sonin.mn



УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын мэдээллийг сонсов.

Мөн Тавантолгойн төслийн явцын талаарх мэдээллийг сонссоны зэрэгцээ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэсэн байна. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тендерийн тухай хуулийг эргүүлэн татсан тухайгаа мэдээлсэн аж. Уг хуулийн төслийг засч залруулах шаардлагатай гэж үзсэн учраас Засгийн газар буцаан татжээ.

Ерөнхий сайд мөн эдийн засгийн нэн шаардлагатай байгаа хэд хэдэн хуулиудыг чуулганаар хэлэлцэж өгөхийг хүссэн хүсэлтээ илэрхийлсэн байна. Түүнчлэн бүлгийн хуралдаанаас яамдын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбогдуулж, намын боловсон хүчний асуудлыг авч хэлэлцэх тусгайлсан ажлын хэсэг байгуулахаар болжээ. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн технологитой холбоотой асуудлыг хариуцсан ажлыг хэсэг байгуулж, төсөл хөтөлбөрийг бодлогоор дэмжихээр тогтсон байна.

Үүний зэрэгцээ Ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг Хууль зүйн сайд Дорлигжав хийсэн бөгөөд АН-ын бүлэг энэ асуудлаар ажлыг хэсэг байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв. Түүнчлэн  энэ үеэр бүлгийн гишүүд Оюутолгойн гэрээний хэрэгжилт хангалтгүй байна гэсэн байр суурь илэрхийлж байсан гэж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэв. Бүлгийн даргын мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулж хариулт авав.

-Энэ долоо хоногт Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. АН-ын бүлэг хуулийн төсөл дээр ямар дүгнэлт гаргав?

-Ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд Өрийн удирдлагын менежментийн асуудал ороогүй. Бусад намууд бүлэг дээрээ асуудлаа цэгцэлж амжаагүй байгаа гэсэн мэдээлэл байна.

-Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлснээр цаашид дотоодын зах зээлд бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа байна уу?

-Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нефть импортлогчидтой үнийн тогтвортой байдлын хэлэлцээрийн дагуу тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ажилласан. Одоо дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаж байгаа. Иймд тодорхой боломж байна хэмээн Засгийн газар үзэж нефть импортлогчидтой тохиролцсон.

Б.Туул

Эх сурвалж: