sonin.mn

БАНГКОК./ITAR-TASS/. Таиландын эрх баригчид одоо үүсээд буй нөхцөл байдалд улс орны аюулгүй байдлыг хангахад үр дүнтэй арга гэж үзэж байгаа учир тус улсад өнгөрсөн оны тавдугаар сард тогтоосон цэргийн онц байдлыг цуцлах бодолгүй байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Прают Чан-Оча мэдээлжээ.

Таиландын Ерөнхий сайдын энэ тайлбар нь АНУ-ын Төрийн департаментаас тавьсан цэргийн байдлаасаа татгалзах саналын хариу болсон байна. Ийм саналыг Америкийн Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази болон Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн туслах Даниел Рассел Таиландын Гадаад хэргийн сайд Танасак Патимапракорнтой даваа гарагт Бангкок хотод уулзахдаа тавьжээ.

“Нөхцөл байдалд ийм үр дүнтэй хяналт тавихад нэг ч хууль тус дөхөм болохгүйг сайд мэдээлээд цэргийн онц байдлыг хэвээр байлгах нь зайлшгүй чухал болохыг Расселуд тайлбарласан” гэж Прают Чан-Оча хэлжээ. Түүний хэлснээр, Таиландад тулгарсантай адил асуудлыг АНУ ямар аргаар шийдэх байсан бэ гэдэг асуултыг Төрийн департаментын төлөөлөгчид тавьсан байна. “Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах энэ тухай бодох хэрэгтэй гэж хэлээд хариулж чадаагүй” гэж Таиландын Ерөнхий сайд хэлжээ.

Таиланд нь Зүүн Өмнөд Ази дахь АНУ-ын гол холбоотнуудын нэгд тооцогддог. Гэвч 2014 оны тавдугаар сард цэргийн эргэлт гарсны дараа хоёр орны харилцаа түр хугацаанд “хүйтэрсэн” юм. АНУ-ын эрх баригчид батлан хамгаалах салбарт хэд хэдэн хамтарсан төслийг тасалдуулсан гэж мэдэгдэн цэргийнхний хуйвалдааныг шүүмжилсэн байна.

Үүнээс гадна, АНУ хилийн гадна хийдэг томоохон цэргийн сургууль болох “Cobra Gold”-ыг 30 жилийн хугацаанд анх удаа Таиландыг оролцуулахгүйгээр хийхээр төлөвлөж байжээ. Гэвч жил бүрийн цэргийн сургуулийг жилийн өмнө төлөвлөж байсны дагуу Таиландад хийнэ гэж Бангкок дахь АНУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе Патрик Мерфи өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна. Уг цэргийн сургуульд дэлхийн 29 орны 15 мянга гаруй цэрэг оролцох аж.

Дэниел Расселын айлчлал нь Таиландад цэргийн эргэлт гарсны дараа АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалын төлөөлөгч тус улсад албан ёсоор хүрэлцэн очсон анхны айлчлал юм. Энэ нь хоёр орны харилцаа сайжирч байгааг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: