэнгүм”-үүд “Эдийн засгийн алуурчид”-ыг ийнхүү нэрлэж аймшиггүй чин зоригоо харуулцгаав. Харин “Эдийн засгийн алуурчид”-ын тэргүүн эгнээнд дүүхэлзэх ёстой эрхэм ах нарынхаа нэгийнх нь ч нэрийг дурьдалгүй мартсан нь жигтэй хийгээд, жигшүүртэй хэрэг мөн.

Эх сурвалж: