sonin.mn

ТОКИО. /ITAR-TASS/. “Лалын улс” бүлэглэлд барьцаалагдсан Японы хоёр иргэний барьцааны мөнгийг өнөөдрийн 5:50-аас /орон нутгийн цагаар/ өмнө өгөх ёстой. Үүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдаан зохион байгуулсан тухай тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.

72 цагийн дотор 200 сая доллар өгөхгүй бол Японы хоёр барьцааны хүний амийг хөнөөнө гэж сүрдүүлсэн дүрс бичлэгийг “Лалын улс” бүлэглэл мягмар гарагт тараасан байна.

Токио хотын Засгийн газрын ордонд болсон зөвлөлийн хуралдаанд Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Таро Асо, Гадаад хэргийн сайд Фумио Кишида болон тусгай албаны төлөөлөгчид оролцсон байна.

Барьцаалагдсан хоёр иргэнийг суллахын тулд бид чадах бүхнээ хийж байна гэж Абэ өнөө өглөө болсон сайд нарын танхимын хуралдааны дараа мэдэгджээ. Харин Гадаад хэргийн сайд Кишида барьцааны хоёр хүний хувь заяаг шийдэх уулзалтын талаар нарийн мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Японы хоёр иргэний амийг аврах ажиллагааг зохицуулахаар Иорданы нийслэл Амман хотод ирээд буй Японы Гадаад хэргийн дэд сайд Ясухиде Накаяма "Япон улс босогчидтой тохиролцоо хийхээр төлөвлөсөн" гэж мэдэгджээ. Тэрбээр мөн “Лалын улс” бүлэглэл Японы үйлдлийг Ойрхи Дорнодод зөвөөр таниулж, барьцааны хүмүүсийг суллана гэдэгт найдаж байна" гэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: