sonin.mn

УИХ-ын Бие даагчдын зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудад өөрсдийн баримтлах байр сууриа тодорхойлсон. Энэ талаар Бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Гацууртын ордыг стратегийн ордод оруулах талаар хэлэлцэнэ. Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй Сентерра гоулд компани бол авлигад идэгдсэн сул төртэй, буурай хөгжилтэй орнуудыг хуулийн хүрээнд “дээрэмддэг” компани юм хэмээн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэллээ.

Тэрбээр, “Сентерра гоулд компани 1994 онд Киргиз улсын 700 тонн алтны нөөцтэй Кумторын ордыг ашиглах гэрээ байгуулсан. Лондонгийн хөрөнгийн биржид нэг унци алтны үнэ 600-649 ам.долларын үнэтэй байхад тус компани Киргиз Улсын Засгийн газартай 340-460 ам.доллараар тооцох гэрээ байгуулсан байна. Улмаар тус улсын Засгийн газраас нэмэгдсэн өртгийн, ашгийн, газрын хэвлий ашигласны зэрэг олон төрлийн татварын хөнгөлөлт үзүүлснээр тус Кумторын ордыг Сентерра гоулд компани бүрэн ашигласан байдаг. Тус ордоос Киргиз улс ямар ч ашиг аваагүйгээр зогсохгүй, Сентерра гоулд компанид их хэмжээний өртэй үлдэж байсан түүх бий. Энэ түүх Монгол Улсад давтагдах гэж байна. Тиймээс бие даагчдын зөвлөл Гацууртын ордыг ашиглахыг зөвшөөрөхгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Бие даагчдын зөвлөл 2015 оны төсвийн тодотголд хэмнэлт хийхээр тусгасан одонтой эхчүүдийн мөнгө, хүүхдийн мөнгө зэргийг хамгаалж үлдэж чадсан. Гэвч цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын өсөлттэй уялдуулан нэмэх зорилгодоо хүрч чадсангүй. УИХ-д цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломж байсан. Оюутолгой төсөл энэ жил 3.9 их наяд төгрөг буюу Монгол Улсын 2015 оны төсвийн 70 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалт хийнэ. Тэгээд төсвийн таван хувтай тэнцэхүйц татвар төлнө.

Мөн архи, тамхи гэх мэт хамгийн ашигтай бизнес эрхэлдэг Онцгой албан татвар төлөх аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг ам.доллар тутамд 1450 төгрөгөөр тооцох болсон. Гэтэл жижиг дунд аж ахуйн нэгжүүд 1950 төгрөгөөр тооцож, татвар төлнө. Энэ бол өнөөгийн төр цөөнхийн эрх ашгийн төлөө үйлчилж байгаагийн баталгаа юм. УИХ дэд сайд нарыг цомхотгохыг дэмжээгүй.

Энэ шийдвэрийг гаргахдаа УИХ хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулиар хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш санал хураалт явах ёсгүй. Гэтэл УИХ-ын дарга Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг дууслаа гэж алх цохичихоод дэд сайд нарыг цомхотгох эсэх талаар санал хураалт явуулсан. Үүнийхээ дараа дахин төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд хандах болно” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дарга бол заал зохион байгуулагч юм. Гэтэл З.Энхболд дарга УИХ-ын гишүүд үг хэлсний дараа тайлбар тавих, доромжлох өнгө аястай үг хэлдэг. Тиймээс иргэдийн саналаар сонгогдсон гишүүдийг доромжилсныхоо төлөө ард түмнээс уучлалт гуйхыг УИХ-ын даргаас шаардаж байна. Монголбанк бол УИХ-ын мэдлийн байгууллага.

Тиймээс УИХ-аас валютын ханшийг тогтворжуулж чадаагүй, бодлогын алдаа гаргасан Монголбанкны удирдлагуудтай хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн албан журмын тухай хуулийн төсөл, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцэнэ. Эдгээр хуулийн төслийг Бие даагчдын зөвлөл дэмжих болно” гэлээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг