sonin.mn

БУЭНОС-АЙРЕС. /RIA Novosti/. Кубын Төрийн зөвлөл болон Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастрогийн АНУ-тай дипломат харилцаагаа сэргээх зорилгоор хийсэн алхмыг тус улсын хувьсгалын удирдагч Фидель Кастро “цагаа олсон зохистой алхам" гэж үнэлсэн боловч тэрбээр АНУ-ын бодлогод итгэхгүй байна. “АНУ-ын бодлогод би итгэхгүй байна, би тэдэнтэй нэг ч үг солиогүй, гэхдээ энэ нь мөргөлдөөнийг эсвэл аюултай дайныг энхийн замаар зохицуулахаас татгалзаж байна гэсэн үг биш юм. Энх тайван байдлыг хамгаалах нь хүн бүрийн үүрэг билээ” гэж Фидель Кастро оюутан залууст хандаж хэлсэн үгэндээ онцолсныг “Гранма” сонины цахим хуудсанд нийтэлжээ.

Фиделийн хэлснээр, АНУ болон Латин Америкийн орнууд хоорондын асуудлыг хүч хэрэглэх бус хэлэлцээний замаар шийдэх энхийн аливаа шийдвэрийг “олон улсын зарчим, хэм хэмжээнд нийцсэн гэж харах ёстой”. “Дэлхийн бүх ард түмэнтэй, түүний дотор манай улстай улс төрийн талаар сөргөлдөгч орнуудын ард түмэнтэй тогтоосон хамтын ажиллагаа, найрамдлыг бид үргэлж эрхэмлэх болно” гэж Кастро бичжээ. “Кубын удирдагч Үндэсний Ассамблей болон тус улсын Коммунист намаас олгосон бүрэн эрх мэдлийн хүрээнд зохистой зөв алхам хийсэн” гэж Фидель онцлон дурдсан байна.

“Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгарч буй ноцтой аюул занал бүхэн нь хүний нэр төртэй холбоотой бүхний өмнө бууж өгөх ёстой. Энэ нь бүх улс оронд хамаатай” гэж тэрбээр мэдэгджээ. Куба болон АНУ-ын хооронд хоёр орны дипломат харилцааг сэргээх тухай анхны хэлэлцээ Гавана хотын их хурлын ордонд өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Хэлэлцээний явцад талууд байр сууриа илэрхийлсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй юм. Элчин сайдын яамдын ажлыг сэргээх өдөр ч мөн одоогоор тодорхой бус байна.

Д.Жаргал

Эх сурвалж: