sonin.mn

Эхний хэсгийг энд дарж уншина уу?

 

...Хэл маш тогтвортой бөгөөд хүчээр уусгах явдалд асар их эсэргүүцэл үзүүлдгийг түүх нотолж байна. Зарим түүхчид энэ үзэгдлийг тайлбарлахын оронд гайхан шагшрах явдлаар л хязгаарлаж байна. Энд чинь гайхан шагшраад байх ямар ч үндэслэл байхгүй. Хэлний тогтвортой байдал нь түүний дүрмийн байгууламж, толийн үндсэн сангийн тогтвортой байдлаар тайлбарлагдана. Туркийн уусгагчид зуу зуун жилийн турш балканы ард түмнүүдийн хэлийг зэмдэглэж, сүйрүүлж, устгахыг оролдсоор ирсэн юм. Энэ үед балканы хэлнүүдийн толийн бүрэлдэхүүнд ноцтой өөрчлөлт гарч, туркийн “нийлэх” “нийлэхгүй” нэлээд олон үг хэллэгийг хүлээн авсан боловч балканы хэлнүүд тэсэн зогсож, амьд үлдэж чадсан юм. Яагаад ? Яагаад гэвэл эдгээр хэлний дүрмийн байгууламж, толийн үндсэн сан хадгалагдан үлдэж чадсан юм.
Энэ бүхнээс хэл болон түүний бүтцийг ямар нэг үеийн бүтээгдэхүүн гэж үзэж болохгүй гэсэн дүгнэлт гарна. Хэлний бүтэц, түүний дүрмийн байгууламж хийгээд толийн үндсэн сан бол хэд хэдэн эрин үеийн бүтээгдэхүүн мөн.


Орчин үеийн хэлний элементүүд боол эзэмшлийн эрин үеэс өмнөх нэн эртний үед тавигдсан гэж үзэх ёстой. Энэ хэл нь энгийн, маш ядмаг толийн сантай байсан, гэхдээ өөрийн гэсэн дүрмийн байгууламжтай байсан, бүдүүлэг ч гэсэн өөрийнхөө дүрмийн байгууламжтай байсан юм.
Цаашдаа бол үйлдвэрлэл хөгжсөн, анги бий болсон, бичиг үсэг бий болсон, ямар нэг хэмжээгээр эмх цэгцтэй бүртгэлээр удирдах хэрэгцээ бүхий төр үүссэн, түүнээс бүр ч илүү эмх цэгцтэй бүртгэл шаардсан худалдаа хөгжсөн, хэвлэлийн суурь машин бий болсон, утга зохиол хөгжсөн зэрэг нь хэлний хөгжилд асар их өөрчлөлт оруулсан юм. Энэ үед овог аймаг, ястнууд бутран жижгэрч, салан тарж, холилдож, эвцэн нэгдэж, цаашдаа үндэстний хэл, төр улс үүсч, хувьсгалт эргэлтүүд гарах болж, нийгмийн хуучин байгууламж шинээр солигдох болжээ. Энэ бүхэн хэл болон түүний хөгжилд бүр ч илүү их өөрчлөлт оруулсан байна.
Гэхдээ хэлний хөгжил давхаргын хөгжил шиг оршин буйг устгаж, шинийг бий болгох замаар болдог гэж бодох нь гүн гүнзгий алдаа юм. Үнэн хэрэг дээрээ хэлний хөгжил хуучин хэлийг устгаж, шинийг бий болгох замаар биш, харин оршин буй хэлний үндсэн элементүүдийг баяжуулах, боловсронгуй болгох замаар явагддаг. Энэ үед хэл нэг чанараас нөгөө чанарт шилжихдээ тэсрэлтийн замаар биш, хуучныг устгаж, шинийг бий болгох замаар биш, харин хэлний шинэ чанар, хэлний шинэ бүтцийн элементүүдийг хуримтлуулах замаар, хуучны чанарын элементүүдийг аажмаар мөхөөх замаар шилждэг.


Хэлний хөгжлийн үе шатны онол бол марксист онол бөгөөд тэнд хэл нь хуучин чанараас шинэ чанарт шилжих нөхцөл болох гэнэтийн тэсрэлт зайлшгүйг хүлээн зөвшөөрдөг гэж ярих болж. Энэ бол мэдээж хэрэг буруу, энэ онолоос ямар нэг марксист зүйл олоход түвэгтэй. Хэрэв үе шатны онол үнэхээр хэлний түүхэн хөгжил дэх гэнэтийн тэсрэлтийг хүлээн зөвшөөрдөг юм бол тэр нь улам л муу болно. Марксизм хэлний хөгжил дэх гэнэтийн тэсрэлтийг хүлээн зөвшөөрдөггүй, оршин буй хэлний гэнэтийн мөхөл хийгээд шинэ хэл гэнэт бий болохыг хүлээн зөвшөөрдөггүй.
Лафарг “1789 болон 1794 оны хооронд болсон хэлний гэнэтийн хувьсгалын тухай” ярихдаа (Лафаргийн “Хэл ба хувьсгал” товхимлыг үз) буруу дүгнэлт хийсэн юм. Тэр үед Францад ямар ч хувьсгал, тэр тусмаа гэнэтийн хувьсгал болоогүй юм. Мэдээж хэрэг энэ үед франц хэлний толийн бүрэлдэхүүн шинэ үг, илэрхийллээр баяжиж, нэлээд тооны хуучин үг хасагдаж, мөн зарим үгсийн утга санаа өөрчлөгдсөн. Ингээд л болоо. Гэхдээ ийм өөрчлөлт хэлний хувь заяаг яагаад ч шийдвэрлэж чадахгүй юм. Хэлэнд гол зүйл нь дүрмийн байгууламж хийгээд толийн үндсэн сан байдаг. Гэхдээ Францын хувьсгалын үеэр франц хэлний дүрмийн байгууламж, толийн үндсэн сан алга болоогүйгээр үл барам онцгой өөрчлөлтгүй хадгалагдан үлдэж, зөвхөн хадгалагдан үлдсэн төдийгүй орчин үеийн франц хэл одоо ч гэсэн амьдарсаар байна. Хуучин хэлийг устгаж, үндэстний шинэ хэлийг бий болгоход (“хэлний гэнэтийн хувьсгал”) инээд хүрмээр тав зургаан жил хэтэрхий багадна, үүний тулд хэдэн зуун жил хэрэгтэй гэдгийг би огт яриагүй байна.


Хэл нэг чанараас нөгөө чанарт тэсрэлтийн замаар биш, хуучин хэлийг устгаж, шинийг бий болгох замаар биш, харин шинэ чанарын элементүүдийг аажмаар хуримтлуулах замаар, хуучин чанарын элементүүдийг аажмаар мөхөөх замаар шилждэг гэж марксизм үздэг.
Ер нь бол тэсрэлтийг шохоорхоод байгаа нөхдүүдийн сонорт хуучин чанараас шинэ чанарт тэсрэлтийн замаар шилжих хуулийг зөвхөн хэлний хөгжлийн түүхэнд хэрэглэж болохгүй юм биш, суурь буюу давхаргын эрэмбийн нийгмийн бусад үзэгдлүүдэд ч дандаа хэрэглэж болдоггүй юм.
Энэ нь дайсагнагч анги болон хуваагдсан нийгэмд заавал байна. Харин дайсагнагч анги байхгүй нийгэмд бол заавал албатай биш. Бид 8-10 жилийн турш манай орны хөдөө аж ахуй хөрөнгөтний хувийн тариачны байгууллаас социалист, хамтралын байгуулал руу шилжих үед оршиж байна. Энэ бол тосгон дахь хөрөнгөтний аж ахуйн хуучин байгууллыг устгаж, шинэ, социалист байгууллыг бүтээсэн хувьсгал байсан юм. Гэхдээ энэ эргэлт тэсрэлтийн замаар биш, өөрөөр хэлбэл оршин буй засгийг түлхэн унагаж, шинэ засгийг бүтээх замаар хийгдээгүй, харин тосгон дахь хуучин хөрөнгөтний байгууллаас шинэ байгуулалд аажмаар шилжсэн явдал байлаа. Яагаад гэвэл энэ бол дээрээс хийсэн хувьсгал байсан ба эргэлтийг оршин буй засаг төрийн санаачлагаар тариачдын үндсэн массын дэмжлэгтэйгээр хийсэн учраас даван туулж чадсан юм.
Хэлийг эрлийзжүүлсэн олон тооны баримт түүхэнд байдаг нь хэлийг эрлийзжүүлэх үед шинэ хэл тэсрэлтийн замаар үүсч, хуучин чанараас шинэ чанарт шилждэг гэж үзэх үндэслэл болно гэж ярих болж. Энэ бол огт буруу юм.


Хэлийг эрлийзжүүлэх явдлыг үр дүнгээ хэдхэн жилийн дотор өгдөг, шийдвэрлэх цохилтын нэг удаагийн үйлдэл гэж үзэж болохгүй юм. Хэлийг эрлийзжүүлэх нь хэдэн зуун жил үргэлжлэх урт удаан үйл явц юм. Ийм учраас энд тэсрэлтийн тухай ямар ч яриа байж болохгүй.
Цаашаа. Хэлийг эрлийзжүүлсний үр дүнд ухаандаа хоёр хэлийг эрлийзжүүлбэл тус бүрээс нь ялгаатай шинэ, гурав дахь хэл үүснэ гэж бодох нь маш буруу юм. Үнэн хэрэг дээрээ эрлийзжүүлэх үед хоёр хэлний нэг нь голдуу ялагч болон тодордог бөгөөд тэрээр өөрийн дүрмийн бүтэц, өөрийн толийн үндсэн санг хадгалан үлдэж, өөрийн хөгжлийн дотоод хуулиар цааш хөгжиж, нөгөө хэл нь аажмаар өөрийн чанарыг алдаж, аажмаар мөхдөг.
Ингэхлээр хэлийг эрлийзжүүлэх нь ямар нэг шинэ, гурав дахь хэлийг бий болгодоггүй, харин аль нэг нь үлдэж, өөрийн дүрмийн байгууламж, толийн үндсэн санг хадгалан үлдэж, түүнд өөрийн хөгжлийн дотоод хуулиар хөгжих боломж олгодог.
Гэхдээ энэ үед ялсан хэл ялагдсан хэлний ачаар толийнхоо бүрэлдэхүүнийг нэлээд баяжуулдаг бөгөөд гэхдээ энэ нь түүнийг сулруулдаггүй, харин ч урвуугаар хүчтэй болгодог.
Жишээлбэл орос хэл гэхэд ийм байсан бөгөөд тэрээр түүхэн хөгжлийн явцад бусад хэд хэдэн ард түмний хэлтэй эрлийзжиж, чингэхдээ ямагт ялагч болон гарч байсан юм.
Энэ үед орос хэлний толийн бүрэлдэхүүн бусад хэлний толийн бүрэлдэхүүнээр баяжсан ба энэ нь түүнийг өчүүхэн ч сулруулаагүй, харин ч орос хэлийг баяжуулж, хүчтэй болгосон юм.
Орос хэлний үндэсний бие даасан байдлын хувьд гэвэл өөрийн дүрмийн байгууламж, өөрийн толийн үндсэн санг хадгалан үлдсэн учраас ямар ч хохирол хүлээгээгүй, орос хэл урагш дэвжин хөгжиж, өөрийн хөгжлийн дотоод хуулиар боловсронгуй болсоор байна.
Хэл эрлийзжүүлэх онол зөвлөлтийн хэл шинжлэлд ямар нэг ноцтой зүйл өгч чадахгүй гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Хэрэв хэл шинжлэлийн гол зорилт хэлний хөгжлийн дотоод хуулиудыг судлах явдал байдаг нь үнэн юм бол эрлийзжүүлэх онол энэ зорилтыг шийдвэрлэж чадахгүйгээр үл барам түүнийг дэвшүүлэн тавихгүй, зүгээр л үл анзаарах буюу үл ойлгож байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.


Асуулт. Хэл шинжлэлийн асуудлаар чөлөөт хэлэлцүүлэг явуулснаараа “Правда” сонин зөв зүйл хийсэн үү ?


Хариулт. Зөв зүйл хийсэн.
Хэл шинжлэлийн асуудлууд ямар чиглэлээр шийдэгдэх нь энэ хэлэлцүүлгийн төгсгөлд тодорхой болно. Гэхдээ одоо ч гэсэн энэ хэлэлцүүлэг маш их ашиг тустай гэж хэлж болно.
Юуны өмнө энэ хэлэлцүүлэг манай төвийн болон хэл шинжлэлийн байгууллагуудад шинжлэх ухаанд харш дэглэм хийгээд хүмүүс байгааг харуулав. Зөвлөлтийн хэл шинжлэл дэх ажил хэргийн байдлыг өчүүхэн төдий шүүмжлэл харуулж, тэр ч байтугай хэл шинжлэл дэх “шинэ сургааль” гэж нэрлэгдсэн хамгийн даруу шүүмжлэлийг хэл шинжлэлийн удирдах хүрээний зүгээс мөрдөн мөшгиж, хавчин хяхаж байна.


Н.Я.Маррын өв санд шүүмжлэлтэй хандсан, Н.Я. Маррын сургаалийг өчүүхэн төдийд үл дэмжвэл хэл шинжлэлийн салбар дахь үнэ цэнэтэй ажилтан, судлаачдыг албан тушаалаас нь халах буюу албан тушаал бууруулж байна. Хэл шинжлэлийн зүтгэлтнүүдийг ажил хэргийн шинж чанараар биш, харин Н.Я. Маррын сургаалийг үг дуугүй хүлээн зөвшөөрснөөр нь хариуцлагатай албан тушаалд дэвшүүлж байна.
Ямар ч шинжлэх ухаан үзэл бодлын тэмцэлгүйгээр, чөлөөт шүүмжлэлгүйгээр хөгжиж дэвждэггүй гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Гэтэл нийтээр хүлээн зөвшөөрсөн энэ дүрмийг хамгийн бүдүүлэг байдлаар үгүйсгэж, уландаа гишгэж байна. Өөрсдийгөө аливаа боломжит шүүмжлэлээс хаацайлсан, ямар ч алдаа гаргадаггүй удирдагчдын хаалттай бүлэг бий болж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна.
Нэг жишээ авъя: зохиогч өөрөө голж, дахин хэвлэхийг хориглосон “Бакугийн курс” (Н.Я.Маррын Бакуд уншсан лекцүүд) байна, гэтэл удирдагч бүлгийн (нөхөр Мещанинов тэднийг Н.Я.Маррын “шавь нар” гэж нэрлэсэн) шийдвэрээр түүнийг дахин хэвлэж, ямар ч яриагүйгээр оюутнуудын унших номын жагсаалтад оруулжээ. Энэ нь гологдсон “Курсийг” бүрэн дүүрэн сурах бичиг хэмээн өгч оюутнуудыг хууран мэхэлсэн явдал мөн. Хэрэв би нөхөр Мещанинов болон хэл шинжлэлийн бусад зүтгэлтнүүдийн үнэн ч байдалд итгэхгүй байгаа ахул иймэрхүү зан авирыг би хорлон сүйтгэхтэй тэнцэх явдал гэж нэрлэнэ.
Яагаад ийм явдал болов ? Яагаад гэвэл хэл шинжлэлд бий болгосон аракчеевын дэглэм хариуцлагагүй явдлыг өөгшүүлж, ийм дураар авирыг даврааж байна.
Энэ хэлэлцүүлэг нэн ашигтай, яагаад гэвэл юуны өмнө энэхүү аракчеевын дэглэмийн нүүр царайг илчилж, түүнийг бут ниргэсэн юм.
Гэхдээ хэлэлцүүлгийн ашиг тус үүгээр дуусахгүй. Энэ хэлэлцүүлэг зөвхөн хэл шинжлэл дэх хуучин дэглэмийг бут ниргээд зогсоогүй, харин ч шинжлэх ухааны энэ салбарын удирдах хүрээний дунд ноёлж байсан хэл шинжлэлийн хамгийн чухал асуудлуудын талаарх үзэл бодлууд санаанд багтамгүй бантан болсныг илрүүлэн гаргав. Хэлэлцүүлэг болохоос өмнө тэд дуугай байсан бөгөөд хэл шинжлэл дэх таагүй байдлын талаар таг дуугай байсан юм, тэгээд тэд хэвлэлийн хуудаснаа арга буюу гарах болов. Ингээд юу болов ? Н.Я.Маррын сургаальд үй түмэн алдаа, эндэгдэл, нарийвчлаагүй асуудал, боловсруулаагүй үндэслэл гараад ирэв. Тэгвэл яагаад Н.Я. Маррын шавь нар зөвхөн одоо, хэлэлцүүлэг эхэлсний дараа дуугарч эхлэв гэсэн асуулт гарч байна. Яагаад тэд энэ тухай өмнө нь санаа тавиагүй юм ? Яагаад тэд шинжлэх ухааны зүтгэлтнүүдэд байдаг шиг энэ талаар нээлтэй бөгөөд шударгаар ярьж болоогүй юм ?


Н.Я.Маррын “шавь нар” Н.Я.Маррын “зарим нэг” алдааг хүлээн зөвшөөрч, хэл шинжлэлийг өөрсдөө марксист гэж үздэг Н.Я.Маррынхаа “нарийвчилсан” онолын суурин дээр цааш хөгжүүлж болно гэж бодоод байх шиг. Үгүй шүү, биднийг Н.Я.Маррын “марксизмаас” холхон байлгаж үз. Н.Я.Марр үнэхээр марксист байхыг хүсч, бас хичээсэн, гэхдээ тэр марксист болж чадсангүй. Тэр ердөө л “пролеткультчууд” буюу “рапповчууд” нар шиг марксизмыг хялбаршуулагч, бүдүүлэгжүүлэгч байсан юм.
(Орчуулагчийн тайлбар: Пролетку́льт гэдэг нь пролетарийн соёл-гэгээрлийн байгууллага гэсэн үгийн товчлол бөгөөд 1917-1932 онуудад Гэгээрлийн Ардын комиссариатын дэргэд ажиллаж байжээ. Пролетарийн сайн дурын байгууллага учраас хувьсгалын дараа “тэнэгтэж” өгдөг байж. Харин “раппов” гэдэг нь пролетарийн зохиолчдын оросын холбоо гэдгийг товчлол бөгөөд ийм байгууллага хувьсгалын дараа утга зохиолын нэгдэл байдлаар ажиллаж байгаад хожим Зохиолчдын Хороонд нэгдсэн юм.)
Н.Я. Марр хэлийг давхарга шиг үзэж хэл шинжлэлд буруу, марксист бус томъёолол оруулж, үүгээрээ өөрийгөө ч, хэл шинжлэлийг ч будлиантуулсан юм. Буруу томъёоллын суурин дээр зөвлөлтийн хэл шинжлэл хөгжих боломжгүй.


Н.Я.Марр хэлний “ангич чанарын” тухай бас л буруу, марксист бус томъёоллыг хэл шинжлэлд оруулж, үүгээрээ өөрийгөө ч, хэл шинжлэлийг ч будлиантуулсан юм. Ард түмэн хийгээд тэдний хэлний түүхэн бүхий л үйл явцтай зөрчилдсөн буруу томъёоллын суурин дээр зөвлөлтийн хэл шинжлэл хөгжих боломжгүй.
Н.Я.Марраас өмнөх хэл шинжлэлд байсан бүхнийг нүцгэн, хөнгөн хийсвэрээр үгүйсгэхэд хүргэсэн марксизмд харш, даруу биш, онгиргон, их зантай өнгө аясыг Н.Я.Марр хэл шинжлэлд оруулсан юм.
Н.Я.Марр түүхэн харьцуулсан судалгааны аргыг “идеалист” гэж хашгиран гутаан доромжилж байна. Ингэж ярих юм бол түүхэн харьцуулсан судалгааны арга нь хэдийгээр ноцтой дутагдалтай ч хэдий ч Н.Я.Маррын элементийн шинжилгээний жинхнээсээ идеалист дөрвөн аргын дэргэд хамаагүй илүү юм. Түүхэн харьцуулсан судалгааны арга ажил хийх, хэл судлахад түлхдэг бол Н.Я.Маррын арга пийшин дээр хэвтэж, кофейны шаараар алдарт дөрвөн элементийг тойруулан тааж буудахад хүргэдэг юм.
Н.Я.Марр “өвөг хэлний” онолыг бий болгосон хэлний бүлгийг (бүлийг) судлах аливаа оролдлогыг их зан гарган тоомсорлохгүй байна. Үүний хамт хэлний төрөлсөл, жишээлбэл славян мэтийн үндэстэн, эдгээр үндэстний хэлний төрөлслийг судлах нь хэлний хөгжлийн зүй тогтлыг судлахад нь хэл шинжлэлд ихээхэн тустай нь ямар ч эргэлзээгүй юм. “Өвөг хэлний” онол нь энэ ажилд ямар ч хамаагүй нь ойлгомжтой.
Н.Я.Марр болон ялангуяа түүний “шавь нарыг” сонсоод байхад Н.Я.Марраас өмнө ямар ч хэл шинжлэл байгаагүй, хэл шинжлэл Н.Я.Маррын “шинэ сургааль” бий болсноор эхэлсэн гэж бодогддог юм. Маркс, Энгельс нар түүнээс хамаагүй даруу байсан, тэд өөрийн диалектик материализмыг өмнөх үеийн шинжлэх ухааны, түүний дотор гүн ухааны бүтээгдэхүүн үздэг байсан.


Ийм маягаар энэ хэлэлцүүлэг зөвлөлтийн хэл шинжлэл дэх үзэл суртлын гэм нүглийг илрүүлэн гаргасан агуулгаараа манай ажил хэрэгт тус болж байгаа юм.
Манай хэл шинжлэл Н.Я.Маррын алдаанаас аль болох хурдан ангижирвал, тэр нь хэчнээн хурдан бол одоо амсаж байгаа хямралаасаа төчнөөн хурдан гарч чадна гэж би бодож байна.
Хэл шинжлэл дэх аракчеевын дэглэмийг устгаж, Н.Я.Маррын алдаанаас татгалзаж, хэл шинжлэлд марксизмыг нэвтрүүлэх нь миний бодлоор зөвлөлтийн хэл шинжлэлийг эрүүлжүүлэх зам мөн.


Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

 Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?