sonin.mn

Улстөр, стратеги судлалын төв”-ийн тэргүүн, улстөр судлаач Л.Эрдэнэтуултай ярилцлаа.

-Та ойрд  хэвлэлээр  ярьсангүй. Гэхдээ улстөрийн үйл явдлуудад  дүгнэлттэй байгаа байх. Тухайлбал,  манайд аль ч улсын практикт ховор тохиолддог юм  болж,  парламентад олон суудал авсан гурван нам засагт эвсч сөрөг хүчингүй болголоо.  Дээр нь нам, бүлэглэлүүдийн хуйвалдаан газар авлаа. Энэ бүхнийг юу гэж үзэж байна?

-Нэгдүгээрт, яагаад  өмнөх Засгийн газар унаж, “Шийдлийн” гэх засгийг ийм  сонин байдалтайгаар бүрдүүлэв  гэдэг асуудал чухал. Үүнд хамгийн их нөлөөлсөн  хүчин зүйл нь АН-ын дотоод зөрчил. УИХ-д суудалтай гишүүд нь дотроо хагаралдсан, намынхаа шийдвэрийг дагаагүй. Уг нь намынх нь удирдах дээд байгууллагын шийдвэр гарчихсан байсан. Гэтэл Их хурлын гишүүд нь тэрийг биелүүлээгүйгээр АН-д олон жил ужгирсан дотоод хагарал нь засаг, төрийн хямралд хүргэлээ. Тодруулбал, АН-ын 34 суудлыг хоёр хуваалаа гэж үзэхэд  УИХ, Засгийн газраас гаргаж буй томоохон асуудалд үндсэндээ 13-15 суудалтай болчихоод байсан шүү дээ, сүүлийн үед. Гэтэл АН-аас цөөн суудал авсан МАН бодит байдалд  олонх болсон дүр зураг харагдаад байна.

Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуулийн дүн орвонгоороо эргэчихсэн. Өнгөрсөн сонгуулиар сонгогчид АН-д олонхийн саналаа өгсөн. Тэгвэл 2-3 жилийн дараагаас байдал яаж эргэв гэвэл, үнэн хэрэгтээ Монголын парламент буюу хууль тогтоох байгууллагын  эрх сөрөг хүчин байх ёстой Ардын намын  гарт орчихож байгаа юм. Үүний балаг цаашид улам их гарна. Хэрэв Ардчилсан намын УИХ дахь  34 кноп/санал/ бүхлээрээ байж чадсан бол “Шударга ёс” эвслийн 11 суудалтай нийлээд тогтвортой олонхио барих, цаашид ч  тогтвортой явах  боломжтой байсан. Нөгөө талаас Ардын нам  маш хүчтэй, нөлөө бүхий сөрөг хүчний байр суурьт үлдэж дөрвөн жил явах ёстой байтал АН дахь хагарлаас үүдэж одоогийн нөхцөл байдалд хүрлээ. АН хагарснаар ямар лай дагуулсан бэ гэвэл энэ. Яваандаа Монголд намуудын дахин хуваарилалт бий болох нөхцлийн суурийг тавилаа. Өөрөөр хэлбэл, эрт орой аль нэг нам нь олонхийн эрхийг аваагүй бол ийм байдлаар нийлэх, эвсэх үндсийг бий болголоо. Үнэнийг хэлэхэд, хүмүүс тэр бол­гон хэлэхгүй байгаа болохоос, МАХН-ын дарга Н.Энхбаярыг есөн шидээр муу хэлэхийн оронд нэг зүйлийг анзаарвал, түүний АН-ын дарга асан Н.Алтанхуягтай  байгуулсан хоёр намын хамтын ажиллагааны гэ­рээ­гээр Ардчилсан намыг ч, парламентыг ч олонх, цөөнхийн харилцааг тогт­вортой байлгахыг хичээсэн. Гэтэл бусад нам, улстөрчид тэр гэрээгээр далим хийсэн. АН дахь өрсөлдөгч фракц нь Н.Алтанхуягаа унагахад ашигласан. Түүнээс биш  нам хоорондын гэрээ маш зөв алхам.

-Ер нь аль ч нам хоорондын гэрээ улстөрд байх ёстой зөв алхам гэж үү. Эсвэл...

-МАН байна уу, АН болоод бусад намын хооронд гэрээ байгуулна уу хамаагүй, тогтвортой байдлын, удаан жилийн нам хоорондын хамтын ажиллагааны гэрээ гэдэг засаг, төрийг тогтвортой авч явах баталгаа.

-Тэгвэл аль нэг на­мын дотоод зөрчил тө­рийг хямралтай мэт хараг­дуулдаг гажуудлыг засах гарцын тухайд та юу хэлэх вэ?

-Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж үнэхээр үйлчилдэг, хуулиа хэрэгжүүлдэг бол улстөрийн нам дотроо яаж ч хямарч, бас тохирч болно. Хамгийн гол нь Монголын төр тогтвортой, ямар ч гацаа­гүйгээр ажиллаж байх ёстой. Харамсалтай нь энэ горим алдагдаад удлаа. Сүүлийн 2-3 жилд гарсан юм биш, өмнө нь ч байсан. Засах гэж олон жил оролдсон, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гэж хэсэг, бүлэг хүн сөрөг хүчний байр сууриас хандсан. Гагцхүү манайхан үүнийгээ  мартаад байдаг. Уг нь бол  Улстөрийн намын болон Сонгуулийн   тухай зэрэг холбогдох хууль тогтоомжуудаа илүү чамбайруулж, ингэхдээ дараачийн сонгууль, өөрсдөдөө болон нам­даа тохируулах бус түрүү­чийн хэлсэнчлэн яавал парламентын дотоод харьцааг хадгалж, тогтвортой байлгах вэ гэдэг тал руугаа хариуц­лагыг ногдуулж байх ёстой. Намуудын дотоод хариуцлага, ялангуяа Их хурлын гишүүдийн бүрэн эрхийн асуудал гарцаагүй хөндөгдөх учиртай. Ичих ч үгүй намын жагсаалтаар Их хуралд орж ирчихээд намынхаа шийдвэрийн эсрэг кноп дараад сууж байгаа нөхдүүд зөндөө байна шүү дээ. Учир нь хариуцлага тооцох асуудал нь орхигдсон хуулийн цоорхойг ашиглаад байна. Ядаж тэр нөхдүүддээ нам нь хариуцлага тооцдог байх ёстой. Аль ч намд ийм зүйл байгаа.

-Ийм байгаа уч­раас Монголын төр муухай харагдаж байна. Сонгогчдын саналыг ч яахав, хар машинаараа луйвардчихдаг юм байгаа биз. Гадаад ертөнц бидэнд яаж итгэх юм бэ?

-Дэлхий нийтэд доог, шоог болж байгаа нь үнэн. Монголын төр хэлсэндээ хүрч чаддаггүй. Засгийн газар нь үзэглэсэн гэрээгээ цуцладаг. Нэг сайд гарч ирэхээрээ өмнөх сайдынхаа ярьсан, хэлснийг орвонгоор нь эргүүлдэг. Төрийн залгамж чанар гэж юм байхгүй болчихсон. Ийм нөхцөлд ерөөс гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа гэж ярих хэрэг байна уу. Тухайлбал чи өөрөө  юу гэж бодож байна?

-Хөрөнгө оруулалт өөрөө итгэл дээр суурилдаг болохоор боломжгүй л дээ. Хамтрагчид хэр хэмжээгээр итгэж байна, тэр хэмжээгээр л хөрөнгө оруулалт тодорхойлогдоно.Дээр нь манайхны солигддог тэмдэг шиг  энэ байдлыг   нөгөө дэлхий нийтэд  “Эдийн засгийн алуурчид” гэж нэрлэгддэг гүрэн дамнасан пүүс, компаниуд аль хэдийнэ олзолчихсон, бид л  мэдэхгүй байгаа болохоос байдал ер нь ихээхэн  хүндэрчихсэн  байгаа байх.

-Тэгэхээр “Эдийн засгийн алуурчид”-ын  дүүрэн ашигладаг зүйл нь энэ ярилцлагын эхний асуултаас эхлээд  энэ хүртэл яриад байгаа зүйлүүд маань шүү дээ. Ер нь бол “Эдийн засгийн алуурчид” буюу улс дамжсан санхүү, бизнесийн олон улсын хэмжээний бүлэглэлүүд ямар аюултай байдаг вэ. Бид өмнө нь Африкийн жишээ энэ тэр гээд ярьдаг байсан. Гэтэл Европын төвд Украин гэдэг улсын жишээн дээр дайн дажинд ч хүргэж болдог гэдгийг хангалттай харлаа шүү дээ, дэлхий нийт. Шуналын сэдэлтэй  эрх ашиг  эдийн засгийн алуурчдын ажиллагаа бүхэл бүтэн улс орныг сүйрэлд хүргэдэгийг өнгөрсөн 100-гаад жилийн түүх, замналаараа ижил төстэй Украины жишээнээс манайхан ч харж, ойлгож авсан байх. Бид сургамж авах ёстой.

-Энэ мэтээр цааш  нь яриад байвал  олон юм байна. Бодит аюул ч зөндөө. Хэлж, шүүмжилж байгаа нь ч цөөнгүй. УИХ-ын чуулганы саях­­­ны хуралдаанд Ерөнхийлөгч үг хэлэхдээ Их хурлын гишүүд рүү нэлээд хандаж, хатуу үгсийг дайлаа. Үнэхээр зөв шүү гэж бодогдох зүйл ч байна лээ. Гэхдээ төрийн тэргүүн үг хэлээд өнгөрчихдөг, ихэнхдээ улстөрийн шоу, олныг хамруулсан хошгируулалт, уран илтгэгчийн гэнэтийн онгод байдлаар хэдэн өдөр яригдаад мартагддаг. Ийм байдлаар олон ч удаа үг хэлсэн дээ, харин саяын тэр үгэнд та ямар нэгэн дүгнэлт хийв үү, эсвэл сонсоод л өнгөрөв  үү?

-Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгийг  анхааралтай сонссон. Түүний хэлсэн үгнээс гурван зүйлийг  онцолж болно. Хувь хүн, тодруулбал улстөрийн зүтгэлтэн гэдэг утгаар тэр хүнийг мэддэг хүмүүс шоу гэж харж байж болох, уран илтгэгч ээлжит шоугаа хийж байна ч  гэх юм уу, эсвэл хошгирууллаа энэ тэр гээд өө хайя гэвэл хайж болох. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, хэрэв түүний  хэлсэн үг нь үнэн бол  үнэхээр сайхан л байна. Энэ бол миний олж харсан нэгдүгээр зүйл. Хоёрт, нэг зүйлийг хэлэхэд “Суутлын ухаа­рал” гэж  юм нэг байдаг л даа. Хэчнээн өндөр албан тушаал хашиж байна вэ, тэр хүн ямар нэгэн байдлаар өөрийнхөө хариуцлагыг ухамсарладаг, юм боддог. Тэр тусмаа Монгол Улсын төрийн тэргүүн гэдэг бол эрх мэдлээс гадна  хувь хүнийг өөрийг нь хүмүүжүүлэх ачаа, том хариуцлага байгаа юм. Энэ үзэгдэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг ч тойроогүй  гэдэг нь түүний үгнээс  харагдаж байна. Тэр  хүний нуруун дээр дотоод, гадаадад  Монгол Улсын нүүр царай, нэр хүнд үүрэгдэж байгаа шүү дээ. Тэр үүднээс хэлсэн үгийг нь эерэгээр хүлээж авмаар санагдсан шүү. Зүгээр нэг шоу биш бас чиг болоод байгаа үйл явцыг хараад тэсэлгүй дуугарлаа гэдэг шиг  үгээ хэлж зэм­лэсэн байж болно. Гу­равт, түүний үгнээс юу олж харав гэвэл хэлэх буюу  аливаа шүүмжлэл, зэмлэх, донгодох   амархан ч хэрэгжүүлэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хэлсэн, ярьсныг ажил хэрэг болгох амаргүй. Тэгэхээр энэ өнцгөөс харвал, мань хүн ихээхэн ганцаардаж байгаа  нь харагдсан.

-Ямар утгаар...

-Улстөрийн утгаар ганцаардаж  байгаа гэсэн үг л дээ.

-Тэгэхээр ямар мессеж  гэж ойлгож болох вэ?

-Намайг аль болох дэмжээч, санаа оноогоо гаргаач. Хамтарч энэ бо­ломжийг ашиглан Монгол Улсаа өөд нь татъя гэсэн санаа хэлсэн үгээс нь цухалзаж байна. Ер нь бол Ц.Элбэгдоржийн энэ удаагийн хэлсэн үгийг сайн анзаарвал  сонин санаанууд, өмнө нь мэдрэгдэж  байгаагүй  зүйлүүд цөөнгүй байна лээ. Хүмүүс уран илтгэгч гэлцдэг ч  уран илтгэгч гэдэг өөрөө тийм муу ойлголт бас биш шүү дээ. Тухайн хүний авьяасын нэг илрэл. Өөрөө ч бас оновчтой үг, томъёолол хэрэглэдэг. Жишээ нь, дотооддоо хүйтэн дайн гэж онцолсон үг нь ихээхэн анхаарал татсан. Үнэхээр Монголын улстөрийн дотоод дахь хүйтэн дайн олон жил, миний түрүүнд хэлсэн АН-д олон жил бугшсан дотоод хямралын жишээн дээр л гэхэд ямар хор хөнөөлтэй вэ гэдэг нь харагдаж байгаа. Үнэндээ АН дотоод зөрчлөөсөө болоод мөнхийн өрсөлдөгч гэдэг Ардын намд идүүлчихлээ.   Ардын нам нь  25 суудлаа цул байдлаар барьж чадсанаар эрх барьж буй Ардчилсан намаа идчихэж байгаа юм. Тэгэхээр Ц.Элбэгдорж  өөрөө АН-аас дэвшсэн Ерөнхийлөгчийн  хувьд  үүнийг олж хараад харамсч, түүгээр барахгүй дохио сэрэмжлүүлэг өгч байна гэж болохоор. Ерөн­хийдөө дотоод дахь улстөрийн хүйтэн дайн ямар эмгэнэлтэй бай­далд хүргэдэг вэ гэд­гийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлмэгдлээс  бас харж болно шүү дээ. Тухайлбал, та сэтгүүлчийн хувьд гудамжинд гараад таа­ралдсан захын хүнээс “Энхбаяр яагаад шоронд суусан бэ. Ямар гэмт хэрэг өдүүлсэн бэ” гээд асуухад  тэд танд шууд хариулах уу?

-Монголын бүх сэт­гүүлч тэр асуултад хариу эрж, сурвалжилсан байх шүү. Би ч тэдний адил. Идсэн уусан гэж байгаа хэрнээ тэр нь хэдий хэмжээний, тэрнээс болж ямар хохирол учирсан бэ гэхээр тоо баримт хэлэх хүн гардаггүй юм билээ...

-Хуульд асуудлыг авч үзэхдээ тэгж тоо чинээ авч үзэх ёстой л доо. Тэр ч үүднээсээ таван хавтаст хэрэг нээж баахан явж байгаад шүүхийн шат шатанд  нотлогдохгүй хэрэгсэхгүй болж байсан. Одоо тэр хүнийг эх оронд нь ирүүлэхгүй байхын төлөө бүгдийг хийж байна шүү дээ, улстөр дэх бүлэг, фракцууд. Энэ мэт дотоодын хүйтэн дайнаас үүдэлтэй асуудлууд яваад байх юм. Тэгэхээр энэ талаас ч бас Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч олж харж,  байр сууриа илэрхийлсэн. Түүнээс зүгээр нэг үг чулуудаагүй байх. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр   нам үл харгалзан  өөрийг нь хүрээлсэн найдвартай түншүүд хэрэгтэй болжээ гэсэн дүр зураг харагдаж байгаа юм. Тэгэхгүй бол хэдийгээр түүнд эрх мэдэл байгаа ч, өөрийн байр суурийг  хангалттай хэрэгжүүлэхэд дутмаг. Ёстой нөгөө хэлсэн үг нь ээлжит шоу болж өнгөрөөд байгаа юм. Нөгөө өнцгөөс нь  түүний үгнээс өө хайж шүүмжилье гэвэл ч зөндөө юм хэлж болно л доо. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг утгаар авч үзэж, тэр байр сууриас нь түүний үгийг авч үзэхэд одоогоор ийм л мессеж, утга санаа ойлгогдож байгааг олж харахыг хичээсэн минь энэ. Харин хувь хүний тухайд, улстөрчийнх нь хувьд хэлэх юм бол шүүмжлэлтэй асуудлууд зөндөө бий.

-Тухайлбал...

-Жишээ нь, түрүүнд хэлсэн нам доторх болоод нам хоорондын хүйтэн дайн гэдэгт оролцож байсан хүн мөн үү. Оролцох байтугай оройлон магнайлж байсан хүн мөн үү гээд асуувал тэр хүмүүсийн нэг. Гэхдээ тэр нь ийм хор аюулд хүргэнэ гэдгийг мэдэхгүй явсан байх л даа. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярын жишээн дээр ярихад, улстөрийн өрсөлдөгчөө хэлмэгдүүлж, дарж, дайснаа гэж үзэж хааснаар Монголын төлөө  хамтран зүтгэх, нэгдэж ажиллах боломжийг алдаж байна гэдэг нь харагдаж байгаа юм. Н.Алтанхуягтай үзэглэсэн хоёр намын  хамтран ажиллах гэрээний хувьд ч гэсэн яагаад эерэг гэрээ вэ гэдгийг би түрүүнд хэлсэн. Гэтэл яагаад Н.Алтанхуяг, Н.Энхбаяр гэдэг хоёр хүн гарын үсэг зурчихав гэдэг үүднээс харж, засгаа татаж унагах далим, шалтгаан болгож байгаа нь  хортой үйлдэл. Тэгэхээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг энэ мэтээр ухаж, тайлвал олон юм гарна. Товч утгаар  авч үзвэл,  эдийн засгийн байдал хүнд байгаа нь тодорхой харагдаж байгаа. Өнөөдөр ард түмний амьжиргааны төвшин ямар байгаа билээ. Өр ширэнд баригдсан хэчнээн хэцүү   байгааг Төрийн тэргүүн өөрийн амаар хэлчихлээ. Дээр нь дотоодын эв нэгдлийн асуудал. Нэг ёсондоо дотоодын хүйтэн дайнаа зогсооё гэж уриаллаа. Эцэст нь хэлэхэд, гадаад бодлогын хувьд АН-аас дэвшсэн хүний хувьд дэлхий ертөнц өөрчлөгдсөн байна гэдгийг олж харж байна. Өөрөөр хэлбэл, Америк барууны орнууд, гуравдагч хөрш  гэдэг хийсвэр яриа биш болжээ. Хөршүүдтэйгээ нягт хамтарч ажиллаж байж Монгол Улс цаашид хөгжинө гэдгийг хэлсэн нь чухал санаа. Ингэхдээ хамгийн гол мессеж нь үүлэн чөлөөний нар гэдэг шиг  олдсон энэ боломжид, тухайлбал хоёр хөршөө сайн байгаа энэхэн цаг үеийг ашиглаж, улс орондоо ашигтай юм хийе гэсэн уриалга их чухал. Уг нь энэ бол нам харгалзалгүй бүгд дэмжмээр асуудал. Зөвхөн намын сэдлээр АН-ынхандаа хандаж хэлсэн үг бол нэг хэрэг. Ажил хэрэг болох нь юу бол. Нийтлэг утгаар нам, бүлэг үл харгалзан хэлж байгаа бол, мөн үнэхээр хэлсэн нь үнэн бол, аль ч нам, улстөрийн хүчин, улстөрийн зүтгэлтэн  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжээд, хамтран ажиллах ёстой.

-Өөрөөр хэлбэл, та  улстөрд ч гэсэн хожуу ухаарал, оройтсон бороо гэдэг зүйл бишгүй  байдаг гэж хэлэх гээд байна уу?

-Би нэг жишээ хэлэх гээд байна л даа. 2004 онд шиг санагдана, тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Багабандийн бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байсан юм. Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөхөн хаврын чуулган дээр хийгүй Ерөнхийлөгч маань гэнэт Их хурлын чуулганы индэр дээр үсэрч гарч ирээд өөрийн, өрөөлгүй бүгдийг будаа болгож байсан дурсамж санаанд орж байна. Н.Багабандийн тэр үг тухайн үед таны хэлж байгаа шиг үнэхээр оройтсон бороо байсан. Яахав, найман жилийнхээ бухимдлыг тайлсан байх. Тэгэхээр Ц.Элбэгдоржийн үгийг би тийм биш байгаасай, Монголд ашиг тусаа өгөөсэй, дотоод улстөрд дохио  болоосой гэж хүсч байна. Магадгүй би өөрөө тийм байгаасай гэж хүсээд бас буруу орчуулж байж ч болох юм. Гэхдээ өөрийн олж харснаас, тийм байгаасай гэсэн өөрийн өнцгөөс ний нуугүй хуваалцахад ийм л байна.

Ч.Зотол

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин