sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, үүний дараа Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцоод өчигдөр эх орондоо ирэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 18-20-нд Чех улсад хийсэн айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земантай ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милан Штех, Засгийн газрын дарга Бохуслов Соботка нар бараалхав.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  төрийн айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Чех Улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдтэйгээ уулзалт хийж, Карлын их сургуульд зочилсон юм.

Тэрээр энэ сарын 21-24 өдрүүдэд Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр “Дэлхийн усны хөтөлбөр 2015” болон  Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаанд оролцов. Мөн дэлхий дахины шинэ нөхцөл байдал дахь стратегийн өрсөлдөөний асуудлаар дэлхийн улс төр,эдийн засгийн удирдагчидтай  санал бодлоо солилцлоо.

Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлох хэмжээний чуулганыг санаачлан өнөөдрийг хүртэл  зохион байгуулж байгаа профессор Клаус Шваб бараалхав.

Уулзалтаар Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Давос зүүн хойд Ази” хуралдааныг Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулах санал тавьж байгаагаа илэрхийллээ. Энэ удаагийн чуулганы онцлох нэг зүйл нь хувь хүний санаачлага хэлбэрээр зохион байгуулагдаж ирсэн Давосын эдийн засгийн форум энэ жилээс бие даасан  олон улсын институцийн статустай болж байгаа юм.