sonin.mn

Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдаанд гаргана гэж байсан боловч төсвийн тодотголоор компаниудад олгодог байсан үйл ажиллагааны зардлыг хассанаас болж “Эй Энд Ди ЭМ”, “Мах импекс”, “Мах маркет”, “Баатрууд тэнгэр” компаниуд нөөцийн махыг зах зээлд нийлүүлэх боломж хараахан бүрдээгүйг нөөцийн мах бэлтгэгчид хэллээ.

Тус компаниудын нөөцийн мах бэлтгэсэн байдлыг шалгахаар МХЕГ-ын байцаагч Д.Батжаргал, Махны холбооны гүйцэтгэх захирал М.Жадамба, ОБЕГ-ын дэд хурандаа Ц.Бямбарагчаа, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хорооны мэргэжилтэн Ц.Цэцэгдарь нар ажиллав.


“Мах импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Будрагчаа


 “Хэдий үйл ажиллагааны зардал буюу махыг худалдан авсны дараах тээвэрлэлт, боловсруулалт гэх зэрэгт зарцуулах зардлыг төсвийн тодотголоор хассан учраас бид нөөцийн махыг зах зээлийн үнээр зарах боломжгүй. Учир нь анхнаасаа гэрээнд нөөцийн махны дээд үнийг заасан байгаа. Мөн манай компани гэрээний дагуу 3000 тонн мах бэлдэх ёстой. Харин бид өнөөдрийн байдлаар 3190 тонн мах бэлдээд байна. Нэр төрлийн хувьд ямааны мах 78 тонн илүү, хонины мах 1218 тонн, үхрийн мах 917 тонныг тус тус бэлдсэн. Энэ жилийн хувьд маханд МХЕГ, ОБЕГ, Монгол банкнаас хяналт тавьж байгаа учир мах өмнөх жилүүдээс илүү чанартай байгаа.”


“Эй Эн Ди Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш. Ганбаатар


“Манай компани нөөцлөх ёстой 3000 тонн махаа өнгөрсөн оны 10  дугаар сараас 1 дүгээр сарын 20-ны хооронд нөөцөлсөн. Одоо худалдаанд гаргахад бэлэн болсон. Үнийн хувьд энэ жилийн төсвийн тодотголоор компанид олгодог үйл ажиллагааны зардлыг хассан. Тиймээс нөөцийн махыг зах зээлд хэдэн төгрөгөөр борлуулах нь одоог хүртэл шийдэгдээгүй байна. Иргэдийн дунд нөөцийн мах чанаргүй гэсэн хандлагатай байдаг. Тиймээс энэ жил бид махны чанарт маш сайн анхаарсан. Мөн мах хадгалалтын хувьд нэлээн анхаарч өнгөрсөн оноос шинээр мах хадгалах зоорийг ашиглалтад оруулсан”.


 “Мах маркет”-ийн гүйцэтгэх захирал Л.Болор


“Манайх нийт 3000 тонн мах бэлтгэхээс үхэр 30 хувь буюу 900 тонн, ямаа бас 30 хувь буюу 900 тонн үлдсэн нь хонины мах юм. Энэ жилийн хувьд үйл ажиллагааны зардлыг төсвийн тодотголоор хассан. Энэ нь бидний хувьд их хүнд тусаж байгаа. Бид өмнө жилийн үйл ажиллагааны зардлаа бүрэн аваагүй байхад ингэж хассан. Бидний хувьд үүргээ бүрэн биелүүлсэн тиймээс төр засаг маань бид нарыг хаячихгүй байх гэж найдаж байна”.


-Нөөцийн махыг зах зээлийн ханшаар борлуулаад зардлаа нөхөх боломжтой юу?


-Энэ бол боломжгүй зүйл. Хөтөлбөр маань анхнаасаа гол нэрийн барааг тогтвортой үнээр зарах зорилготой. Мөн иргэдийн дунд ч нөөцийн мах арай хямд хэмээн хүлээлттэй байгаа. Тиймээс зах зээлийн үнээр борлуулах боломжгүй. Харин гэрээнийхээ дагуу үйл ажиллагааныхаа зардлыг авна гэсэн бодолтой байгаа.


Махны холбооны гүйцэтгэх захирал М.Жадамба


Ерөөс махыг үйлдвэрээр дамжуулж иргэдэд хүргэвэл үнийн хөөрөгдлийг бууруулж, ченжүүдийн гар дамжихаас сэргийлэх боломжийг бий болгон махны үнийг тогтвортой байлгаж чадна. Харин энэ жил нөөцийн махны чанар өнгөрсөн жилүүдээс их сайн байгаа. Нөөцийн махыг худалдаанд гаргахад хүлээгдээд байгаа шалтгаан нь нэгдүгээрт үнийн тухай ерөнхий чигийг гаргаж өгөх ёстой, хоёрдугаарт өнгөрсөн жилийнхээ үйл ажиллагааны зардлын дутууг компаниудад өгөх ёстой, гуравдугаарт энэ жилийн үйл ажиллагааны зардлын асуудлыг шийдэж нэг мөр болгох ёстой. Нөөцийн махны үнийг гэрээнд заахдаа өнгөрсөн жилийн үнээс хэтрүүлэхгүй гэж заасан. Зөвхөн яам тамгын газартай үйл ажиллагааны зардлын талаар тохиролцох юм бол нөөцийн махыг худалдаанд гаргах бүрэн боломжтой.


 Г.Оюунбат

Эх сурвалж: