sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МүОНТ-ийн сэтгүүлч Б.Оюунчимэгтэй хийсэн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

 

-Танд оройн мэнд хүргэе?

-Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хамгийн анхны ярилцлагаа танд өгөх гээд ирэхэд Монгол Улс гурван сая дахь иргэнээ тосон авсан энэ сайхан үйл явдал давхцаж байгаад би маш их бэлгэшээж байгаа. Товчхондоо сайхан билэг дэмбэрэлтэй өдөр байна.

-Саяхан Монгол Улс төсөвтөө тодотгол хийлээ. Айл өрх, хувь хүмүүс тухайн жилийнхээ төсвийг тодорхойлчихсон байдаг. Таны хувьд ямар тодорхойлолт хийв?

-Яах вэ, би энэ төсөвт ямар нэгэн тодорхойлолт өгье гэж бодоогүй. Гэхдэ та яг тодорхойлоод төсвөө хэл гэвэл би боломжийн гэж хэлнэ. Яагаад тэгж байна гэвэл би УИХ-д үг хэлэхдээ бид хэцүүхэн, хүндхэн шийдвэрүүд гаргах нь гэдгээ хэлсэн. Үүний дагуу ч төсвөө оруулж ирнэ гэдгээ хэлсэн. Миний хүсч байсан зүйл мэдээж 100 хувь биелэгдэх боломжгүй. Гэхдээ хүсч байсан нэлээн юмнуудаа хийсэн. Дотор нь ялгаад хэлбэл эдийн засаг хүнд байна шүү гэдгээ ямартай ч нийгэмдээ хүргэж чадсан. Эдийн засаг хүнд байгаа тул айл болгонд, хүн болгонд очих нь байна шүү гэдгээ хэлсэн. Нөгөө хүүхдийн мөнгө, ээжүүдийн мөнгийг эхлээд шулуухан хэлсэн шүү дээ. Дараагийн нэг зүйл бол манай УИХ хүнд үед Засгийн газартай сайн хамтран ажиллаж дэмжиж өгснийг талархалтайгаар хэлэх ёстой.

 

Төсвөөр бас нэг илэрхийлсэн зүйл нь энэ засаг төлөвлөсөн ажлаа хийх юм байна, түүнийгээ зоригтой бариад ороод ирэх юм байна, түүнийхээ төлөө явах юм байна гэдгийг харуулж чадсан болов уу гэж бодож байгаа. Олон улсын валютын сан, Дэлхийн банк хэлдэг, эдийн засагчид ч хэлдэг, улстөрчид шахдаг. Засгийн газар Хөгжлийн банкныхаа бүх зардлаа төсөв дээр оруулан ирж нэг төсөвтэй бол гэдэг. Энэ зүйлээ бид бас хийж чадсан.

Дээрээс нь бүх шинэ обьектуудаа бид зогсоосон. Жил жилд өөрсдийнхөө баахан хүслийг жагсааж бичдэгээ больж чадсан. Хэмнэлтийг дээрээсээ эхлэх ёстой гэдэг дээр санал нэгдэж чадлаа. Хамгийн эхэнд яам, агентлагуудын 15 хувийн цомхотгол, зардал хэмнэх ажлыг хийсэн. Дээр нь УИХ-ын гишүүд ч Засгийн газрын гаргасан санал санаачлагуудыг дэмжиж унаа, машиныхаа зардал төсвийг танаж эхэллээ. Мөн 80 байгууллагыг 25 болгон цомхотгох, нэгтгэх, цөөлөх, аж ахуйн тооцонд шилжүүлэх асуудлуудыг шийдэж чадлаа. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сараар үржүүлээд мөнгө авдаг байсан. Гэхдээ үр­­жүүлэхдээ хамгийн сүүлийн сарын хамгийн өндөр цалингаа дахин, дахин 36 хувиар үржүүлдэг үрэлгэн тогтолцоог өөрчилж чадлаа. Сүүлийн 40 хувиар үржүүлдгийг нь болиулсан. Дээр нь ажилласан жилээр нь тогтоодог шинэ тогтолцоонд шилжиж чадлаа.

Шинжлэх ухааны олон хүрээлэнг цэгцлэх асуудлаа хийж чадсан. Дүрэмт хувцсанд ихээхэн мөнгө зардгийг зохицуулж заавал дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй байгууллагуудаа цэгцэлж чадлаа. Манай оюутнууд үнэхээр мундаг байсан. Оюутан хүн өөрөө нийгмийг хөдөлгөгч хүч, шинэ үзэл санааг тээж явдаг гэдэг утгаараа Засгийн газрын гаргасан санал санаачлагыг дэмжээд зөвхөн сайн, онц сурдаг оюутнууд нь оюутныхаа цалинг авч байя гэдгээ илэрхийлсэн. Тэдний энэ сайхан санаачлагын хариуд МОХ, нийт оюутнууддаа баярласнаа илэрхийлэхийг хүсч байна. Тэгэхээр энэ бүхнээс дүгнэлт хийхэд төсөв муу болчихлоо, Засгийн газар бодлогын алдаа гаргалаа гэж хэлэхэд хэл эвлэхгүй. Тийм ч учраас боломжийн төсөв болж чадсан гэж хэлнэ.

-Цалинтай холбоотой асуудал хүмүүсийг ихээхэн бухимдуулж байна. Би үнэхээр үүнийг асуухгүй байж чадахгүй байна л даа. Өнөөдөр бид бүгдээрээ цалингийн зээлтэй. Бид сүүлдээ аргаа бараад зээл авсан банкууд руугаа нятлангаа яриулж байна. Товчхондоо энэ асуултыг тавихаас өөр аргагүй байна?

-Цалин нэмэх шаар­длагатай юу, шаардлагатай. Тэтгэвэр ч бас нэмэх л шаардлагатай. үйлдвэрчний эвлэл тэдгээр шаардлагуудыг тавьж байгаа юу, тавьж байгаа. Цалин нэмэх боломжтой байхад нэмэхгүй сууж байгаа Ерөнхий сайдыг ухаантай хүн гэх үү, ямар хүн гэхэв гэхээр ямар ч эргэлзээгүй хариултыг нь өгнө шүү дээ. Гэхдээ өнөөдөр бодит байдал дээр бидэнд цалин нэмэх мөнгө алга. Цалин нэмэх мөнгө байхгүй байгаа учраас энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь Засгийн газар болон, Ерөнхий сайдын толгойны өвчин болсон асуудал.

 

Бид өнөөдөр нэг зүйлийг хамтдаа сайн ойлгох хэрэгтэй байгаа юм. Бид бодит байдлаа сайтар тооцож үзээд үйлдвэрчний байгууллагад учраа хэлсэн. Одоогийн байдлаар цалинг 60 хувь нэмэх ямар ч боломж байхгүй гэдгээ хэлээд тодорхой хэмжээгээр эх үүсвэр олъё гээд зохицуулалтууд хийсэн. үнэндээ одоогийн байдлаар үүнээс илүү гарах ямар ч боломж байхгүй гэдгээ дахин хэлсэн. Талбай дээр гарч жагсаад байхаар мөнгө олддог бол өдөр болгон жагсаад байсан ч яахав дээ. Гэхдээ бодит байдал маань ийм л байгаа. Яагаад гэдгийг таны асуултан дээрээс дараа нь хэлж болох байх.

-Цалин­­гаа аваагүй байгаа хүмүүс­ийн бухим­­длыг яах вэ?

-Саяын нэгдүгээр сарын 15-ны цалин хойшилсон учир нь Сангийн яам төсвийн тодотголтой холбоотойгоор хэд хоног барьж байснаас болсон юм. Тэгээд цалин, тэтгэврийн асуудлаа хурдан явуул гэдгээ хэлсний үндсэн дээр нэгдүгээр сарын мөнгөнүүд ямар ч асуудалгүй тавигдаад эхэлчихсэн байгаа. Тийм болохоор түр зуурын цалингийн асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно.

-Таныг хэд хэдэн асуудлаар янз бүрээр хэллээ. Хүүхдийн мөнгө, ээжүүдийн одонгийн мөнгө гээд л?

-Тухайн үед хүмүүс их эмоцитой байсан нь ойлгомжтой. Одоо бол эдгээр асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдчихлээ шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээрээ сэтгэлийн хөөрлөл, янз бүрийн юмнуудаа больцгооё. Шулуухан энгийн байдлаар ярилцъя. Жишээлбэл Ерөнхий сайдын хувьд алдарт эхийн одонг яагаад хөндөв өө гэсэн асуудал урган гарна аа даа. үнэхээр өнөөдрийн манай төсвийг аваад үзэхээр төсвийн бүтэц дотроо цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж гэсэн зүйлүүдийг нэмэхээр нийт төсвийн 62 хувь болж байгаа юм. Дээрээс нь урсгал зардлуудаа нэмэх ёстой.

 

Цахилгаан, халаалт, дулаан нь 19 хувь болж байгаа. Энэ хоёрыг нийлүүлээд үзэхээр ямар өндөр тоо гарч байгаа нь андашгүй байгаа биз. Нийт төсвийнхөө 80 гаруй хувийг бид зөвхөн дээрх зүйлд л зарцуулж байгаа. Гэтэл хөрөнгө оруулалтдаа долоохон хувийг зарцуулж байна. Байдал ийм л байгаа болохоор халамжийн эдийн засгаасаа гарч бүтээгч эдийн засагтай болох зайлшгүй шаардлагатай болжээ. Алдарт эх дээр яагаад асуудал үүсгэв гэхээр дөрөв, зургаан хүүхэд гаргасан алдарт эхчүүдэд төр хамгийн бага хүүхдийг чинь 18 нас хүртэл халамж хүртээе ээ гэсэн.

 

Дараа нь хамгийн бага нь 18 дээд тал нь 50-60 хүрчихсэн хүүхдүүд нь төрөөс ээжид нь өгдөг энэ нэг 200 мянган төгрөгийг ээждээ өгдөг болгоё л гэсэн юм. Яагаад гэвэл төр засаг, ээж хоёр чинь өөрсдийг чинь хөлийг нь дөрөөнд, гарыг чинь ганзганд нь хүргээд өглөө шүү дээ. Айлын 4-5 хүүхдийн нэг нь сайн явахад ээжийгээ аваад явчихна аа даа. Нэг ийм л тогтолцоонд оръё гэдэг асуудлыг хөндсөн юм. Та мэдээж хүүхдийн мөнгийг асуух байх.

Аав ээж хоёр нь хоёулаа ажил хийдэг орон сууцтай, хувийн машинтай айлын хүүхдүүд яг амьдралд нь тэр мөнгө хэрэгтэй байгаа айлын хүүхдүүдтэй зэрэгцэн очиж мөнгө аваад байдгаа л болъё гэсэн шүү дээ. Тийм ч учраас нийгмийнхээ бүх айл өрхүүдийг 20 бүлэгт хуваагаад хамгийн бололцоотой дээд талын таван бүлгийн хүүхдүүдийн мөнгийг тэвчье гэсэн юм. Өөрсдөө болж байгаа учраас. Харин заавал авах шаардлагатай 1-15 бүлгийн хүүхдүүддээ мөнгийг нь өгөөд явъя л гэсэн. Тэгэнгүүт л манайхан чинь фейсбүүк, твиттерээр загнаад эхэлсэн. Одоо бол бид хүссэн хүсээгүй энэ бүтэн халамжийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохгүй ээ. Ерөнхий сайдын хувьд энэ ажлаа дутуу тайлбарласан байж болно.

 

Нэгэнт байдал хүнд байгаа учир хүүхдүүд, алдарт ээжүүдийн одонгийн мөнгийг олгодогоороо олгоод явъя гэж шийдсэн байгаа. Хүүхдийн мөнгө, ээжүүдийн одонгийн мөнгийг маш сайн мушгин гуйвуулсан сүрхий бүлгүүд гарч ирсэн. Энд тэнд хүүхдүүд, ээжүүдэд хайртай зөндөө хүмүүс гараад ирсэн. Ээжүүдийн төлөөллүүдтэй уулзаж байгаа уулзалтыг нь хараад би бараг дагаж уйлмаар, уярмаар юмнууд харагдаж л байна лээ. Тийм сайхан боломжийг ашиглах нь ч аргагүй л байх. Яагаад гэхээр оноо нэмдэг учраас. Гэхдээ энэ хямрал бид байшингаа сууриар нь зөв тавихгүй бол болохгүй нь ээ гэдгийг хаана хаана маань харуулсан байх.

 

Би бол Ерөнхий сайд Сайханбилэг гэдгээсээ илүү Монгол Улсын иргэн Сайханбилэг, эсвэл хүний хань Сайханбилэг, эсвэл хүүхдүүдийн аав Сайханбилэг байгаа шүү дээ. Товчхондоо хямрал хэн нэг хүнийг тойрохгүй. Монгол Улсын бүх айл өрх, хувь хүнийг дайрна. Тэгэхээр энэ бүх зүйлээ бүгдээрээ нэг сайн хараад ямар нэг улстөржилгүй, ямар нэг хүмүүсийн зовлонгоор, амьдралаар нь тоглолт хийлгүйгээр нэг тийш очих цаг ирчихсэн байгаа. 2015 онд болдоггүй юм гэхэд түүний дараа жил бид эдгээр асуудлаа цэгцэлж, нэг тийш нь болгохоос өөр арга байхгүй. Гэхдээ бид сая урагшаа нэлээн том алхаад авсныг би боломжийн гэж хэлээд байгаа юм.

-Приус машин­­тай хол­­боотой асуудал ер нь юу болоод өнгөрөв өө?

-Приус машины хувьд тааруухан нь 4-5 сая дундаж нь 6-7 саяын үнэтэй байгаа байх. Хамгийн муу загвар нь шүү дээ. Дээшээ 20-30 дугаар загварууд нь 16 сая гээд байгаа. Машин авч байгаа хүмүүс бензин, граш, зогсоол, замын хураамж гээд ихээхэн зардал гарна гэдгээ тооцоолох ёстой. 10 гаруй сая төгрөгөөр машин авч байгаа хүмүүс өнөөдөр төлж байгаа 30 мянган төгрөг чинь яваандаа 100 мянга руу дөхөх юм байна гэдгийг хаа хаана аа ойлголцох л ёстой. Гэтэл манайхан Приус чинь ядуучуудын машин гэж зөрж дайраад байдаг. Яагаад та нар татварыг нэмж байгаа юм гээд байгаа. Гэтэл приус машин хилээр орж ирэхдээ Онцгой албан татвар төлдөггүй.

Олон улсын жишгээр ядуучуудын машин гэсэн ойлголт байхгүй. Машинтай хүмүүсийг боломжийн амьдралтай л гэж тооцдог. Одоо саяхны эмоци дарагдсан учир нийгэм даяар хэлэлцүүлэг хийх шаардлагатай байгаа юм. Эдийн засагчид, хүмүүс өөрсдөө ярих цаг болсон. Огт мөнгө төлөлгүй машин унадаг, огт мөнгө төлөхгүй замаар явдаг асуудал бол нийгмээ дагаад байхгүй болох л ёстой.


Эх сурвалж: