sonin.mn

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд тус тусдаа хуралдаж, улстөр, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг журмаар хуралдацгаав. АН-ын бүлгийн хурал 12:30 цагт дуусч бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж хоёр мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулцгаасан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын цаг үеийн асуудлаарх асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.

-АН-ын бүлгийн энэ удаагийн хуралдаанаар нэлээн олон асуудал авч хэлэлцэх шиг боллоо. Яг ямар асуудлууд авч хэлэлцсэнийг тодорхой тайлбарлаж болох уу?

-АН-ын бүлгийн ээлжит хуралдаан сая өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар таван гол асуудал авч хэлэлцсэн. Нэгдүгээрт УИХ-ын даргын мэдээлэл, хоёдугаарт Ерөнхий сайдын мэдээлэл, гуравдугаарт Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийж байгаа гэрээний талаар Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсох, дөрөвдүгээрт нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар АН-ын бүлэг мэдээлэл сонсож дууслаа.

-Ерөнхий сайд ямар асуудлаар мэдээлэл хийсэн юм бол. Сүүлийн үед олны анхаарал татсан бензин, шатахууны Онцгой албан татварыг нэмэгдүүлэх зэрэг олон хууль батлагдлаа л даа?

-Ерөнхий сайд өнөөдрийн мэдээлэлдээ Тендерийн хуулийг эргүүлэн татсан талаар мэдэгдсэн. Мэдээж засаж залруулах асуудал багагүй гарсан болохоор эргүүлэн татсан гэдгээ тайлбарлалаа. Хоёрдугаарт нэмэгдсэн өртгийн албан татварын авто бензин, дизелийн түлшийн үнэ тарифыг нэмэгдүүлж байгаа асуудлыг ярьсан. Мөн Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудлаар Засгийн газар мэдээлэл сонссон тухайгаа ярьлаа. Түүнчлэн эдийн засгийн нэн шаардлагатай байгаа хэд хэдэн хуулиудын талаар Ерөнхий сайд өөрийн байр суурийг илэрхийллээ. Энд УИХ-д өргөн баригдаад байгаа Урт нэртэй хууль, Өрийн удирдлагын хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хуулиудын тухай хууль, Согтууруулах ундааны тухай хуулиудын асуудлыг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлтээ Ерөнхий сайд албан ёсоор тавилаа.

-Намын дотоод асуудал, ялангуяа боловсон хүчний халаа сэлгээний талаар нэлээн ширүүхэн ярилцсан гэж сонслоо. Энэ талаар тайлбарлаж өгнө үү?

-Намын дотоод асуудал, ялангуяа боловсон хүчний нөөцийн асуудлаар ярилцсан нь үнэн. Бүлгийн гишүүдийн зүгээс хамтарсан Засгийн газар байгуулаг­­дснаас хойш яамдуудын бутцэд орж байгаа өөрчлөлтүүдтэй холбоотойгоор боловсон хүчний нөөц алдагдах, хэтэрхий халаа сэлгээ хийх байдал ажиглагдаж байгааг шүүмжилсэн. Тодорхой яамдад өрнөж байгаа халаа сэлгээний асуудлаар тусгайлсан ажлын хэсэг гаргаж тухайн яаман дээр очиж ажиллах, асуудлыг нарийвчлан тогтоох, ялангуяа улстөрийн шахаагаар мэргэшсэн боловсон хүчнүүдийг ажилгүй болгохгүй байх асуудлыг Засгийн газартай зөвшилцөх шаардлагатай гэдгийг нэлээн хүчтэй тавьсан.
Түүнчлэн АН-ын бүлэг дээр технологи, үйлдвэрлэлтэй холбоотой тодорхой ажлын хэсгүүд байгуулж, төсөл хөтөлбөрүүдийг бодлогоор ээлж дугаартай төлөвлөгөөнд оруулж ажиллъя гэдэг санал бүлгийн гишүүдээс гарсны дагуу ажлын хэсгүүд байгуулахаар төлөвлөж хамгийн эхэнд Х.Баттулга гишүүний гаргасан жагсаалтыг ажлын хэсэг судалж үзээд тодорхой асуудлыг оруулж ирэхээр ярилцлаа.

-Оюутолгойн гэрээний талаар бүлгийн гишүүдээс гаргасан санал дүгнэлтийг авч хэлэлцсэн гэсэн?

-Оюутолгойн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар зарим гишүүн санал бодлоо илэрхийлсэн. Ялангуяа УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийгдсэн Оюутолгойн гэрээ бүрэн гүйцэд хэрэгжихгүй байгаад гишүүд багагүй шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийллээ. Оюутолгойн гэрээний үүргийн биелэлтийг тодорхой анхааралдаа аваач ээ гэсэн санал шүүмжлэлийн дагуу тодорхой ажлууд хийгдээд явна. Мөн Ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслөөр Хууль зүйн сайд Д.Дорлигжавын мэдээллийг сонссон. Энэ бол үндсэндээ хоёр багц хууль юм. Нэгдүгээрт ил тод болгох, хоёрдугаарт Эдийн засгийн гэмт хэрэгт өршөөл үзүүлэх тухай гэсэн хоёр хэсгээс бүрдсэн хуулийн төслийн талаар гишүүд мэдээлэл авсан. Дээрх хуулийн төслийн талаар гишүүдийн зүгээс янз бүрийн санал дүгнэлт гарсныг харгалзан үзэж АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж бусад нам, эвслийн бүлэгтэй сайтар зөвшилцсөний үндсэн дээр энэ хуулийг гаргах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн.

-Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийж байгаа гэрээ, хэлцлийн талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан ямар шинэ мэдээлэл хийсэн бэ?

-Тавантолгойн асуудлаар тодорхой асуулгыг АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт тавьсан. Энэ асуулгын хариуг Монголын талаас Тавантолгойн гэрээг ахалж байгаа сайд М.Энхсайхан бэлдээд бүлэгт танилцуулахаар болоод байсан ч яаралтай ажил гарсны улмаас материалаа тарааж өгсөн. Тийм учраас манай бүлгийн гишүүд М.Энхсайхан сайдын бэлдсэн энэ материалтай сайтар танилцаад дараагийн долоо хоногт нарийвчилсан асуулга тавихаар болсон.

-Энэ долоо хоногт Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор АН-ын бүлэг дүгнэлтээ гаргасан уу, ер нь ямар байр сууринаас асуудалд хандаж байгаа вэ?

-Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад Өрийн удирдлагын менежментийн асуудал ороогүй байгаа. Товчхондоо энэ асуудлыг УИХ дахь бусад нам, эвслийн бүлгүүд нэгдсэн нэг байр суурьтай болж, цэгцэлж дуусаагүй байгаагаас болоод энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй юм билээ.


-Бен­­зин, дизелийн түлш­ний нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдүүлснээр цаашдаа дотоод зах зээлийн бензин, шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа байна уу?

-Татвар нэмсэнтэй холбогдон дотоодын зах зээлд бензин, шатахууны үнэ өсөх тухайд өнгөрсөн хоёр жилд Засгийн газрын зүгээс нефть, нефтийн бүтээгдэхүүн импортлогчидтой үнийн тогтвортой байдлын хэлэлцээрийн дагуу тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ажилласан. Одоо дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаж байгаатай холбогдон тодорхой боломж гарч ирлээ гэж нефть импортлогчидтой тохиролцсон юм билээ. үүний дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар тогтоох боломжтой гэж үзээд энэ асуудлыг хөндөж тавьсан гэдгээ Засгийн газар албан ёсоор тайлбарласан. Тийм ч учраас энэ асуудал шийдэгдсэн гэж ойлгож байгаа.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдснаар яам, агентлагуудад улстөрийн шалтгаанаар халаа, сэлгээ хяналтаас гараад байгааг АН-ын бүлэг дөнгөж одоо л ойлгож, хурлаараа ярилцжээ гэж ойлгож болох уу?

-Шулуухан хэлэхэд хамтарсан Засгийн газар байгуулагдснаар улстөрийн захиалга, шахалтаар томилгоонууд хийгдэж байгаа нь ажиглагдаж байгаа. Нэг ёсондоо хамтарсан Засгийн газар байгуулагдснаас хойш шинээр томилогдсон сайд нар тодорхой яамдууд дээр улстөрийн захиалгатай багагүй халаа, сэлгээ хийж байгаа талаар мэдээлэл ирсээр байгаа учир энэ асуудлаар ярилцсан. Нарийвчилж тогтоох юмнууд ч байгаа.

-Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газар баталгаа гаргах тухай орсон байна лээ. Засгийн газар баталгаа гаргаж өгөх компаниудын нэрсийг олон нийтэд ил гаргаж болох уу. Засгийн газраас баталгаа гаргуулсан компани дампуурвал өрийг нь хаанаас төлөх вэ?

-Өрийн удирдлагын хууль бол үндсэндээ Засгийн газрын баталгааны асуудалд их нөлөөлж байгаа юм. Өнөөдөр намуудын зөвшилцлийн хүрээнд өндөр хүүтэй, хугацаа богинотой зээл авахгүй гэсэн асуудлаас гадна өнөөдрийн Монгол Улсын өрд орж байгаа баталгаа гаргасан хэсгийг Өрийн удирдлагын хуулиар хассанаар үндсэндээ чөлөөлөгдөж, хувийн хэвш­лийнхэн гадаадаас шууд хөрөнгө оруулалт татах боломжийг нээж өгч байгаад энэ хуулийн ач холбогдол оршиж байгаа юм. Энэ хуулийг гаргах талд АН-ын бүлэг маш шаргуу ажиллаж байна. Хуулийг батлан гаргахад ямар нэгэн саад бэрхшээл байхгүй гэж үзэж байгаа. Харин МАН-ын тухайд энэ хуулийг нэлээн судалж, сайтар ярилцах зүйл байгаа болов уу.


Эх сурвалж: