sonin.mn

И.В.Сталины 1930 оны 3 дугаар сарын 2-нд “Правда” сонинд бичсэн “Амжилтаас толгой эргэх нь. Хамтралын хөдөлгөөний асуудалд” өгүүллийг монголчуудад толилуулж байна. Манайд эдүгээ И.В.Сталиныг “яргачин” л гэж ойлгодог болсноос гадна түүний ганц ч бүтээлийг манайхан мэдэхгүй. Сталин сайн ч бай, муу ч бай, оросын түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээж чадсан суут хүн юм. Саяхан Оросын түүхэнд ач холбогдол бүхий 100 түүхэн баримт бичгийн жагсаалт гаргахад энэ өгүүлэл орсон юм.


Манайхан түүхэн баримтыг “сайн муу”, “таалагдсан таалагдаагүй” гэж ангилдаг бол бусад улсууд “хэрэгтэй хэрэггүй”, “түүхэн үр нөлөөтэй, нөлөөгүй” гэж ангилдаг юм. Бид ч гэсэн түүх болон түүхэн баримтууддаа ингэж хандаж сурмаар байгаа юм.
Энэ өгүүлэл гарсны дараа 3 дугаар сарын 14-нд БОК(б)Н-ын ТХ-ны “Хамтралын хөдөлгөөн дэх намын чиг шугамыг гажуудуулах явдалтай тэмцэх тухай” тогтоол гарч орост гарсан “зүүний нугалааг” зассан юм. Бүх нийтээр хамтралжуулах явдлыг түр зогсоож, анхан шатны ажилтнуудыг шийтгэсэн ба ингэснээр хамтралаас нийтээрээ гарах хөдөлгөөн өрнөсөн юм. Зарим тоо баримтаар нийт тариачдын 21% л хамтралдаа үлдсэн байна. Энэ өгүүлэл гажуудлыг арилгаж, Зөвлөлтийн хамтралын байгуулалт үүсэж төлөвшихөд эерэг нөлөө үзүүлжээ.
Манайд бол “зүүний нугалаа” юунд хүргэснийг бүгд мэднэ. Ямар ч гэсэн 1932 онд “эсэргүү бослого”-д хүргэж, дараа нь “шинэ эргэлтийн бодлого” явуулсан билээ. Эндээс харахад бид оросын юм болгоныг дуурайх атлаа дандаа сүүлдэж, чингэхдээ дандаа буруу хийдэг нь илт харагддаг юм. Ямар ч гэсэн И.В.Сталины энэ өгүүлэл манай түүхийн ярвигтай хуудсуудыг шинээр ойлгож, тайлбарлахад нэн тустай гэж үзэж болно.
Дашрамд дурдахад хөдөлмөрийн хоцрогдсон хуваарийг эвдэж, шинэ дэвшилтэт зохион байгуулалт нэвтрүүлж, хөдөлмөрийн хамтын зохион байгуулалтын хэлбэрийг нэвтрүүлсэн нь онол болон практикийн хувьд маргаангүй дэвшил юм. Харин өмчийг булаасан, хүчээр хамтралжуулсан хэлбэр нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Энэ маргаан манай Монголын хоршооллын хөдөлгөөнд ихээхэн хамаарна…

АМЖИЛТААС ТОЛГОЙ ЭРГЭХ НЬ
Хамтралын хөдөлгөөний асуудалд

Хамтралын хөдөлгөөний салбарт Зөвлөлт Засгийн олсон амжилтын тухай одоо бүгдээрээ ярьж байна. Тэр ч байтугай манай дайснууд хүртэл ноцтой амжилт байгааг арга буюу хүлээн зөвшөөрч байна. Энэ амжилт бол үнэхээр агуу их юм. Энэ 2 дугаар сарын 20-нд ЗСБНХУ-ын тариачны аж ахуйн 50%-ийг хамтралжуулсан нь баримт юм. Энэ нь бид 1930 оны 2 дугаар сарын 20 гэхэд хамтралжуулах таван жилийн төлөвлөгөөг хоёр дахин илүү давуулан биелүүлсэн гэсэн хэрэг юм.
Энэ жилийн 2 дугаар сарын 28 гэхэд хамтралчид 36 сая центнер зусах тарианы үр суулгаж , өөрөөр хэлбэл төлөвлөгөөг 90% илүү биелүүлж, 220 сая пүү тариа хураан авсан нь баримт юм. Энэхүү 220 сая пүү тариаг зөвхөн хамтралын шугамаар аваагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болохгүй юм, гэхдээ талх тариа бэлтгэх төлөвлөгөөг амжилтай биелүүлсний дараа бол энэ нь асар их амжилт болно.


Энэ бүхэн юу өгүүлж байна вэ ?


Энэ бол тосгод социализм руу уг сууриараа шилжих явдал нэгэнт хангагдсан гэдгийг харуулж байна.
Эдгээр амжилт бол манай орны хувь заяанд, манай орны удирдагч хүч болсон нийт ажилчин ангид, эцэст нь манай намд өөрт нь асар их ач холбогдолтойг нотлох нь илүүц юм. Шууд практик үр дүнг ярихгүй байлаа гэхэд энэ амжилт бол манай намын дотоод амьдралд, манай намыг хүмүүжүүлэхэд асар их ач холбогдолтой. Эдгээр нь манай намыг өөдрөг цовоо байж, өөртөө итгэхэд зоригжуулж байна. Эдгээр нь манай ажилчин ангийг манай үйл хэргийн ялалтад итгэх итгэлээр зэвсэглэж байна. Эдгээр нь манай намд сая сая шинэ нөөц хүчнийг бэлтгэн өгч байна.


Эндээс олсон амжилтаа бэхжүүлэх, улмаар цааш урагш ахихийн тулд түүнийгээ төлөвлөгөөтэйгээр ашиглах гэсэн манай намын зорилт урган гарч байна.
Гэхдээ амжилт ямагт сүүдэртэй байдаг, ялангуяа тэр нь харьцангуй “амархан” олдсон, мөн “гэнэт” гэж хэлж болмоор олдсон бол ийм байдаг. Ийм амжилт нь “бид бүхнийг чадна”, “бидэнд бол хэн ч, юу ч биш” гэсэн өөрийн үнэлгээ хийгээд онгироо занг төрүүлдэг. Ийм амжилт хүмүүсийг мансууруулах нь элбэг, чингээд амжилтаасаа хүмүүсийн толгой эргэж, хэм хэмжээний мэдрэмжээ алдаж, бодит байдлыг ойлгох чадвараа алдаж, өрсөлдөгчийнхөө хүчийг дутуу үнэлдэг ба социалист байгуулалтын бүх асуудлыг “нэг далайлтаар” шийдэх гэсэн түрэмгий оролдлого хийж эхэлдэг.


Энд олсон амжилтаа бэхжүүлэх, улмаар цааш урагш ахихийн тулд түүнийгээ төлөвлөгөөтэйгээр ашиглах явдалд санаа тавих явдал үгүй болно. Олсон амжилтаа бататгахын хэрэг юу билээ, бид тэртэй тэргүй “нэг далайлтаар” социализмын бүрэн ялалтад хүрч чадна: “бид бүхнийг чадна”, “бидэнд бол хэн ч, юу ч биш”. Ажил хэрэгт аюултай бөгөөд хортой энэ үзэл бодолтой шийдвэртэй тэмцэж, тэднийг намаас хөөн зайлуулах хэрэгтэй.


Аюултай бөгөөд хортой энэ үзэл бодол манай намын эгнээнд ямар нэг хэмжээгээр өргөн тархсан гэж хэлж болохгүй юм. Гэхдээ ийм үзэл бодол манай намд байгаа, чингэхдээ тэр нь цаашдаа хүчтэй болохгүй гэж батлах үндэслэл байхгүй. Хэрэв тэд, энэхүү үзэл бодол манайд иргэний эрх олж авах юм бол хамтралын хөдөлгөөний ажил хэрэг ихээхэн суларна, энэ хөдөлгөөн тасалдах аюул бодит зүйл болно гэдэгт эргэлзэхгүй байж болно.


Эндээс энэ болон энэ мэтийн ленинч ёсны эсрэг үзэл бодлыг системтэйгээр илчлэх манай хэвлэлийн зорилт урган гарч байна. Хэдэн баримт өгүүлье.


1. Манай хамтралын бодлогын амжилтыг энэ бодлого бол хамтралын хөдөлгөөний сайн дурын үндсэн дээр болон ЗСБНХУ-ын янз бүрийн бүс нутгуудын янз бүрийн нөхцлийг харгалзсан гэдгээр тайлбарладаг. Хамтралыг хүчээр бий болгож болохгүй. Энэ бол тэнэг бөгөөд харгис явдал. Хамтралын хөдөлгөөн бол тариачны үндсэн массын идэвхтэй дэмжлэгт тулгуурлаж байх ёстой. Хөгжингүй бүс нутгийн хамтралын байгуулалтын жишээг хөгжөөгүй бүс нутагт механикаар буулгаж болохгүй. Энэ ч гэсэн тэнэг бөгөөд харгис явдал. Ийм “бодлого” бол хамтралжуулах хөдөлгөөнийг нэг цохилтоор нэр хүндгүй болгохсон билээ. Хамтралын байгуулалтын хурдац хийгээд аргыг тодорхойлохдоо ЗСБНХУ-ын янз бүрийн бүс нутгуудын янз бүрийн нөхцөл байдлыг нягт нямбай харгалзах ёстой.


Хамтралын хөдөлгөөний тэргүүнд бүх бүс нутгаас түрүүнд үр тарианы бүс нутгууд орж байна. Яагаад ? Яагаад гэвэл, нэгдүгээрт, эдгээр бүс нутгуудад тариачид нь шинэ техникийн хүч, ач холбогдолд итгэж, шинэ хамтын аж ахуйн хүч, ач холбогдолд итгэх боломжтой болсны улмаас нэгэнт бэхэжсэн хамгийн олон тооны хамтрал, нэгдлүүд байна. Яагаад гэвэл, хоёрдугаарт, эдгээр бүс нутгууд хамтралын хөдөлгөөний ажлыг хөнгөвчилсөн талх тариа бэлтгэх кампанийн үеэр нударганчуудтай тэмцэх хоёр жилийн туршлагатай байсан. Яагаад гэвэл, хамгийн эцэст эдгээр бүс нутгийг сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн төвүүдээс шилдэг боловсон хүчнүүдээр хүч нэмэгдүүлэн хангаж ирсэн юм.


Эдгээр нэн таатай нөхцлүүд манай бусад бүс нутгуудад, тухайлбал, манай умард мужууд, эсвэл бүр хоцрогдмол үндэстэн бүхий, ухаандаа Туркестан мэтийн хэрэглээний зурвасын бүс нутгуудад байгаа гэж хэлж болох уу ? Үгүй, ингэж хэлж болохгүй. ЗСБНХУ-ын янз бүрийн бүс нутгийн янз бүрийн нөхцлийг харгалзах зарчим нь сайн дурын зарчмын зэрэгцээгээр эрүүл саруул хамтралын хөдөлгөөний нэн ноцтой урьдач нөхцлийн нэг болох нь ойлгомжтой байна. Гэтэл манай ажил хэрэг заримдаа юу болж байна ? Сайн дурын зарчим, орон нутгийн онцлогийг харгалзах зарчим манай нэлээд бүс нутгуудад зөрчигдөхгүй байгаа гэж хэлж болох уу ? Үгүй, харамсалтай нь ингэж хэлж болохгүй байна.


Үр тарианы бүс нутгуудыг бодвол хамтрал яаралтай байгуулах таатай нөхцөл багатай умрын хэрэглээний зурвасын нэлээд бүс нутагт хамтралын зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хамтралын хөдөлгөөнийг түшмэл аргаар гутаах, хамтралын өсөлтийн тухай цаасан тогтоол гаргах, бодитой байхгүй хамтралуудыг цаасан дээр зохион байгуулах, чингэхдээ “оршин байгаа” тухай үй түмэн онгиргон тогтоол гаргах явдлаар сольж байна.


Эсвэл хамтрал яаралтай зохион байгуулах умрын хэрэглээний зурвасын бүс нутгуудаас ч муу нөхцөлтэй Туркестаныг аваад үзье л дээ. Туркестаны нэлээд нутагт цэргийн хүчээр сүрдүүлэх, талбайн усыг нь хаана гэж сүрдүүлэх, хамтралд орохгүй гэсэн тариачдыг бараа таваараар боох зэрэг аргаар ЗСБНХУ-ын тэргүүний бүс нутгийг “гүйцэх, гүйцэж түрүүлэх” оролдлого хийсэн байна.


Ийм унтер Пришибеевын “бодлого” хийгээд хамтралын байгуулалтад сайн дурын болон орон нутгийн онцлогийг харгалзах зарчимд тулгуурласан намын бодлогын хооронд нийтлэг юм байна уу ? Эдгээрийн хооронд ямар ч нийтлэг юм байхгүй, байж ч болохгүй нь ойлгомжтой.


(Орчуулагчийн тайлбар. Энд Сталин А.П.Чеховын ийм нэртэй өгүүллийг иш татаж байна. Энэ өгүүлэлд халагдсан унтер офицер Пришибеев үзэгдсэн харагдсан юм болгондоо оролцож, өөрийн гэсэн дэг журам тогтоох гэж бантан хутгаж явдаг. Уг нь энэ өгүүлэл одоо л монголд хэрэгтэй байгаа юм. Х.Д.Г.)


Энэ нугалаа завхрал, хамтралын хөдөлгөөнийг түшмэл зангаар гутаах, тариачдыг ингэж утгагүй сүрдүүлэх хэнд хэрэгтэй юм ? Манай дайснуудаас өөр хэнд ч хэрэггүй.
Энэ нугалаа завхрал юунд хүргэх юм ? Манай дайснуудыг хүчтэй болгож, хамтралын хөдөлгөөнийг тасалдуулахад хүргэнэ.
Өөрийгөө “зүүнтэн” гэж нэрлэдэг эдгээр нугалаа завхралыг зохиогчид үнэн хэрэг дээрээ баруун оппортунизмын гал дээр тос нэмж байна.


2. Манай намын улс төрийн стратегийн агуу их давуу талын нэг нь манай нам тухайн агшин бүрт хөдөлгөөний үндсэн гинжний цагирагийг олж аваад улмаар зорилгодоо хүрэхийн тулд түүгээрээ дамжин бүхий л гинжин хэлхээг нийтлэг нэг зорилго руу татан оруулж чаддагт оршдог юм. Манай нам хамтралын байгуулалтын системд хамтралын хөдөлгөөний үндсэн гогцоог сонгон авч чадсан гэж хэлж болох уу ? Тийм ээ, ингэж хэлж болно, ингэж хэлэх ч хэрэгтэй.
Тэгвэл энэ үндсэн гогцоо юунд орших вэ ? Газрыг хамтран боловсруулах нөхөрлөлд байгаа юм биш үү ? Үгүй, энд байхгүй. Үйлдвэрлэлийн хэрэгсэл хараахан нийгэмчлэгдээгүй байгаа газар хамтран боловсруулах нөхөрлөл бол хамтралын хөдөлгөөний нэгэнт туулсан шат юм.


Тэгвэл хөдөө аж ахуйн коммунд байгаа юу ? Үгүй, коммунд бас л байхгүй. Одоохондоо коммунууд бол хамтралын хөдөлгөөн дэх нэгж үзэгдлүүд юм. Хөдөө аж ахуйн коммуны хувьд зөвхөн үйлдвэрлэл биш, бас хуваарилалт зонхилох хэлбэр байдаг ч энэ нөхцөл хараахан бүрдээгүй байна.
Одоогийн энэ агшинд хамтралын хөдөлгөөний үндсэн гогцоо бөгөөд яг одоо барьж авах ёстой зонхилох хэлбэр нь хөдөө аж ахуйн артель мөн.
Хөдөө аж ахуйн артельд үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл, үрийн аж ахуйд бол голдуу: хөдөлмөр, газар ашиглалт, машин болон бусад хэрэгсэл, ажлын мал, аж ахуйн барилга зэргүүд нийгэмчлэгдсэн байгаа юм. Харин артель: амин зуулгын газар (жижиг ногооны газар, цэцэрлэг), орон сууц, сүүний болон бог мал, гэрийн шувууны ихэнхи хэсэг г.м-ийг нийгэмчилдэггүй.


Артель нь үр тарианы асуудлыг шийдвэрлэх хамгийн зохистой хэлбэр учраас хамтралын хөдөлгөөний үндсэн гогцоо болно.
Үр тарианы асуудал бол хөдөө аж ахуйн нийт системийн үндсэн гогцоо мөн, учир нь түүнийг шийдвэрлэхгүйгээр мал аж ахуйн (бод болон бог малын) асуудлыг ч, аж үйлдвэрт үндсэн түүхий эд өгдөг техникийн болон тусгай ургамлын асуудлыг ч шийдвэрлэх боломжгүй юм. Чухам ийм учраас л хөдөө аж ахуйн артель бол одоо үед хамтралын хөдөлгөөний систем дэх үндсэн гогцоо болж байгаа юм.
Эндээс л хамтралуудын “Үлгэрчилсэн дүрэм” гарсан бөгөөд түүний бүрэн эх өнөөдөр хэвлэгдэн гарах болно.

Эндээс манай намын болон зөвлөлтийн ажилтнуудын үүргийн нэг бол энэхүү дүрмийг тултал нь уншиж, амьдралд эцэст нь хүртэл хэрэгжүүлэх явдал юм. Өнөө цагийн намын бодлого ийм байна.
Намын энэ бодлого амьдралд нугалаа, завхралгүй хэрэгжиж байна гэж хэлж болох уу ? Үгүй, харамсалтай нь ингэж хэлж болохгүй байна. ЗСБНХУ-ын нэлээд бүс нутагт хамтралыг оршин тогтнуулахын төлөө тэмцэл хараахан дуусаагүй, артелиуд хараахан бэхжээгүй байхад артелийн хүрээнээс халин гарч, шууд хөдөө аж ахуйн коммун руу үсрэн орох гэсэн оролдлогууд гарч байна.
Артель хараахан бэхжээгүй байхад тэд орон сууц, бог мал, гэрийн шувуу зэргийг “нийгэмчилж”, чингэхдээ энэ “нийгэмчлэлээ” цаасан-хүнд суртлын номчирхолоор төрүүлж байна. Гэтэл ингэж нийгэмчлэх зайлшгүй шаардлага харсаар байтал алга байна.
Үр тарианы асуудлыг хамтралуудад нэгэнт шийдчихсэн, хамтрал бол нэгэнт туулсан шат, өнөө үеийн үндсэн зорилт бол үр тарианы асуудлыг шийдэх явдал биш, харин мал аж ахуй, шувууны аж ахуйн асуудал юм гэж бодож болох юм. Хамтралын хөдөлгөөний янз бүрийн хэлбэрүүдийг нэгэн багцад холин хутгаж толгой эргүүлсэн “ажил хийх” хэнд хэрэгтэй юм ?
Урагш пижигнэн гүйх энэ тэнэг, хортой ажил хэнд хэрэгтэй юм ? Үр тарианы асуудал шийдэгдээгүй, хамтралын артелийн хэлбэр хараахан бэхжээгүй байхад орон сууц, сүүний бүх мал, бүх бог мал, гэрийн шувууг нь “нийгэмчлэн” авчихаад тариачин-хамтралчинг уурлуулах ийм “бодлого” бол зөвхөн манай заналт дайснуудад ашигтай бөгөөд тустай гэдэг нь ойлгомжгүй байна уу ?
Ийм хөөрүү “нийгэмчлэгчдийн” нэг нь артелуудад “гурав хоногийн дотор аж ахуй тус бүрийн гэрийн шувууг толгой дараалан бүртгэх”, бүртгэл, ажиглалт хийх тусгай “дарга нарын” албан тушаал бий болгох, “артелуудын командлах өндөрлөгүүдийг эзлэн авах”, “албан тушаалаа орхилгүй социалист тулалдааныг командлах” зэрэг тушаал өгөх хүртлээ гаарч байгаа нь бүх артелийг гартаа атгах гэсэн ажил болж байна.
Энэ чинь тэгээд хамтралыг удирдах бодлого юм уу, эсвэл түүнийг задалж, гутаах бодлого юм уу ? Энд би артель зохион байгуулах ажлыг сүмийн хонх ховх татахаас эхэлж байгаа тэр “хувьсгалчдыг” яриагүй байна. Сүмийн хонх хуулах чинь ямар гээчийн хувьсгалт ёс юм !
Анги, ангийн тэмцлийг алгасах гэсэн зорилготой, манай ангийн дайснуудын гал дээр тос нэмсэн “нийгэмчлэх” гэсэн эдгээр толгой нь эргэсэн дасгалууд, өөрийнхөө толгой дээгүүр харайх гэсэн эдгээр инээд хүрэм оролдлогууд манай орчинд яаж үүсдэг вэ ? Эдгээр нь хамтралын байгуулалтын фронд дээр “хөнгөн хялбар”, “гэнэтийн” амжилт олох гэсэн манай уур амьсгал дунд л үүсч болох юм. Эдгээр нь манай намын нэг хэсгийн эгнээнд буй толгой нь эргэсэн “бид бүхнийг чадна”, “бидэнд бол хэн ч, юу ч биш” гэж үзэх болсны үр дүнд л үүсэх болно. Эдгээр нь манай зарим нөхөд амжилтаасаа толгой нь эргэж, оюун ухаан, эрүүл саруул үзэл бодлоо түр гээсний үр дүнд л үүсч болно.
Хамтралын байгуулалтын салбар дахь манай ажлын чиг шугамыг шулуутгахын тулд энэхүү үзэл бодлыг эцэс болгох ёстой.
Чухам энд намын одоогийн ээлжит зорилтуудын нэг оршино. Удирдах урлаг бол ноцтой ажил мөн. Хөдөлгөөнөөс хоцорч болохгүй, яагаад гэвэл хоцроно гэдэг бол олон түмнээс хөндийрнө гэсэн хэрэг. Гэхдээ урагшаа тасран гүйж болохгүй, тасран гүйнэ гэдэг бол олон түмнийг алдаж, тэднээс өөрийгөө тусгаарлана гэсэн хэрэг. Хөдөлгөөнийг удирдахыг хүсэж байвал сая сая олон түмэнтэй холбоо харилцаагаа хадгалахын хамт хоёр фронтод, хоцрогсдын ч эсрэг, түрүүлж гүйгсэдийн ч эсрэг тэмцэх ёстой.
Манай нам хүчтэй бөгөөд ялагдашгүй бөгөөд яагаад гэвэл хөдөлгөөнийг удирдахдаа ажилчин, тариачин сая сая олон түмэнтэй тогтоосон холбоо харилцаагаа хадгалж, үржүүлж чаддаг юм.


“Правда” 1930 оны 3 дугаар сарын 02. № 60.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?