sonin.mn

Монгол  Улсын нийслэл Улаанбаатарын нутаг дэвсгэрээс эрэгтэй хүний занданшуулсан шарил олдсон нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Уг шарилыг Цагдаагийн Ерөнхий газраас Шүүхийн шинжил­­гээний үндэсний хүрээлэнд өчигдөр 18.30 цагийн үед  хүлээлгэн өгч, хамгаалалтад аваад байна. Одоогоор шарилыг  Сонгинохайрхан дүүргээс олдсон хэмээж байгаа ч зарим эх сурвалж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс ширэнд боодолтойгоор олдсон гэж байгаа юм.

 

Ямартай ч хуучин нийслэл хүрээний нутгаас олдсон лам хүнийх гэдэг нь тодорхой болж байх шиг. Шарилыг  бурханч лам Г.Пүрэвбат болон улс төрийн хүрээнийхэн очиж сонирхжээ. Анхны урьдчилсан дүгнэлтээр  энэхүү шарилыг 200 гаруй жилийн настай хэмээн тайлбарлаж байгаа аж. ОХУ-ын Буриад улсаас олдсон  “амьд бурхан” Итгэлт хамбын занданшуулсан шарилыг  160 жилийн настай гэдэг. Тэгэхлээр монголын нийслэл Улаанбаатараас олдсон шарил дэлхий нийтийн анхаарлыг ч татаж мэдэх юм.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг